1
Марихуанд донтох боломжтой юу?
Марихуаныг худалдан авах нь өөрөө хууль бус үйлдэл учир эрдэмтэн судлаачид марихуан болон түүний үр нөлөөг хангалттай сайн судалж чадаагүй байгаа билээ. Одоогийн байдлаар, нийт марихуан хэрэглэгчдийн 30 хувь нь марихуаны хэрэглээний эмгэг хэмээх өвчтэй. Ийм эмгэгээр өвдсөн хүн хоол унднаас гарч, нойргүйдэлд өртөж уур уцаартай болдог ба гол төлөв эдгээр шинж тэмдгүүд марихуан хэрэглэхээ больсноос 7 хоногийн дараа илэрч эхэлдэг байна. Гэхдээ энэ нь тухайн хүнийг марихуанд донтсон гэсэн үг биш юм. Донтоно гэдэг нь хар тамхины хамааралтай болохоос ч хүнд хэлбэрийн зүйл гэж ойлгож болно. Хар тамхинд донтсон хүн хар тамхины хамааралтай болдог бөгөөд хар тамхины хамааралтай болсон хүн бүрийг донтсон гэж үзэх боломжгүй. Хүмүүс бид шоколаданд ч донтох боломжтой. Ерөнхийдөө донтолт гэдгийг тухайн нэг зүйлгүйгээр тухайн хүн нэг өдрийг ч тэсч өнгөрүүлж чадахгүй болохыг хэлж байна гэж ойлгох нь зөв юм.
2
Нүдний өнгөө өөрчлөх боломжтой юу?
Та хэзээ нэгэн цагт нүднийхээ өнгийг өөрчлөх юмсан гэж хүсч байсан уу? Тэгвэл танд дуулгах таатай мэдээ байна. Гэхдээ энэ мэдээ зөвхөн бор нүдээ цэнхэр болгохыг хүсдэг хүмүүст л хамаатай юм. "Stroma Medical" компани бор өнгийн нүдийг цэнхэр болгох аргыг олжээ. Цэнхэр нүдний тухайд гэвэл дэлхийн нийт хүн амын 17% нь цэнхэр нүдтэй байдаг ба эрдэмтдийн явуулсан судалгаагаар хүмүүс цэнхэр нүдийг хамгийн их таашаадаг болох нь батлагдсан. Бор нүдэнд бор өнгийн меланиний пигмент байдаг учраас бидний нүдэнд бор болж харагддаг ажээ. "Stroma Medical" компани бор нүдэнд байгаа бор өнгийн меланиний пигментийг маш бага хэмжээний лазер ашиглан тарааж, уусгаснаар нүд цэнхэр өнгөтэй болох юм байна. Өдгөө тэдний санаа АНУ-д туршилтын шатандаа явж байгаа ба жирийн иргэд нүдний өнгөө солиулахын тулд ахин хэдэн жил шаардагдах шинжтэй байна.
3
Цусаар уйлах боломжтой юу?
Бид аймшигийн кинон дээрээс цусаар уйлж буй хүмүүсийг байнга хардаг. Тэгвэл хүмүүс бид бодит байдал дээр үнэхээр цусаар уйлах боломжтой болов уу? Хариулт нь тийм. Цусаар уйлахыг англи хэлнээ "haemolacria" хэмээн нэрлэдэг бөгөөд анх 16-р зуунд сарын тэмдэг нь ирсэн залуухан охидод ийм шинж тэмдэг илэрсэн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Тэдгээр эмэгтэйчүүд зөвхөн сарын тэмдэг ирсэн үед л цусаар уйлсан бөгөөд сарын тэмдэг дууссаны дараа цусаар уйлаагүй байна. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүний гормонд өөрчлөлт ордогтой холбоотой байж болзошгүй гэнэ. Сүүлийн хэдэн жилийн дотор АНУ-ын Теннеси мужид хэд хэдэн эмэгтэй цусаар уйлсан болохыг тэмдэглэж авчээ. Зөвхөн Теннеси мужид яагаад ийм тохиолдлууд бүртгэгдсэнийг нарийн сайн тайлбарлаж чадахгүй байгаа боловч ундны устай холбоотой байх гэсэн таамаглал түгээмэл байгаа ажээ.
4
Маш их хэмжээний ус уух боломжтой юу?
Усны тухай ярих үед хүмүүсийн ихэнх нь усанд живж осолдох эс бөгөөс маш их хэмжээний ус уух тухай боддог нь нууц биш юм. Та их хэмжээний ус ууж чадах уу гэсэн асуултыг олон хүн "Ямар балай юм асуудаг юм бэ?" хэмээн үл ойшоодог. Гэвч яг үнэндээ их хэмжээний усыг нэг дор уух нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Зуны халуун өдөр маш их хүч шаардсан хөдөлмөр хийсний дараагаар их хэмжээний ус уух нь эрүүл мэндээ эрсдэлд оруулах магадлалтай гэнэ. Хүн хөдөлмөрлөж идэвхитэй байх үедээ хөлсөө ялгаруулж биен дэх давсаа гаргадаг байна. Давсаа гаргаж байхдаа ус уусаар байвал таны биен дэх давс илүү хурдан хугацаанд таны биеэс гадагшилж үгүй болно. Ингэж электролитээ алдсанаар тухайн хүнд таталт өгч тэр бүү хэл тархи нь үхжих боломжтой байдаг учраас биеийн электролитийг тэнцвэртэй байлгахад туслах хоол хүнс, шингэн зүйлийг ууж хэрэглэх нь зүйтэй юм.
5
Хүн ой ухаанаа сайжруулах боломжтой юу?
Зарим хүн бусдын нэр ус, царай зүс, элдэв зүйлийн тоо ширхэг, заавал санаж байх ёстой тэмдэглэлт өдрөө санахаа байчихлаа хэмээн гомдоллож байхтай та өмнө нь таарч байсан байх. Тэгвэл удаан хугацааны туршид ой санамжаа сайжруулах арга байдаг юм болов уу? Судлаачдын үзэж байгаагаар хүн ой ухаанаа сайжруулах боломж бий гэнэ. Ой ухаанаа сайжруулах арга техникийг англиар "mnemonics" гэдэг ба хүн юмсыг сурахдаа олон янзын аргыг ашиглах боломжтой ажээ. Жишээлбэл, зарим хүн харсан зүйлээ сайн тогтоодог байхад зарим нь уншсан зүйлээ сайн ойлгож тогтоодог. Нэгэн судалгааны дүгнэлтийг үндэслэвэл хүний тархи идэвхитэй ажиллаж байх үедээ шинэ мэдрэлийн судлуудыг үүсгэж байдаг ажээ. Ийм учраас хүн өөрийнхөө тархийг сайн ажиллуулж шинээр мэдрэлийн судал үүсгэж байвал яваандаа ой ухаан сайжраад зогсохгүй оюуны хүч тань ч нэмэгдэх юм байна шүү.
6
Витамин С-г хэтрүүлэн хэрэглэх боломжтой юу?
Бидний ихэнх нь витамин С-г хүний биед маш хэрэгтэй хэмээн ойлгодог бөгөөд хүйтэн сэрүүний улиралд ханиад хүрэв үү үгүй юу шууд л витамин С худалдан авч уудаг. Тэгвэл эмч нарын үзэж буйгаар витамин С нь хүний биед ороод гүйцэтгэх тодорхой нэгэн үүрэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, хүний биед ороод сайн нөлөө үзүүлэхгүй бас муу нөлөө ч үзүүлэхгүй гэсэн үг. Хэрэв та витамин С-г хэтрүүлэн хэрэглэвэл таны биед бөөлжих, гүйлгэх, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, цээж хорсох, хоол шингэхээ болих зэрэг олон сөрөг шинж тэмдэг илрэх болно. Удаан хугацааны туршид хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний чулуу үүсэх өндөр магадлалтай байдаг юм байна.
7
Цэргийн албанаас зугтаах боломжтой юу?
Хэрэв танд өөр сонголт байхгүй байгаа тохиолдолд цэрэгт явах нь олон сайн талыг авчрах болно. Өндөр цалин хөлс авахаас гадна армиас халагдсаныхаа дараагаар олон янзын хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой. Нэгэнт л та армид элсэн орсон бол зугтаах боломжгүй. Армид элсэн орохоосоо өмнө цэргүүд удаан хугацааны гэрээ хийдэг. Тухайн арми нэр алдартай, том байх тусмаа илүү олон жилээр гэрээ хийнэ. Хэрэв та гэрээний хугацаа дуусаагүй байхад армиас зугтахыг оролдох юм бол шоронд орно. Таны эрүүл мэндийн байдал үнэхээр ноцтой муу байгаа тохиолдолд захирагчийн зөвшөөрлөөр армиас халагдах боломжтой байдаг.
8
Хүн өөрийнхөө хэлийг залгих боломжтой юу?
Унадаг өвчтэй хүнийг таталт өгөх үед бидний ихэнх нь яах ёстойгоо мэддэггүй. Зарим хүн хиймэл амьсгаа хийх гэж хичээдэг байхад зарим нь хэлээ залгичих вий гэж хий дэмий санаа зовж сандардаг. Хэлээ залгихаас нь сэргийлж аманд нь юм хийдэг нь байдлыг улам дордуулдаг болохыг тэд мэддэггүй юм. Таталт өгч, шалан дээр сарвалзан тийчилж буй хүний аманд юм хийх хэрэггүй гэж эмч нар зөвлөж байна. Учир нь таталт өгч байгаа хүний аманд юм хийх нь тухайн хүний амыг гэмтээж, тухайн зүйлд хахах нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол хүн өөрийнхөө хэлийг залгих боломжгүй бөгөөд эмч нарын хэлж байгаагаар таталт өгч буй хүн өөрийнхөө хэлийг хазаж чадахгүй ажээ. Хэрэв та таталт өгч буй хэн нэгнийг харах юм бол түүнийг шалан дээр хажуу талаар нь харуулан хэвтүүлээд нэн яаралтай эмнэлгийн тусламж дуудаарай.
9
102, 103 рүү мессеж бичих боломжтой юу?
Асар өндөр хурдтай харилцаа холбооны эрин үед амьдарч байгаа учраас яаралтай тусламжийн утас руу мессеж бичдэг болгож өгнө үү хэмээн сүүлийн үед олон хүн шаардах болжээ. Зарим тохиолдолд мессеж бичих нь илүү аюулгүй байж мэдэх юм. Мессежээ илгээлээ, таны мессежийг хүлээж авсан анхны хүн хурдан хугацаанд ирж таныг аварлаа. Гэхдээ харамсалтай нь яаралтай дуудлагын газар энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд ажилчидаа юун түрүүнд сургалтанд хамруулж, мессеж хүлээж авдаг шинэ дугаартай болох хэрэгтэйгээс гадна асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болох юм.
10
Алдсан нойрыг нөхөх боломжтой юу?
Орчин цагт хүн болгон л дор бүрнээ завгүй байх болжээ. Оюутнууд хичээлээ хийхийнхээ хажуугаар цагийн ажил хийж, өрх толгойлсон ээж, аавууд нэгэн зэрэг олон ажил хийж унтах ч завгүй амьдардаг болсон гэхэд хилсдэхгүй. Ажил төрлөө өөрийнхөө эрүүл мэндээс дээгүүрт тавьсан зарим хүн ажлын өдрүүдэд цөөхөн цагаар унтдаг бөгөөд бямба, ням гарагуудад нойроо нөхнө гэж боддог байна. Тэгвэл бидэнд нойроо нөхөх боломж үнэхээр байдаг юм болов уу? Харамсалтай нь, уг асуултын хариулт санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа ажээ. Хүн удаан хугацааны туршид эрүүл мэндээ хадгалья гэвэл зөв зуршилтай байх ёстой. Хүний нойрыг судалдаг эрдэмтдийн хэлж буйгаар хүн алдсан нойроо нэг удаа сайн унтаад л нөхөөд авчих боломжгүй гэнэ. Үүний оронд хүн өдөр бүр унтах цагаа бага багаар нэмэгдүүлсээр бие махбодио хэвийн байдалдаа эргэж орох үед аажмаар ахин багасгах нь хамаагүй дээр гэж зөвлөж байна.
Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол ЭНД дарж, тус мэдээллийн эхний хэсгийг уншаарай!