Шинэ жилээр дотны хүмүүстээ өгөх бэлгээ гэртээ хийж сурцгаая!

Шинэ жилийн баяраар хайртай дотны хүмүүсдээ дэлгүүрээс авсан зүйлээ бэлэглэж болно. Гэхдээ өөрийн гараар хийсэн "цорын ганц" зүйлээрээ тэднийгээ баярлуулбал хэд дахин илүү сэтгэл хөдөлгөм байх нь гарцаагүй. Ингээд төсөв мөнгө бага зарцуулах, хийхэд хялбар бас хүнд хэрэгтэй шинэ жилийн бэлгийн санаануудыг та бүхэндээ хүргэе. 

Шинэ жилээр дотны хүмүүстээ өгөх бэлгээ гэртээ хийж сурцгаая!

1 Цайны мод

Цайнд дурлагсдад нэн тохиромжтой уг бэлгийг хийхэд танд дараах зүйлс хэрэг болно. 

  • Картонон цаас
  • Дугуй картонон хайрцаг
  • Дүрдэг цайны уутнууд 
  • Буутай цавуу 
  • Од, цэцэглэсэн зангилаа гэх мэт чимэглэлүүдийг өөрийн таалалдаа нийцүүлэн сонгож болно. 

Конус болгож бэлдсэн картонон цаасан дээрээ нэг удаагийн цайны уутнуудаа цавуудаж тогтооно. Ингэхдээ гадаад үзэмжийг нь аль болох гацуурхан шиг байлгахыг хичээгээрэй. Өөр өөр өнгийн цайны уутнууд нь таны гацуурханыг гоёмсог харагдуулах болно шүү. Дугуй картонон хайрцгандаа будаа дүүргэж хийгээд таглах бөгөөд ингэснээр таны гацуурхан унахгүй сайн тогтох болно. Үүний дараа тагласан картонон хайрцган дээрээ цайны уутаар хийсэн гацуурханаа тогтоосноор таны бэлэг бэлэн болно. Гацуурханы орой дээр од тогтоож, бүхэлд нь гялалздаг саагаар чимэглээрэй.

Цайны мод

2 Хуурай үнэртэй ус

Ийм бэлгийг охидод бэлэглэвэл танд маш их талархах нь гарцаагүй. Үнэртэй усаа хийхийн өмнө бэлэг авах хүнийхээ ямар үнэрт дуртайг нь мэдэх хэрэгтэйг бүү мартаарай. Хэрэв тухайн хүн цитрусын буюу хурц үнэрийг таалдаг бол нимбэг юмуу жүржийг сонговол тохиромжтой. Танд зандан мод, гуш модны тос, сарнай цэцэг юмуу ванилин байгаа бол нэмж, илүү сайхан үнэр бий болгоорой.

Орц: 

  • Тал аяга бүйлсийн самрын тос
  • Тал аяга усан үзмийн тос
  • Зөгийн лав 100 гр
  • 1 цайны халбага Витамин Е 
  • Нимбэгний тос 60 дусал 
  • Лаванда цэцгийн тос 20 дусал 

Бүйлсийн самрын тос, усан үзмийн тосоо зөгийн лавтайгаа холиод халаана. Орцуудыг сайн ууссаны дараа үл ялиг хөргөөд Витамин Е болон бусад орцоо нэмнэ. Сүүлд нь уруулын будаг юмуу аль эсвэл вазелины саванд хийгээд хэвэнд оруулна. Зөгийн лав хатуурсан байвал хэрэглэхэд бэлэн гэсэн үг юм. Одоо гоёмсог цаасан уутаар хөөрхөн боогоод бэлэн болох аж. 

Хуурай үнэртэй ус

3 Оймс ашиглаж хуруугүй бээлий хийгээрэй

Өөрийнхөө өмсдөггүй дулаахан оймсоо ашиглаж хуруугүй бээлий хийж болно. Ингэхийн тулд танд ердөө хос оймс, утас зүү хэрэг болно. 

Оймс ашиглаж хуруугүй бээлий хийгээрэй

Хийх арга

Дээрх зурагт үзүүлсэний дагуу хайчилж дараа нь ирмэгийг нь дагуулан оёоход л хуруугүй бээлий бэлэн болно. Зааврын дагуу оёсоны дараа "Шинэ оны мэнд хүргэе" гэсэн үгсийг хатгаж урлаж өгвөл баярын уур амьсгалыг илүү мэдрүүлэх аж.

Хийх арга

4 Бат бөх уяагаар хийсэн бугуйвч

Энэхүү уяаг шүхэрчид ашигладаг бөгөөд туйлын бат бөх чанартай эд юм. Та тус уяаг ашиглаж хайртай залуудаа, ахдаа загварлаг бугуйвч хийж өгөөрэй. 

Танд хэрэг болох зүйлс: 

  • Саарал өнгөтэй бат бөх уяа 1,5 м
  • Хар өнгөөс нь 0,75 см
  • Хайч
  • Шугам
  • Утас зүү

Дашрамд дурьдахад энэхүү бат бөх уягаар дан ганц бугуйвч хийгээд зогсохгүй, түлхүүрийн оосор, хутганы оосор, жолооны хүрд зэргийг хийж болох юм. 

Бат бөх уяагаар хийсэн бугуйвч

5 Сэнжтэй аяга

Сэнжтэй аяганд та зөвхөн шингэн зүйл хийж ууж болно гэж бодож байгаа бол тийм биш гэнэ шүү. Аяганыхаа гадна талд халуун дулаан үгс бичээд сэтгэлээ илэрхийлж бас болох ажээ. 

Хэрэг болох зүйлс:

  • Шаазан сэнжтэй аяга 
  • Саарал будаг 
  • Хуулж болдог скоч
  • Багс 

Сэнжтэй аягаар уухад уруул хүрэхээргүй хэсгийг сонгон аваад будах хэрэгтэй. Будаг түрхэхгүй хэсэгтээ хуулж болдог скочоо нааж, илүүдэл будаг болохоос сэргийлнэ. Будгаа зузаан давхарлан будчихаад агаарын солилцоо сайтай өрөөнд 24 цаг байлгаарай. 

Сэнжтэй аяга

Будаг хатсаны дараа урьдчилан халаасан цахилгаан зууханд хийж 150 хэмд хатаах ёстой. 30 минут болсоны дараа гаргаж ирээд хөргөнө. Ингээд л зураг болон бичсэн зүйлс тань арилахааргүй сайн чанартай болох аж.

6 Халуун шоколад

Та хэн нэгэнд бэлэг өгөхдөө материаллаг зүйлээс илүүтэйгээр сэтгэгдэл үлдээхийг хичээдэг бол энэхүү бэлгийн санаа яг л танд тохирох болно. Юуны өмнө гоёмсог шилэн сав сонгож, савныхаа гуравны нэгт нь халуун шоколад юмуу эсвэл какаогоо хийнэ. Ингээд үлдсэн зайг нь бидний амтархан идэх дуртай хөөсөн чихэр /marshmallow/-ээр дүүргэх юм. 

Халуун шоколад

Гадна талыг нь та өөрийнхөө хүсч байгаагаараа чимэглэх боломжтой. Тагных нь дор үзэмжтэй даавуу тавьж, таган дээр нь таяган чихрээр хайр дурлалыг бэлгэдсэн бундан хэлбэрийг ч үүсгэж болно шүү дээ. Шилнийхээ хажуу талд нь цаас наагаад сэтгэлийнхээ үгийг бичихэд тохиромжтой.

7 Бичигтэй лаа

Лаа нь шинэ жилийн уламжлалт бэлгүүдийн нэг билээ. Хэрэв та дэлгүүрээс жирийн нэг лааг худалдаж аваад түүнийхээ нэрийг юмуу эсвэл хайрын үгсээ бичиж "онцгой" түүндээ бэлэглээрэй.

Танд дараах зүйлс хэрэгтэй: 

  • 5-7 см диаметртэй цагаан өнгийн лаа
  • А4 хэмжээтэй цаас
  • Пергамент цаас
  • Хайч
  • Цавуу
  • Үс хатаагч 

Пергамент цаасаа А4 хэмжээтэй цааснаасаа 2 см өргөн байхуйцаар хайчилна. А4 цаасныхаа ирмэгүүдэд пергамент цаасаа нааж өгнө. Ингээд цаасаа гялгар талаар нь принтер машин руугаа хийж өгөх бөгөөд лаан дээрээ наахыг хүссэн үг, зургаа хэвлэж гаргана. 

Бичигтэй лаа

Таны зураг, үг пергамент цаасан дээр гарч ирэх болно. Одоо харин гарч ирсэн зураг, үгээ ахин пергамент цаасаар нэг удаа давхарлаад лаан дээрээ нааж, дараа нь халуун агаараар үлээлгээрэй. Хэрэв зураг тодорсон бол энэ нь лаан дээр зураг гарсаныг илтгэж байгаа юм. Пергамент цаасаа лаанаасаа болгоомжтой салгаж аваад лаагаа хөргөснөөр, таны гоёмсог бэлэг бэлэн болно. 

8 Гоо сайхны хэрэгслийн цүнх

Энэхүү гоо сайхны цүнхний цахилгаан бүр нь онгойх учраас хүссэн зүйлээ ядах юмгүй олох болно. 

Танд: 

  • 15-20 см урттай цахилгаан 10 ширхэг 
  • Сүлбээрэн зүү 
  • Зүү юмуу оёдлын машин 
  • Утас хэрэг болно. 

Цахилгаан цүнхийг хийхдээ доороос нь эхлэн нэг нэгээр нь оёж өгнө. Ингэхдээ сүлбээрэн зүүг ашиглах хэрэгтэй.

Гоо сайхны хэрэгслийн цүнх

9 Tablet-ийн гэр

Танд дараах зүйлс хэрэг болох болно. Эдгээр нь: 

  • Яг таарах хэмжээний эсгий 
  • Товч 2 ширхэг 
  • Оёдлын соронз 
  • Сүлбээрэн зүү 
  • Эсгийтэй зохицох өнгийн утас 
  • Зүү 
  • Хайч 

Доод хэсэг нь дээд хэсгээсээ урт байхуйцаар эсгийгээ эвхэж тавина. Ирмэгүүдийг нь оёод гадагш нь эргүүлнэ. Онгойлгодог хэсгийг нь  хагас дугуй хэлбэрт оруулан хайчлана. Ингээд гол хэсэгт нь товчнуудаа хадаж өгнө. Товчныхоо доод хэсэгт гогцоо гаргана.

Tablet-ийн гэр

Ингээд эцэст нь гэрнийхээ баруун болон зүүн талд нь оёдлын соронзоо тогтоож өгснөөр бэлэг маань бэлэн болно. 

10 Чихэртэй чарга

Энэ бэлэг нь дан ганц хүүхэд гэлтгүй амттанд дуртай том хүмүүст ч таалагдах болно гэдэгт итгэлтэй байна. 

Танд ердөө 

  • Буутай цавуу 
  • Тууз болон бусад чимэглэлийн зүйлс
  • Таяган чихэр, шоколад болон бусад амттангууд л хэрэг болно.

Та энэхүү бэлгээр хайртай дотны хүнээ баярлуулахаар шийдсэн бол доорх бичлэгийг үзэж сонирхоно уу.

Чихэртэй чарга

11 "Rudolf&Co"

Рудолф бол Санта Клаусын бугануудын нэг бөгөөд өөрийнхөө улаан хамраараа алдартай билээ. Энэ бэлгийг та өөрийнхөө дотны найздаа бэлэглэвэл баярлах нь дамжиггүй юм. 

Танд хэрэг болох зүйлс:

  • Бор өнгийн ундаа юмуу пивоны шилнүүд
  • Чимэглэлийн төмөр утас
  • Тоглоомон нүд
  • Улаан өнгийн сэгсгэр бөмбөлөг
  • Тууз болон цэцэглэсэн зангилаа 
  • Хайрцаг 
  • Супер цавуу байхад л хангалттай. 

"Rudolf&Co"

Шилэн дээрх шошгонуудыг авч цэвэрлэнэ. Чимэглэлийн төмөр утсаа ашиглан бугынхаа эврийг хийнэ.

Эврээ шилнийхээ ард цавуугаар тогтоож өгөх бөгөөд урд талд нь нүд, хамрыг нь тогтооно. Цавуудсан туузаа шилнийхээ хүзүүнд зүүж өгснөөр унахгүй болно. Бэлэн болсон бугаа хайрцгандаа хийгээд найзынх руугаа "Марш"! 

12 Гал тогооны бээлий

Энэ нь хоол хийх дуртай, гал тогоондоо олон цагийг өнгөрүүлдэг хүмүүст таалагдах бэлгийн нэг болж чадах юм. 

Танд хэрэг болох зүйлс: 

  • Шинэ жилийн хээтэй даавуу 
  • Дотрыг нь хийх даавуу 
  • Зүү
  • Утас
  • Хайч хэрэгтэй. 

Хэрэв та оёдлын машинтай бол ийм бээлийг хэдхэн минутын дотор л хийх болно. Доорх бичлэгийг дагаж хийгээрэй. Бээлийндээ та шанага, халбага гээд жижиг сажиг зүйлсээ хийгээд гал тогоондоо өлгөсөн ч болно шүү дээ. 

Гал тогооны бээлий

13 Цасан ширхэгтэй шилэн аяга

Хиймэл цасан ширхэг, жижгэрүүлсэн амьтад, элдэв дүрс бүхий сувинерүүд хаа сайгүй байдаг шүү дээ. Тэгвэл цөмөөрөө виноны шилэн аяган дахь сувинерийг өнөөдөр хийж сурцгаая. 

Танд хэрэг болох зүйлс: 

  • Тунгалаг шилэн аяга
  • Картонон цаас 
  • Шилэн аяганд багтах тоглоом, эд зүйлс 
  • Хиймэл цасан ширхэг 
  • Цэцэглэсэн чимэглэл болон бусад зүйлс
  • Цавуу

Шилэн аяганд яг таарах хэмжээний картонон цаасыг хайчилж авна. Хайчилж авсан картонон цаасан дээрээ Шинэ жилийн гацуур мод, буга гээд өөрийн хүссэн тоглоом, зүйлсээ байрлуулаад дараагаар нь хиймэл цасан ширхгээ асгана.

Цасан ширхэгтэй шилэн аяга

Эцэст нь цавуугаа ашиглан картонон цаас болон шилэн аягаа хооронд нь тогтоон нааж өгсөнөөр таны бэлэг бэлэн болох юм.

14 Дулаахан нэхмэл эдлэл

Сүүлийн үед дулаахан нэхмэл эдлэл хүч түрэн орж ирсэн ч дэлгүүрээс авах гэхээр багагүй үнэтэй байгаа билээ. Тэрний оронд өөрийн гараараа нэхэж өгвөл эдийн засагт хэмнэлттэй дээрээс нь бас загвар хийцийн хувьд ердөө цор ганц байх болно. Ямар ч зүү, утас хэрэггүй зүгээр л таны гар л байхад хангалттай гэхээр сонирхолтой санагдаж байгаа биз? Доорх бичлэгийг үзээд дагаж нэхээрэй.

Дулаахан нэхмэл эдлэл

15 Гэр бүлийн зурагтай лааны тавиур

Өнгөрч буй жилд болсон хамгийн сайхан дурсамжтай мөчүүдээ хэвлэн гаргаад тунгалаг шилэн саванд хийгээд л гүйцээ. 

Гэр бүлийн зурагтай лааны тавиур

Хэвлэж гаргасан зургаа шилэн савандаа таарах хэмжээгээр хайчлаад хоёр талдаа цавуутай скочоор цэвэрхэн тогтооно. Хүссэн үедээ лаагаа дотор нь хийгээд асаах боломжтой бөгөөд лааны анхилам үнэрийг мэдрэнгээ гайхалтай мөчөө эргэн дурсаж бие сэтгэлээ ариусгаарай. 

16 Скраб

Өвлийн улиралд хүмүүсийн арьс хогжруутах гээд байдаг талтай. Тэгвэл бидний санал болгох гэж буй скрабыг ашиглаж энэхүү асуудлаа шийдвэрлэж болох юм шүү. 

Танд хэрэг болох зүйлс: 

  • Элсэн сахар 2,5 аяга 
  • Наргил модны тос 50гр
  • Нимбэг 1 ширхэг 

 

Элсэн чихрээ наргил модны тостойгоо холиод цахилгаан зууханд хэдэн минут байлгана. Дараа нь нимбэгээ хальсалж дээрээс нь сайтар шахаж өгнө. Үүнийхээ дараа жигд хутган савандаа хийнэ. 

Скраб

Аль болох үзэмж, хийц сайтай саванд хийж шошго наахыг хичээгээрэй. Наргил модны тос арьсыг чийгшүүлж, сахар үхэжсэн эд эсийг гуужуулах бол нимбэг таны арьсанд сайхан үнэрийг бэлэглэх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()