Монголын гарааны бизнесүүд экспортын зах зээлд бэлтгэгдэж байна

Монгол Улсад гарааны бизнесийн экосистемыг бүрэлдүүлэх чиглэлд зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Startup Mongolia ТББ-аас гарааны бизнесийн анхны үзэсгэлэн худалдааг 12 сарын 08-10, 16, 17-ны амралтын өдрүүдээр Workcentral Mongolia хамтын оффисын үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах гэж байна.

Монголын гарааны бизнесүүд экспортын зах зээлд бэлтгэгдэж байна

Шинэ жил, Зул сарын баярыг тохиолдуулсан үзэсгэлэн худалдаанд Монгол ТВ-с үзүүлж буй Shark Tank нэвтрүүлгээр олны танил болоод буй Жасу эсгий урлал, Гилгэрэм саван, Highgarden цай тэргүүтэй нийт 30 орчим гарааны бизнес, гар урлал, урлаг бүтээгчид оролцоно.  Энэ үеэр байгууллага хамт олон, хувь хүмүүс  шинэ жилийн бэлгээ гарааны бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүнээр сонгож, олон шинэлэг сургалт өдөрлөгт оролцох боломжтой юм.

Сүүлийн жилүүдэд залуучууд Монгол түүхий эд, өв уламжлал, нуугдмал боломжуудыг ашиглан орчин үеийн шинэлэг өнгө агуулга, бүтээлч санаа, шийдэлтэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх соёл түгээмэл болж байгаа төдийгүй гарааны бизнес эрхлэгчид дунд олон улсын зах зээлд гарч худалдаагаа тэлэх, эх орондоо томоохон хөрөнгийн урсгалыг татах хүсэл тэмүүлэл нэмэгдсээр байна. 

Иймд Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас гарааны бизнесүүдэд олон улсад худалдаа эрхлэх, экспортын үйл ажиллагаа эхлүүлэхэд нь бодит дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, гарааны бизнесүүдийн  үзэсгэлэн худалдааг дэмжин ажиллахаар боллоо.  Үүнтэй холбоотойгоор бид нэгдсэн үзэсгэлэн худалдааны үеэр гарааны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүсгэн байгуулагчдыг дэмжих нэг цэгийн үйлчилгээ хүргэх зорилготой Startupbase.mn вэбсайтыг нээж, үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулах үйл ажиллагаа явагдана. 

Эхний ээлжид бид үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцох гарааны бизнесүүдэд мэдээлэл хүргэх, экспортын бүтээгдэхүүн, бүтээлийн тухай нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, цаашлаад олон улсад суугаа элчин сайдын яамдаараа дамжуулан 40 гаруй улс орнуудад экспортод бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг танилцуулах арга хэмжээ, өргөтгөсөн үзэсгэлэн зохион байгуулж ажиллах юм.

Сүүлийн жилүүдэд Startup Mongolia ТББ-аас нийт 400 гаруй арга хэмжээ, сургалтууд зохион байгуулж, 200 орчим гарааны бизнесийн төслийг дэмжиж ажилласан байдаг бөгөөд эдгээрт нийт 61 мянга гаруй бизнес санаа тээгч залуус хамрагджээ. Энэ бүхнээс харилцан хамааралтайгаар Монгол улсын хэмжээнд жилд 1 тэрбум төгрөг давсан борлуулалтын орлоготой гарааны бизнесүүд олноор төрөн гарч, гарааны бизнесийн хамтын оффисууд байгуулагдаж,  хувийн болон хөрөнгийн нэгдэл бүхий хөрөнгө оруулалтын сангууд ч байгуулагдаж эхлээд байна.

Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг дараах холбоосоор дамжиж авна уу.

https://www.facebook.com/events/625219271201287 
https://www.facebook.com/events/2000417156910236/ 

Монголын нийт иргэд, албан байгууллагуудыг шинэ залуу үеийн брэнд бүтээгчдээ дэмжихийг уриалж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.