1
Ричард Гир (Richard Gere) - Хятад
Холливудын оддын дотроос Ричард Гир л хэдэн арван жилийн турш Төвдийг чөлөөлөх хөдөлгөөнийг ил цагаанаар дэмжиж ирсэн гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэрбээр Төвдийг Хятадаас салан тусгаарлаж, тусгаар тогтносон улс болгохыг шаарддаг хүмүүсийн нэг юм. 1993 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр Гирийн хэлсэн хачин жигтэй үг нь хожмоо хариулт авахаасаа илүүтэйгээр хүмүүсийн инээдийг хүргэсэн билээ. Мөн тэрээр 1997 онд Лос Анжелест зураг авалтыг нь хийсэн “Улаан булан” онц сонирхолтой киногоороо хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж буй Америк залуугийн дүрийг бүтээсэн байдаг. Гир Төвдийн эрх чөлөөний сан ажиллуулдаг бөгөөд 2008 оны Бээжингийн Олимпийг тоохгүй байхыг хүртэл олон нийтэд уриалж байлаа. Эдгээр шалтгаануудын улмаас түүнийг Хятадын нутаг дэвсгэр лүү нэвтрэх эрхийг бүх насаар нь хаасан байдаг аж. Жүжигчин эр энэхүү “хориг”-ийг өөрийнхөө сангийн үйл ажиллагаанд эерэгээр ашигладагаас гадна Хятадуудыг ямар муухай хүмүүс болохыг харуулдаг байна. Хятадын зах зээл дээр түүний тоглосон киног гаргах нь ярвигтай учраас Гирийг кинондоо урьж тоглуулах найруулагч байхгүй болсон гэж Гир өөрөө тайлбарладаг билээ.
2
Бейонсе (Beyoncé) - Малайз
Попын хатан хаан Бейонсе дэлхийг байлдан дагуулдаг хэдий ч түүнд дургүй улс үндэстэн гэж бас байна. Дэлхий дээрх хамгийн төгс бие галбирыг гайхуулан, өөрийхөө гайхалтай үзүүлбэрээр олны мэлмийг баясгадаг тэрээр нэр алдрын оргилд хэдийн гарч чадсан. Дуулж бүжиглэхийг ёстой утгаар нь үзүүлдэг тэрээр шүтэн бишрэгчдээ алмайруулахаасаа огт ичдэггүй нэгэн. Дэлхийн ихэнх улс орнууд, Хятад болон Ойрхи Дорнодынхон ч түүний нэр хүндийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тоглолтууд нь жуулчдын анхаарлыг хэр их татдагийг сайн мэддэг. Харин Малайз улс түүнийг “урьдаггүй” ганц улс нь ажээ. 2007 онд Малайзчууд өөрсдийнх нь үндсэн хуулийн дагуу эмэгтэй дуучид, бүжигчид цөм мөрнөөсөө өвдөг хүртэлх биеийн хэсгүүдээ нилэнхүйд нь хаасан байх ёстой гэдгийг мэдэгджээ. Түүний бүх хувцасны 99% нь уг хуулинд нийцэхгүй байсан учраас дуучин бүсгүй маань тоглолтоо цуцлахаас өөр аргагүйд хүрсэн төдийгүй цаашдаа дуучин бүсгүйг Малайз улсад нэвтрэхийг хориглосон байна.
3
"The Rolling Stones" хамтлаг: Япон болон Куб
Хэдийгээр тэд одоо хөгширсөн ч бидний сэтгэлд үргэлж л өнөөх “бут авдаг” гайхалтай эрч хүчтэй хамтлаг хэвээрээ байгаа билээ. Тэдний амжилтын ид оргил үед ямар ч дуучин, хамтлаг тэдний зэрэгт хүрч байгаагүй бөгөөд тэд “хар тамхи, согтууруулах ундаа” их хэмжээгээр хэрэглэдэг гэдгээрээ ч алдаршиж байсан билээ. 1973 онд тэд Номхон далайн орнуудаар тоглолттой явж байсан ба Японыг “доргиох”-од бэлэн байв. Гэвч Мик Жаггер хар тамхи хэрэглэсний улмаас хэд хэдэн удаа баривчлагдаж, Япончуудын дургүйг хүргэж ахин хилээр нь нэвтрэх эрхгүй болжээ. Зөвхөн Япончуудаар ч зогсохгүй Фидел Кастро ч бас тэдэнд “дургүй” гэдгээ харуулаад амжив. Кастро тэднийг эх оронд нь тоглолт хийж болохгүй гэсэн шийдвэр гаргаад зогссонгүй тэдний дууны аяыг тоглосон хэн ч байлаа гэсэн хүнд ял хийсэнд тооцно хэмээн мэдэгджээ. Энэ хатуу шийдвэр Кастрог насан эцэс болтол хүчинтэй байсан ба 2016 оноос хойш тус хамтлагийнхан Кубийн Гаванагийн уугуул иргэдэд үнэ төлбөргүй тоглолт хийсэн билээ.
4
Сача Барон Кохен (Sacha Baron Cohen) - Казакстан
Английн хошин шогийн жүжигчин Сачаг нэг бус удаа гадаадын орон руу нэвтрэхийг нь хориглож байжээ. Тэрбээр 2014 онд “Дарангуйлагч” кинонд дүр бүтээсэн ба Академийн Шагнал гардуулах ёслолд оролцох гэсэн боловч Академийнхан түүнд зөвшөөрөл олгоогүй юм. Үүнээс гадна “Бруно” кинонд тоглосныхоо төлөө MTV-тэй муудалцаж, VMA-гийхантай зодолдоод авчээ. 2006 онд жүжигчин эр Казакстаны жижигхэн тосгоны залуугийн амьдралыг харуулсан “Борат” хэмээх киногоороо алдаршсан билээ. Уг кино нь Казакстан улсыг 12 настай охид нь насанд хүрсэн залуутай гэрлэдэг, ядуурал, гаж сэтгэлгээнд живсэн, хоцрогдсон улс мэтээр харуулсан байв. Казакстан улс уг киног нээлтээ хийсний дараахан жүжигчин Кохенийг улсдаа нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэр бүү хэл Кохений эсрэг бүр зарга үүсгэсэн байдаг. Гэхдээ уг кино дэлгэцэнд гарсаны ачаар тус улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн нь Казакстанчуудын хувьд сайн зүйл болсон нь дамжиггүй биз ээ.
5
"Snoop Dogg" - Норвеги
Реппер эр нь өөрийн давтагдашгүй хэв маяг, хит дуунууд, хар тамхины асар их хэрэглээгээрээ алдартай нэгэн. "Snoop Dogg" өнгөрсөнд байсан өөрийн алдаа дутагдлуудынхаа ихэнхийг зассан хэдий ч өнөөг хүртэл хар тамхинаас татгалзаж чадахгүй байгаа юм. Хэдэн удаа хар тамхи хэрэглэсний улмаас баривчлагдаж, хэдэн удаа согтуугаар жолоо барьсаныг нь тоолоод ч баршгүй бөгөөд түүнийг шүүх хурлаас өмнө эх орноо орхин явах магадлалтай хүний тоонд оруулж паспортыг нь хураадаг байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг Англи, Австрали, Недерланд мөн түүнчлэн Ойрхи Дорнодын зарим улсад нэвтрэх эрхгүй болгож байлаа. Snoop Английн нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрийг хэмх цохиж эвдэлсэн учраас “хар тамга” даруулсан байдаг. Он цаг өнгөрөхийн хэрээр түүнд хатуу хандсан улс орнуудын тоо цөөрч тэрбээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй болов. Гэхдээ хар тамхинд хэзээд “үгүй” гэж хэлдэг Норвеги улс л түүнд энэ боломжийг олгохгүй хэвээр байгаа билээ. Ингээд реппер залуу маана Норвеги улсыг өөрийн нүдээр бус зөвхөн зурагтаар л үзэхээс өөр аргагүй болж дээ.
6
Кети Перри (Katy Perry) - Хятад
Хятад улс өөрийнх нь хатуу чанд дүрэм журмыг сахихгүй байгаа ямар ч алдартаныг “хар жагсаалт”-даа оруулчихдаг хатуу дүрэмтэй. Та Кетиг хэт илэн далангүй стильтэй, лесби, гомо, бисексуал, трансжендерүүдийг дэмждэг, задгай хувцасласан учраас энэ жагсаалтанд орсон байх гэж таамаглаж байгаа бол тийм биш юм. 2015 онд Кети Тайванд шоу тоглолт хийсэн бөгөөд фенүүдтэйгээ зураг авахуулахдаа Тайваны тугийг намируулж байгаад авахуулсан төдийгүй Тайваны эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон наран цэцэг бүхий даашинз өмссөн ажээ. Тиймээс Хятад улс түүнийг нэвтрэхийг хориглож, "Victoria Secret 2017 fashion show" дээр дуулах боломжийг нь үгүй хийсэн байна. Хятадуудын хориглосон алдартнуудын жагсаалт ингээд дууссангүй Жижи Хадид болон бусад загвар өмсөгчдийг ч мөн багтаажээ.
7
"50 Cent" - Канад
Бид бүгд л Канадчуудыг элэгсэг дотно зантай, зочломтгой үндэстэн гэж мэддэг шүү дээ. Ямар төрлийн хүнийг энэ улсад нэвтрэхийг нь хориглодог юм бол? Канадууд "50 Cent"-ийг өөрийнх нь улсын радио сувгаар дуугаа нэвтрүүлж, үдэшлэг, шагнал гардуулах ёслолд оролцохыг нь ч хориглосон байна. 2005 онд түүнд Канадад ирж тоглолт хийх юмуу, медиа аялал хийхийг нь хориглосон гэдгийг мэдэгдэж байжээ. Шалтгаан нь гэвэл хүчингийн хэрэг хийхийг завдсан, хар тамхи хэрэглэсэн зэрэгтэй холбоотой аж. Мөн тэдэнд дуучны бууг ашиглаж хүчирхийлэлийг сурталчилж буй клип огт таалагдаагүй юм.
8
Крис Браун (Chris Brown) - Англи болон Австрали
Олон хүмүүс Крис Брауныг шоронд байх ёстой гэж үздэг. Өөрийн гайхалтай авьяас чадвараараа ялгаран гарч ирсэн түүний фенүүд өдгөө ч бий билээ. 2009 онд тэрбээр өөрийн найз охин Рианнагаа харгисаар зодож өөрийн нэр төрийг толботуулсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Рианнагийн зодуулсан төрхийг харсан хүмүүс түүнийг боксын тэмцээнд орсон юм болов уу хэмээн гайхаж ихэд айж цочирдсон. Брауныг олон нийт эрс эсэргүүцэж, түүнийг адлаж байсан ч, дуучин залуу маань өөрийн хит цомогтойгоо эргэн ирсэн билээ. Хийсэн харгис үйлдлээс нь болж түүнийг зарим улс орнууд өөрийн хилээрээ нэвтрүүлэхгүй болжээ. 2010 онд тэрбээр дэлхий тойрсон аялан тоглолтоо хийж, Англи улсад өөрийн тоглолтоо хийх гэж байхад нь Англичууд түүнийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж хилээр нэвтрэх эрхийг нь хүчингүй болгов. Мөн 2015 онд Австрали гэр бүлийн хүчирхийллийн эсрэг компанит ажлыг идэвхитэй явуулж байхдаа Брауныг зар сурталчилгааны аялал хийхээр ирж байгаа гэдгийг мэдээд түүнд нутагтаа “хөл тавих” зөвшөөрлийг олгоогүй юм.
9
Селена Гомез (Selena Gomez) - Орос болон Хятад
Диснейн од Селена Гомез өөрийн гайхалтай эрч хүч, ер бусын өвөрмөц хоолойгоороо гарч ирсэн авьяаслаг уран бүтээлч билээ. Өсч том болохын хэрээр Селена халуухан стильтэй болсоор байгааг хэн бүхэн мэдэх биз ээ. 2016 онд тэрээр Москвад тоглолтоо хийх гэж очоод зүгээр л “виз”-ээ хүчингүй болгуулаад буцаж иржээ. Интернэтээр түүнд илгээсэн хүсэлтийн дагуу Гомез ижил хүйстэн, бисексуал болон трансжендер хүмүүсийг эсэргүүцсэн Оросын хуулийн тухай ам нээх ёстой болсон юм. Гомезийг буруу зүйл хийснээ ойлгож ч амжаагүй байж байтал Оросууд дуучин бүсгүйг хилээрээ оруулахгүй хэмээн шийдчихсэн байжээ. Үүнээс хэдхэн сарын дараа Гомез Хятадад нэвтрэх эрхгүй алдартнуудын жагсаалтанд багтав. Хятадууын эрс дургүйцдэг Далай Ламтай уулзсан зураг нь хэвлэлд 2014 онд гарсанаас болж ийм байдалд хүрсэн юм.
10
Элтон Жон (Elton John) - Египет
Элтон Жон хар тамхинд ихээр донтсон нэгэн бөгөөд хэнийг ч алж мэдэх тийм их хэмжээгээр согтууруулах ундааг хэрэглэдэг. Дээрээс нь 40-өөд жилийн турш “рок од” нэрийг үнэ цэнэтэйгээр авч явж байгаа нэгэн. Тэрбээр оролцсон хөгжмийн шагнал гардуулах ёслол болгон дээрээ “миний хөгжмийг дэлхийн хаана ч сонсдог” гэж бардамнадаг шүү дээ. 2010 онд Элтон Египетийн Хөгжмийн Холбоонд зориулан тоглолт хийхээр болсон ба “Parade” сэтгүүд ярилцлага өгчээ. Тус ярилцлагандаа Элтон “Дундад Азийн орнууд ижил хүйстэн, бисексуал болон трансжендер хүмүүсийг чөлөөтэй амьдруулах ёстой. Есүс Христ хүртэл яг үнэндээ ижил хүйстэн байсан шүү дээ” гэж хэлсэн байдаг. Ингэж хэлснээс нь болоод Элтоны тоглолтыг цуцлаад зогссонгүй нэг насаар нь Египетэд нэвтрэх эрхгүй болгожээ.
11
Брэд Питт (Brad Pitt) - Хятад
Брэд Питтийг дэлхийн хамгийн алдартай оддын нэг гэхэд хилсдэхгүй ээ. Кино урлагийн салбарт 90-ээд онд хөл тавьсанаасаа хойш тэрбээр хэд хэдэн хит кинонд дүрээ мөнхөлсөн билээ. Түүний тоглосон кинонуудын дийлэнх нь АНУ-аас илүүтэйгээр Хятадад маш алдартай байсан. Брэдийг Хятадад хөл тавихыг нь хориглосноос хойш 20 жил өнгөрсөн гэдгийг та мэдэх үү? Төвдийн соёл, хүн ардыг мэдэх зорилгоор олон жилийг өнгөрүүлсэн нэгэн залуугийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Төвдөд өнгөрүүлсэн 7 жил” дэлгэцийн бүтээл нь 1997 онд гарсан. Кинонд гардаг төрийн албан хаагчид нь гэм зэмгүй иргэдийг зовоон тарчлааж, Төвдүүдтэй яг л боол мэт харьцдаг гэж харуулсан байсан учраас Хятадын ЗГ таатай хандаагүй юм. Ингээд уг киноны уран бүтээлчдийг нэн ялангуяа Брэдийг өөрийнхөө нутаг дэвсгэр рүү нэвтрэн орох эрхийг нь бүр мөсөн үгүй болгов. Гэхдээ 2016 онд тэрбээр өөрийн тоглосон “Allied” киноныхоо сурталчилгааг хийхээр Хятадад ирсэн бөгөөд ингэж л түүний нэвтрэх хоригийг цуцлажээ.
12
Алек Болдвин (Alec Baldwin) - Филиппин
Яагаад Алекийн Америкт нэвтрэх эрхийг нь хүчингүй болгодоггүй юм бол гэж олон хүн гайхдаг байх л даа. Тэрбээр үргэлж л бодохгүй ярьж байдаг бөгөөд түүний “ам” нь үргэлж л эвгүй байдалд оруулж байдаг гэхэд буруудахгүй. Нэг удаа алдартай ярилцлагын нэвтрүүлэгт оролцож байхдаа Хенри Хайдыг чулуугаар цохиж ална гэж хэлсэн удаатай. Үүгээр ч зогссонгүй Доналд Трампыг “Saturday Night Live” нэвтрүүлэгт оролцож байхад тэрбээр ерөнхийлөгчийг маш их муулсан. 2009 онд тэрээр Дэвид Леттерментэй ярилцахдаа өөрийнхөө хувийн амьдралыг ний нуугүй дэлгэжээ. “Катологиос сонгож байгаад Филиппин юмуу орос эмэгтэйтэй танилцана” гэж тоглоом шоглоомоор хэлсэн нь Филиппинчүүдийн дургүйг хүргэжээ. Тэдний дургүйг хүргэсэн гэдгээ ухаарах үед хэдийнэ хожимдсон байсан юм.
13
Майли Сайрус (Miley Cyrus) - Хятад болон Бүгд Найрамдах Доминикан улс
Түүнийг алдартан болоход олон хүчин зүйлс нөлөөлсөн юм. Цоглог, эрч хүчтэй Ханна Монтанагийн дүрийг бүтээхдээ тэрбээр хүн бүхэнд таалагддаг байсан. Харин 2009 оноос эхлэн тэрээр өөрийнхөө халуухан талуудыг харуулж бусдын анхаарлыг өөртөө татах гэж ихээхэн хичээх болсон. 2009 онд Хятадад айлчлахдаа тэрбээр өөрийнхөө найзуудтайгаа цуг нүдээ Ази маягийн “онигор” болгож зургаа авахуулжээ. Энэ зураг нь тэр дорхноо тарсан ба Америкчууд манай улсаар тохуурхаж байна гэж Хятадууд үзээд түүнийг ахин хилээрээ нэвтрэхийг хоригложээ. Сайрус өөрийнхөө этгээд гаж, нүцгэн, эрээ цээргүй хувцаслалтаараа олны анхаарлыг татсаар л яваа юм. 2014 онд Бүгд Найрамдах Доминикан улс “Доминикан улсын хуулийн дагуу шийтгэл оноохуйц ёс журам, зан заншилд нь харшилсан үйлдэл хийсэн” гэдэг үндэслэлээр түүний урьдчилан төлөвлөсөн байсан тоглолтыг хүчингүй болгожээ.
14
Лейди Гага (Lady Gaga) - Индонез болон Хятад
Дуучин бүсгүй нь өөрийн нээлттэй байдал, ижил хүйстэн, бисексуал болон трансжендер хүмүүсийг дэмждэг хандлага болон хамгийн хачин жигтэй хувцаслалтыг харуулдагаараа алдартай нэгэн. Лейди Гага нэг удаа Улаан хивсний ёслол дээр “зүсэм мах” өмсчихсөн очиж байсан нь түүнд бусдын юу гэж хэлэх нь ямар ч хамаагүй байдгийг харуулж байх шиг санагдсан. 2012 онд тоглолтынх нь тасалбар хэдийн зарагдаад дуусчихсан “Born this way” тоглолтоо хийхээс нь ердөө 3 долоо хоногийн өмнө түүнийг Индонезийн хилээр нэвтрүүлэхгүй болгожээ. Яг үнэндээ бол тачаангуй Гагагийн хувцаслалт болон хөгжим нь Индонезийн ард иргэдийн ёс зүйд харш гэж үзсэнээс болоод түүний тоглолтыг цуцласан ажээ. Гага сэтгэлээр унасангүй уран бүтээлээ туурвисаар л яваа. 2016 онд Гага Хятадын “дайсан” Далай Ламтай уулзсан учраас Хятадад хөл тавих эрхгүй болжээ.
15
Жастин Бибер (Justin Bieber) - Хятад
Тэрээр анх гарч ирж байхдаа “өө сэвгүй” нэгэн байсан хэдий ч тун удалгүй ингэж бодогдохоо байсан. Жастин хэвлэлийнхэнтэй муудалцаж, ярилцлага өгч байхдаа “галзуурч” бас хүүхэн шуухантай орооцолдох болсон юм. Хятадад тоглолт хийж байхдаа тэрээр өөрийн бие хамгаалагчидаа дагуулан Цагаан хэрмээр аялж, Бээжингийн гудамжаар скейтбоард унаж “хэтрүүлэн” зугаацжээ. Үүнээс дор юм болсон нь тэрээр Токиогийн Ясүкүни сүмд очиж зургаа авахуулан үүнийгээ өөрийнхөө Instagram хуудас дээрээ тавьжээ. Уг сүм нь Япончуудын Хятад, Солонгосчуудын эсрэг үйлдсэн хэрцгийлэлийн золиос болж нас барсан хүмүүсийг хүндэтгэх сүм байсан бөгөөд энд зураг авах нь хориотой байсан ажээ.