Мэдээж түрүүлж орсон хүн хамгийн сайнуудыг нь авах учраас хаалга нээгдэхэд яалт ч үгүй дайран орцгоодог байна. Гэхдээ олон нийтийн энэхүү эрээ цээргүй байдлаас болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд олон гарч байжээ. Тэд бараа бүтээгдэхүүн булаацалдаж, хоорондоо маргалдан, цаашлаад галзуу мэт ашилсанаасаа болж, эрдэнэт хүний алтан амь эрсдэж байсан нь харамсалтай. Бид өнөөдөр та бүхэндээ "Хар баасан гараг" хямдралын үеэр харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ.
1
Исидро Зарате (Isidro Zarate)
2016 оны Хар баасан гарагийн өдрийн 16:00 цагийн үед 39 настай Исидро Зарате нь Сан-Антонио хотын “Уолмарт” их дэлгүүрт бараа үзэж явсан эхнэр Лизагаа хүлээн машиндаа сууж байв.
Уг нь тэд хар баасан гарагийн худалдаанд оролцохгүйгээр орой нь болох бүх нийтийн амралтын өдрийн гэрлэн шоуг Лизагийн ээжийн хамт үзэхээр явж байжээ. Гэвч замдаа Лиза шинэ хувцас авахыг хүсч, “Уолмарт” уруу орсон байна. Исидро Зарате эхнэрээ хүлээн машиндаа суух үед, Телес Мандан Хуарез хэмээх 21 настай залуу дэлгүүрийн гадаа нэгэн эмэгтэйг үсдэж, зодож эхэлсэн байна. Исидро тэднийг салгахаар машинтайгаа очиж, цонхоо буулган “Түүнийг тавь” гэж хэлсэн болохыг гэрчүүд мэдээллэсэн байдаг. Исидро залуугийн дэргэд очоод машинаасаа буух гэтэл Хуарез буу гаргаж түүн рүү буудсан байна.
Исидро бууны сумнаас зугтахыг хичээж байсан ч, хүзүүндээ буудуулсан бөгөөд төд удалгүй цагдаа нар ирж Хуарезийг баривчилсан аж. Хохирогч залуу нь амь насны даатгалгүй байсан учраас эхнэр, дөрвөн хүүхэд нь хүнд байдалд орсон байна. Харин түүний гэр бүлийнхэн энэхүү хүнд байдлаас гарахын тулд “GoFundMe” хэмээх хуудас нээж, болсон явдлыг бичсэн нь тухайн үед 50 мянга орчим ам.доллар хандив цуглуулж байжээ.
2
Жидимайтай Дамур (Jdimytai Damour)
2008 оны Хар Баасан гарагийн хувьд "Nintendo Wii" тоглоом нь туйлын эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байсан ба тэсч ядсан худалдан авагчид Нью-Йоркийн Валли-Стрим дахь “Уолмарт” их дэлгүүрийн гадаа шөнийн 03:30 минутын үед хүйтнийг үл ажран дарааллан зогсч байлаа. Дэлгүүр үүрийн 05:00 цагт нээгдсэн бөгөөд тухайн үед цугласан олныг зохицуулах цагдаа, хамгаалалтын ажилтнууд байхгүй байжээ. Дэлгүүр нээгдэхээс таван минутын өмнө буюу 4:55 минут болоход 2000 гаруй хүний тэсгэл алдарч, дотогш орохоор зүтгэн дэлгүүрийг хаалгаа онгойлго хэмээн шаардаж эхэлжээ.
Хүмүүс дотогш орохоор зүтгэн түлхэлцэж, шилэн хаалгыг мөрөөрөө цохицгооно. Волмартын ажилчид хаалганы нөгөө талд байсан ба үймж бухимдсан үйлчлүүлэгчидээ цагаас нь өмнө оруулахгүй байхыг хичээж байсан юм. Тэр олон хүний хүчийг шилэн хаалга яаж дийлэх билээ дотогшоогоо нярхийж хагарч, шилний хэлтэрхийнүүд дэлгүүрийн шалаар нэг тарж унасан ба хүмүүс хаалгаар дайран орцгоожээ. . Энэ үеэр “Уолмарт”-ын ажилчдын нэг болох Жидимайтай Дамур хүмүүсийг зогсоохыг оролдсон боловч хүчинд дийлдэн дарагджээ. Цагдаа нар ирэхэд Жидимайтай аль хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд тэд камерын бичлэг шүүж үзсэн ч түүний үхэлд буруутай хүнийг олж чадаагүй юм. Учир нь бүгд буруутай байсан гэдэг.
3
Ник Брэди, Хайле Кифер (Nick Brady, Haile Kifer)
65 настай Байрон Смит нэг биш удаа хулгайд өртсөн байв. Хулгайчид Байроны гэрээс эцгээс нь өвлөгдөж ирсэн чамин цаг, нэлээд хэдэн мянган доллар, үнэт эдлэл, буу зэргийг хулгайлжээ. 2012 оны Талархлын өдрийн орой Байрон гэртээ ирээд зоориндоо буугаа сумлан хулгайчдыг дахин ирэх байх хэмээн хүлээж байв. Бас шөнө гарах дуу чимээ болгоныг хураах зорилгоор дуу хураагуур хүртэл бэлдчихсэн байв.
Түүний мэдрэмж зөв байсан ба 17-18 настай үеэлүүд болох Ник Брэди, Хайле Кайфер нар хар баасан гаригийн шоппинг хийх мөнгө олохоор Байрон Смитийн гэрт иржээ. Ник Брэди байрны доод хонгил уруу буухад Байрон Смит хоёр удаа буудсан байна. Ник орилж, доош унасан бөгөөд гэрийн эзэн гурав дахь удаагаа буудсаныхаа дараа “Чи үхсэн үү” хэмээн хэлээд бага зэрэг тайвширчээ. Энэ үед буун дуу сонссон Хайле шатаар доош бууж уучлалт гуйсан боловч Байрон инээж “Үх муу өлөгчин” хэмээгээд буудсэн аж. Байрон Хар Баасан гараг болтол буюу маргааш нь болтол цагдаа дуудаагүй аж. Хэдийгээр Байрон “Айдастай амьдрахаас татгалзсан. Өөрийгөө хүйтэн сэтгэлтэй хүн биш. Иргэний үүргээ биелүүлсэн. Би тэднийг хүн гэж огтхон ч үзэхгүй. Тэд бол зүгээр л адгийн шаарнууд” гэж цагдаад мэдүүлсэн ч тэрээр ял авчээ. Учир нь, Миннесотагийн хуульд зааснаар “гэр лүү нь дураараа нэвтрэн орсон хэнийг ч буудан хороож болох хэдий ч шүүх түүний үлдээсэн бичлэгийг сонсоод энэ хэрэг бол яахын аргагүй урьдаас төлөвлөсөн хэрэг байна” гэж үзээд Байрон Смитэд насаар нь хорих ял оноосон байна.
4
"Toys R Us" дэлгүүрийн буудалцаан
Хар Баасан гарагт The Toys “R”Us дэлгүүрт Зул сарын баяраар хүүхэддээ дуртай тоглоомыг нь авч өгөх гэсэн, ядарч, бухимдсан эцэг эхчүүд дүүрэн байдаг юм. 2008 онд Калифорни мужийн Пам Десерт-д хоёр гэр бүл хэрэлдсэнээр уг эмгэнэлт хэрэг эхэлжээ. Хоёр эмэгтэй муудалцаж, нэг нь нөгөөгөө цохиж, зодож эхэлсэн байна. Тэд хүүхдийн тоглоомын дэлгүүрт Хар Баасан гарагийн “солиорол” гэгчийг ёстой утгаар нь харуулжээ. Улмаар зодуулж буй эмэгтэйн нөхөр зодооныг таслан зогсоохоор буу гаргаж ирсэн ч тэд салах шинжгүй байв. Ингээд салгахын оролдох үед нөгөө залуу бас буу гаргаж, тэд хоорондоо муудалцаж бие бие рүүгээ буудсан байна. Хоёр залуу нэг нэгнээ буудаж нас барсан ба цагдаагийнхан тэдний нэрийг олон нийтэд мэдээллэхийг хүсээгүй аж. Дэлгүүрийн зүгээс “Бид уг хэргийг шалгаж байгаа бөгөөд энэхүү хэрэг ердөө нэг хүүхдийн тоглоомноос болж үүссэн байх боломжгүй” гэсэн мэдэгдэлийг хэвлэлийнхэнд өгчээ. Хар Баасан гарагт гарсан энэхүү аллагын жинхэнэ учрыг олон нийт хэзээ ч мэдэж чадаагүй юм.
5
Надиа Езальдин (Nadia Ezaldein)
22 настай Надиа Эзалдейн Чикаго хотын Ривер Норд Нордстромд улирлын чанартай ажил хийдэг байжээ. 2014 оны Хар Баасан гараг түүний төрсөн өдөртэй давхацсан бөгөөд түүний гэр бүлийнхэн Надиад гэнэтийн бэлэг барих гээд хүлээж байсан хэдий ч тэрбээр олон цагаар ээлжинд гарч, ажиллахаас өөр аргагүй болжээ. Надиа үүнээс хэдхэн сарын өмнө 31 настай найз залуу Маркус Дийгээсээ салсан байжээ. Надиагийн эгчийн хэлсэнээр Маркус Надиад ухаангүй хайртай байсан бөгөөд Маркус Надиаг “миний заяаны хань” гэдэг байсан гэжээ. Маркус өдрийн тэмдэглэлдээ түүнд зориулж шүлэг бичсэн байсан бөгөөд Надиаг ямар гайхалтай эмэгтэй болохыг бичиж байжээ. Гэвч нэг л өдөр Маркус өөрийн хайртай бүсгүйгээ сэтгэл санаа болон бие махбодийн хувьд дарамтлан зовоожээ. Ингээд Надиаг түүнээс салах үед Маркус түүнийг байнга мөрдөж мөшгөх болсон байна. Жижиглэнгийн барааны дэлгүүрийн нийт ажилчдыг баярын өдрүүдэд заавал ажиллуулдагийг мэддэг учраас Маркус Надиаг Хар Баасан гарагт ажиллана гэдгийг сайн мэдэж байв. Маркус Дий найз охиныхоо ажил дээр ирээд түүнийг шууд бууджээ. Надиа эмнэлэгт хүргэсэн боловч түүний тархи хэдийнэ ажиллахгүй болсон байжээ. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийн эрхтнүүдээ бусдад хандивлахаар гэрээсэлсэн байна.
6
Мэтью Макграв (Matthew McGraw)
Замын түгжрэлээс үүдсэн хүмүүсийн стресс, бухимдал нь дэлгүүрээр үйлчлүүлж буй худалдан авагчдын уур уцаараас ч аймшигтай байв. Талархалын баярын шөнө Хар Баасан гарагийн худалдаагаа эхлүүлэхээр шийдсэн цөөхөн хэдэн дэлгүүрийн нэг нь Рино Волмарт байжээ. Оройны 6 цаг болж байхад дэлгүүрийн машины зогсоол хэдийнэ дүүрсэн байв. Жолооч нар машин тавьчихаар зогсоол байгаа эсэхийг харж тойрон явсаар л байлаа. 33 настай Мэттью МакГрог машины зогсоол хайн тойрон явж байх үед нэгэн жолооч түүний эзлэх гэж байсан зайнд машинаа тавьчихжээ. Түүний үйлдэлд уурласан Мэттью машинаа тавьчихаад төмөр бороохой авч дотор нь хүнтэй байсан өнөө машины шилийг нь хага цохижээ. Тэгээд уурандаа өнөөх бороохойгоороо жолоочийг нүүр нүдгүй цохисон байна. Зодуулж буй жолооч машиндаа байсан гар бууг шүүрэн авч өөрийгөө хамгаалах зорилгоор Меттьюг буудахад тэрбээр газар дээрээ нас баржээ. Хэрэгтэний нэрийг олон нийтэд зарлаагүй бас нууцалсан аж.
7
Эшла Харрис (Ashlea Harris)
Картер Сервантез, Клеринс Мэллори нар Техасын Далласт байдаг "American Eagle"-д хамт ажилладаг хосууд байсан юм. Тэд хоёулаа хулгай хийж байгаад баригдсан учраас ажлаасаа хөөгджээ. Картер, Клеринс нар Хар Баасан гарагт "American Eagle" дэлгүүр олон мянган доллар олдог мөн тэднийг халсан 31 настай Эшли Херрисийг дэлгүүртээ амьдардаг гэдгийг мэддэг байжээ. Хар Баасан гарагийн турш асар их ачаалалтай ажилласан Эшлиг орондоо орохыг нь тэд хүлээж байсан бөгөөд тэд хуучин даргаасаа өшөөгөө аймшигтайгаар авчээ. Тэд Эшлигийн гар, хөлийг нь хүлж, зодоод түүнийг галаар түлж алжээ. Тэд дэлгүүрийн түлхүүрийг хулгайлан тухайн өдрийн орлого болох 50 мянган ам.долларыг хулгайлан оджээ. Хосууд баригдсан бөгөөд Эшлигийн амь насыг бүрэлгэснийхээ төлөө зохих шийтгэлээ хүлээсэн юм.
8
Ниша Тандел, Шийтал Тандел
Хар баасан гариг эцэг эхчүүдэд нилээдгүй хүнд тусдаг. Талархлын баяраар гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, зочдоо сайхан байлгахад нэлээд олон цаг зарцуулсан нэгэн гэр бүл дэлгүүр орохоор явцгаажээ. 2012 оны 11 дүгээр сарын 23-ны тэр өдөр Арвинд Тандел эхнэр болон дөрвөн охиныхоо хамтаар Хар баасан гаригийн худалдан авалтад хийчихээд харих замдаа осолдож, хоёр охин нь нас барсан юм. Нас барсан охид Ниша 24-тэй, Шийтал 20 настай байжээ. Арвинд Тандел “Lexus SUV” автомашинтайгаа харих замдаа хурдны зам дээр зүүрмэглэснээс болж осол гарчээ. Тэгэхэд Ниша, Шийтал нар аюулгүйн бүсээ бүслээгүй явсан байна. Мужийн хуульд зааснаар машин жолоодож байхдаа зүүрмэглэх нь согтуугаар жолоо барьсантай адил учраас Арвиндыг тээврийн хэрэгслээр хүний амь насыг бүрэлгэсэн хэмээн буруутгагдсан аж.
9
Волтер Ванс (Walter Vance)
Баруун Виржиниад орших “Target” дэлгүүр 2011 оны хар баасан гаригийн үеэр хөл хөдөлгөөн ихтэй байв. 61 настай Волтер Ванс Талархлын баяр дуусахтай зэрэгцэн хар баасан гаригийн худалдаагаа эхэлсэн уг дэлгүүрт орж Зул сарын баяраар хэрэг болох зүйлс худалдан авах гэсэн боловч хөл хөдөлгөөн ихтэй байснаас даралт нь ихэсч улмаар зүрхний шигдээс болж шалан дээр унажээ. Хямдарсан бараа авах гэж улайрсан хүмүүс түүнийг шалан дээр унасныг ч анзаарах сөхөөгүй байснаас тэр үү түүнд хэн ч туслаагүй байна. Хэсэг хугацааны дараа түргэн тусламж ирэхэд хэтэрхий оройтсон байжээ. Хэрвээ тухайн үед цаг алдалгүй түүнд тусалсан бол Волтер амьд байх байжээ.
10
Демонд Коттман (Demond Cottman)
2016 оны Хар Баасан гараг. Нью Жирси мужийн Мэйс Лэндинг дэх Хэмилтон худалдааны төв. Энэ үед цөөн хэдэн их дэлгүүрээс бусад нь Талархалын баярын өдөр эрт онгойгоогүй байжээ. Худалдааны төвийн машины зогсоол хэдийнэ дүүрчээ. 21 настай Демонд Коттмен өөрийн ах болох 26 настай Шадитай дэлгүүр хэсэхээр иржээ. Тэднийг машины зогсоол дээр явж байхад нь хэн нэгэн тэдэн руу буудсан байна. Шадигийн хөлөн тус газар буудсан бөгөөд тэрбээр зугтааж амжсан ч харин Демондын аз дутаж тэрбээр харамсалтай нь амь насаа алджээ. Цагдаагийн газар уг хэргийг үйлдсэн этгээдийн нэрийг зарлаагүй бөгөөд ямар сэдлээр ийм хэрэг үйлдсэнийг нь ч олон нийтэд мэдээлээгүй байна. Орон нутгийн мэдээллийн байгууллага гэрчүүдээс ярилцлага авсан ба гэрчүүд “хүмүүс галзуу солиотой болчихсон байсан учраас л ийм хэрэг гарсан байх” хэмээжээ.