Цааш ажлын байраар явж шөнийн ээлжийн ажлын гүйцэтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ хэр байна, технологийн доголдолтой зүйл байна уу, үгүй юу, тоног төхөөрөмжийг засварт хэр бэлдсэн байгааг шалган зөрчил дутагдлыг арилгуулна. Дараа нь хэсгийн шуурхайд орж инженер техникийн ажиллагсдад ажлын явц, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, авах арга хэмжээний талаар ярилцав. Эндээс гараад тухайн өдрийн ээлжийн ажилчдад хийх ажлын даалгаврыг бичгээр өгч гарын үсэг зурууллаа. Зэс молибдений баяжмалын ачилтын тоог оператороос авч тооны машинд тооцож үзсэнээ үйлдвэрийн зарим удирдлагуудад мэдээлэв.
Төд удалгүй ажлын байраар дахин явж дэгээ, ган татлагын элэгдлийг шалган ээлжийн мастертайгаа ажлаа зөвлөн зогссоноо баяжмалын уутны чанарыг шалгаж авахаар боллоо. Үйлдвэрийн Чанар хяналтын мастерын хамт уутны тойрог багтаамж, оосор бүч, ачаа даах даацыг шалган туршиж хүлээн авав. Энэ үед би түүнээс баяжмалын уутны талаар лавлахад:
...Эрдэнэтийн баяжмалыг өлгийдөж авсан чанга цагаан уут
Энэ зууны манлай “Эрдэнэт” үйлдвэрийн түнш сайхан уут
Урагдаж тасардаггүй өнгөлөг цагаан уут
Уулын үйлдвэрүүдийн хэрэгцээг хангасан үндэсний уут... хэмээн ёжтой инээмсэглэн хариу нэхсэн харцаар намайг ширтэн маазрав.
Эндээс тэр их үд болсон тул 40 минут орчим цайлаад механикуудын шуурхайд орж өдрийн ажлын явц, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Дараа нь тэр тасралтгүй үйл ажиллагаатай технологийн горимоо хянаж, хөдөлмөр хамгааллын хэрэглэл болох амны хаалт, бээлий, саванг ээлжийн ажиллагсдад хуваариллаа. Үүний дараа хэсгийн хана, багана, металл хийцэд наалдсан бохирдсон зүйлийг арилгуулж хогийн машин захиалан ачуулах ажил үргэлжлэв. Ингээд усанд орж 1710-ын автобусаар гэртээ харих болж би ч түүнийг дагасаар... Түүний нэг өдрийн ажил энд хүрээд дуусахгүй орой, өглөө таван удаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар утсаар мэдээ авч зөвлөгөө өгч ажилладаг гэсэн. Ер нь ийм хүмүүсийн нуруун дээр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа явагддаг гэсэн далд бахархал төрснийг нуух юун.
Тэр хэсгийн даргатайгаа хагас, бүтэн сайн өдөр хариуцлагатай жижүүрийн ажил гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд шөнө орой, хагас бүтэн сайн, баяр ёслолын өдөр ч дуудлагаар ажиллана. Утсаа унтрааж болохгүй заалттай. Өндөр үүрэг хариуцлага хүлээсэн ажиллагсдын нэг Ц.Батболд мастер юм. Тэр “Эрдэнэт” үйлдвэрт би 28 жил ажиллаж байна. Дасал болсон ажил, танил болсон үнэр нь хүртэл сайхан шүү” гээд мар мар инээх.
Тэгснээ “ачигч-оосорлогч,хатаагч, ээлжийн мастер, ахлах мастерын ажил хийж ирэхдээ би сэтгэл хоёрдож явсан удаа байхгүй. Яагаад гэвэл би мэргэжилдээ дуртай. Иймээс ихийг бүтээх гэсэн чин эрмэлзэлтэй, өөрөөс шалтгаалах бүхнийг сэтгэлээсээ хийж ирлээ. Сэтгэл байхад ажил оргилж байдаг. Ямар ч ажлыг өөриймсөг сэтгэлээр хийхэд үр дүн гарна” гэв. Миний хувьд ахлах мастерын нэг өдрийн ажилтай танилцсан нь энэ.
Ямартаа түүнийг ээлжийн амралттай байхад орлох хүн ахлах мастер их ачаалалтай ажилладаг юм байна. Ц.Батболд мастер хурдан ажилдаа ороосой гэж явах вэ дээ. Тэрбээр 106 ажиллагсдын ээлжийн амралт, хүн хүчний ажлын хуваарилалт,цэвэрлэгээ үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цаг ямагт хяналт тавьж ажиллана. Чөлөөтэй, өвчтэй хүний оронд хэн нэгнийг томилон, ажил хийдүүлэхгүй, сул зогсолтгүй, бүтээмж өндөртэй ажиллуулж ирсэн дадлага туршлагатай нэгэн болохыг би түүний ажлын нэг өдрийг сурвалжлахдаа мэдсэн юм.