1
Хувцаслалтандаа анхаар
Мэдээж та ярилцлагад очихдоо тодорхой хэмжээгээр албаны хувцаслаж очих хэрэгтэй. Гэхдээ хэт ганган бус аль болох өөрийн биед эвтэйхэн хувцас өмсөөрэй. Хувцасны загвараас гадна ярилцлага авч байгаа хүмүүсийн шийдвэрт нөлөөлөх бас нэг чухал зүйл нь хувцасны өнгө гэнэ. Ямар өнгө, ямар сэтгэгдэл төрүүлдгийг жагсаавал:
• Шар: Дулаан, шударга, өөдрөг үзэл
• Улбар шар: Найдвартай, хөгжилтэй
• Улаан: Сэтгэл хөдлөл ихтэй, гэнэн цайлган, дайчин
• Ягаан: Ухаалаг, бүтээлч, төсөөлөх чадвар сайтай
• Цэнхэр: Хүчирхэг, найдвартай, итгэл сайн даадаг
• Ногоон: Тайван, чийрэг, өсөн дэвжих хүсэлтэй
• Хөнгөн саарал: Төвийг сахисан, тэнцвэртэй, тайван
Түүнчлэн та орохыг хүсэж байгаа ажилдаа тавигдаж байгаа шаардлагаас хамаараад хувцасны өнгөө тохируулах нь зүйтэй гэнэ шүү.
2
Цаг хугацааг төлөвлө
Ярилцлагад цагаа сайн баримтлахаас гадна хэдэн цагийн үед ярилцлагад орох нь ч чухал гэнэ. Хэрэв танд ярилцлагын цагаа сонгох боломж олдвол, 10-11 цагийг сонгохыг хичээгээрэй. Учир нь энэ үед ярилцлага авч байгаа хүмүүсийн анхаарал хамгийн сайн байдаг бөгөөд тэдний зан ааш ч мөн харьцангуй зөөлөн байдаг гэнэ шүү. Үүнээс гадна та өөрт олдох ярилцлагын цаг болох 10-20 минутад юу ярихаа сайн төлөвлөөрэй. Ихэнх тохиолдолд ярилцлагын цаг маш хурдан өнгөрдөг учраас бүх л цагийн туршид ганцхан сэдвийн тухай ярихаас татгалзах хэрэгтэй. Жишээлбэл, таныг гэр бүлийнхээ талаар ярьж эхэлж байтал цаг тань дуусчихвал тэнцэх магадлал бараг л "0" болно.
3
Ярилцлага авч байгаа хүмүүсийн сонсохыг хүсэж байгаа зүйлийг нь хэл
Та хүссэн ажилдаа орж чадах эсэх нь ярилцлага авч байгаа хүмүүсээс маш их шалтгаалдаг. Иймд тэдэнд таалагдах нь чухал юм. Ялангуяа тэдний сонсохыг хүсч буй үгийг нь хэлэх, шаардаж буй чадварыг нь өөртөө байгаа гэдгийг харуулах хэрэгтэй. Эдгээрийг мэдэх хэд хэдэн арга байх ба хамгийн энгийн нь ярилцлага авч байгаа хүний насаар нь түүний хайж байгаа хүнийг мэдэх юм.
Ярилцлага авч байгаа хүн 20-30 настай байвал тухайн хүн олон ажил зэрэг хийх чадвар болох өмнөх ажлын туршлагыг сонсохыг хүсдэг. Харин 30-50 насныхан таныг хэрхэн ажил болон амьдралаа зохицуулдаг талаар мөн хэр бүтээлч байж чадах талаар сонсох дуртай. Харин 50-70 насныханд та өөрийгөө хөдөлмөрч нэгэн гэдгээ харуулах хэрэгтэй байдаг гэнэ шүү.
4
Ярилцлага авч байгаа хүмүүстэй дотно харьцах
Компаниуд чадвартай нэгнийг хайдаг ч ихэнх тохиолдолд зөв харилцаатай, зөв хандлагатай хүнийг ажилтнаараа авдаг. Иймээс тэднийг "ярилцлага авч" хүн бус дотны нэгнээ гэж бодоод сандралгүйгээр ярилцлагаа эхлүүлээрэй. Түүнчлэн өөртөө итгэлтэй байдал чухал бөгөөд ярилцлага өгөхийн өмнө ярих зүйлээ сайн бэлдэх нь зүйтэй. Харьцаа тогтооход бас нэг анхаарах зүйл нь нүдний харц байдаг. Тааз эсвэл шал руу харж ярих нь маш бүдүүлэг алдаанд тооцогддог учир ярилцлага авч байгаа хүн бүрийн нүд рүү нь харж ярихыг хичээгээрэй.
5
Шударга бай
Бараг бүх ярилцлагад ирдэг асуулт бол "Таны сул тал юу вэ?" гэх байдаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс "Сул тал байхгүй" эсвэл "Цөөхөн, яг сайн хэлж мэдэхгүй байна" гэж хариулж, буруутдаг. Учир нь сул талаа мэддэггүй хүн, давуу талаа ч мөн мэддэггүй гэсэн бичигдээгүй хууль байдаг аж. Тиймээс та хэдий тухайн ажилд орохыг хүсэж байгаа ч нуулгүйгээр өөрийн сул талаа хэлээрэй, нэгэнт л төгс хүн гэж байхгүй учраас дутагдлаасаа санаа зовох хэрэггүй.
6
Ярилцлаганы бүх хэсэг чухал
Ярилцлагын өрөөнд орж ирэхээсээ эхлээд та ярилцлага авч байгаа хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Энэ нь өрөөнд орж ирээд зөв инээмсэглэн, гар барихаас эхлэх юм. Мөн хэт чанга эсвэл хэт намуухан ярихаас зайлсхийгээрэй. Бас нэг анхаарах ёстой зүйл нь зөвхөн асуусан асуултад л холбоотой зүйлийг ярих хэрэгтэй. Ихэнх хүмүүс бэлдэж ирсэн зүйлээ ярих гэж яарснаас болоод асуусан асуултад нь хамааралгүй хариулт өгч, тэнцэх магадлалаа бууруулдаг.
Ярилцлагад бэлдэж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?