1
Хацар өнгөлөгч
Оригинал хацар өнгөлөгч, гэрэлтүүлэгч зэрэг нь маш жигд, ямар ч өө сэвгүй байдаг. Тиймээс та хамгийн түрүүнд хацар өнгөлөгчийг онгойлгож, ажиглах хэрэгтэй. Харин хуурамч бүтээгдэхүүний тухайд тоорын өнгөтэй гэсэн атлаа чангаанз шиг харагдах нь бий.
2
Савлагааг ажиглах
Алдартай брэндүүд бүтээгдэхүүний савлагааг чухалчилж үздэг. Тиймээс та тухайн бүтээгдэхүүнийг оригинал эсэхийг шалгахыг хүсвэл, савны таг яг таарч байна уу? үгүй юу гэдгийг ажиглахад хангалттай.
3
Бар код
Та бар кодны тусламжтайгаар худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ хуурамч эсэхийг мэдэж болно. Бар кодыг бичиж, интернэтээс хайж, барааны тухай мэдээллийг аваарай.
4
Албан ёсны веб хуудаснаас мэдээлэл авах
Хамгийн баттай арга бол тухайн бүтээгдэхүүний албан ёсны веб хуудаснаас худалдан авалт хийх юм. Энэ нь таныг мөнгөө алдаж, хууртах аюулаас сэргийлнэ.
5
Хэвлэлийн чанар
Бүтээгдэхүүний савлагаа төдийгүй хэвлэлийн чанарыг нь анзаарах хэрэгтэй. Мэдээж алдартай брэндүүдийн оригинал бүтээгдэхүүний хэвлэлийн чанар ч өндөр байх нь гарцаагүй.
6
Сериал номерыг ажиглах
Худалдаж авч буй гоо сайхны бүтээгдэхүүнд тань сериал номер байх нь гарцаагүй. Энэ нь бүтээгдэхүүний доод талд болон хайрцаг дээр ч мөн байх ёстой юм. Хэрэв тус хоёр номерын тоонууд хоорондоо зөрвөл энэ нь хуурамч бараа болохыг таниулж өгнө. Мөн оригинал бүтээгдэхүүн нь үргэлж орц, найрлагаа нэгд нэгэнгүй бичсэн байдаг бол хуурамч бүтээгдэхүүнд байдаггүй аж.
7
Савлагааны чанар
Савлагаа маш чухал болохыг дээр дурдсан. Хэрэв таны худалдаж авсан бүтээгдэхүүний савыг дутуу наасан, дээр нь бичсэн үгс нь алдаатай гэхчлэн асуудлууд байвал, үүнийг хуурамч гэж үзэж болох юм.
8
Савлагаан дээрх бичиг
Хэрвээ та Европ брэндийн бүтээгдэхүүн худалдан авсан байхад, дээр нь Хятадаар ямар нэгэн зүйл бичсэн бол үүнийг хуурамч гэж ойлгоорой.
9
Мэдээллийн хуудас
Бүтээгдэхүүн дээр наасан мэдээллийн хуудсыг хуулахад маш хялбар болоод цэвэрхэн авагдана. Харин эсрэгээрээ хуулрахгүй, хуулах төдийд урагдаж байвал, энэ нь чанар муутай, хуурамч бүтээгдэхүүн болохыг илтгэнэ.
10
Огцом хямдрал
Ямар ч алдартай брэндийн бүтээгдэхүүн 60-аас дээш хувь хямдарна гэж үгүй. Хэрэв 70-80 хувийн хямдрал зарласан гоо сайхны бүтээгдэхүүн байвал, энэ нь хуурамч, дуураймал бүтээгдэхүүн гэсэн үг юм.
11
Бодит зураг
Хэрвээ та интернэтээр бараа захиалж байгаа бол хамгийн эхлээд бодит зургийг нь харах ёстойг анхаараарай. Эс бөгөөс таны захиалсан бараа төсөөлнөөс тэс өөр ирж болзошгүй.