Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамтай ярилцлаа.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт нэлээдгүй хэмжээний өөрчлөлт, шинэчлэлийн ажил хийгдлээ. Таны хариуцсан хууль, эрх зүйн салбарт ямар ажил хийгдсэн бэ?
2016 оны долдугаар сар хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит Ростех компани эзэмшиж байсныг та бүхэн мэднэ. Үйлдвэртэй холбоотой харилцаа Монгол улсын хууль тогтоомж болон хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл зарим харилцаа дотоодын хууль тогтоомжийн үйлчлэлээс гадуур байсан гэсэн үг. Харин 2016 оны долдугаар сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувь эзэмшил өөрчлөгдөж 100 хувь үндэсний үйлдвэр болсноор бүх үйл ажиллагаагаа дотоодын хууль тогтоомжид нийцүүлэх шаардлага гарсан. Энэ ажлын хүрээнд үйлдвэрт мөрдөж буй нийт дүрэм журмын 40 гаруй хувийг шинэчлээд байна. Үүнээс Хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн дотоод журам, худалдан авах ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрлийг баталгаажуулах, шинэчлэн авах зэрэг ажлыг онцолж болно. Хүний нөөцийн бодлогын тухайд “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орох хүсэлтэй 1000 гаруй өргөдөл ирсэн байдаг. Энэ олон хүнээс мэргэжил, ур чадвараараа тухайн ажлын байрандаа тохирох хүнийг олохын тулд зайлшгүй сонгон шалгаруулалт зохион байгуулах шаардлагатай. Гэтэл өмнө нь сонгон шалгаруулалтыг орхигдуулж, үйлдвэрийн ажилчдын хүүхэд, эсвэл дарга нартай танилын холбоотой хүмүүс давуу эрх эдэлж ирсэн. Энэ хэрээр бусад хүмүүст “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орох боломж хомс болж, хаалттай гэж хэлж болохоор түвшинд очсон. Одоо хэрэгжүүлж эхлээд буй хүний нөөцийн бодлогоор ажлын байрны сул орон тоо болгонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах бодлого баримталж байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орох боломж хэн бүхэнд нээлттэй болж, мэдлэг чадвараараа хамгийн сайн үнэлэгдсэн ажил горилогч тухайн ажлын байранд ажиллана гэсэн үг юм. Энэ хэрээр үйлдвэрийн боловсон хүчний өрсөлдөх чадвар нэмэгдэх чухал ач холбогдолтой. Харин хөдөлмөрийн дотоод журмын хувьд ажилчдыг улс төрөөс ангид байх зарчмыг тусгаж өгсөн. Ингэснээр ажилтан аливаа улс төрийн нөлөөнд үл автах, ажлын байр илүү баталгаатай, тогтвортой, мэргэшсэн байх нөхцөл бүрдэнэ. Мөн зарим ажилчид хүндэтгэх шалтгаангүйгээр олон сараар, бүр хэдэн жилийн хугацаагаар чөлөө авч ажлын байрыг эзгүйдүүлдэг байсан асуудлыг шийдвэрлэсэн. Чөлөө авагчийн шалтгаан нөхцөлийг судалж, зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд тодорхой хугацааны чөлөө олгож байна. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрт бүтээгдсэн оюуны өмчийн эрх зөвхөн үйлдвэрт харьяалагдахаар зохицуулж өгсөн. Ингэснээр хэн нэг этгээд тухайн оюуны өмчийн үр шимийг хүртэх бус үйлдвэрийн нийт ажилчид хүртэх боломжтой бүрдэж байгаа юм.
Тэгвэл худалдан авах ажиллагааны чиглэлээр ямар ажил хийгээд байна вэ?
“Эрдэнэт” үйлдвэрт бараа, материал худалдан авах асуудал өмнө нь хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээр нэрийн дор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль” буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар тендерийн хуулийн үйлчлэлээс гадуур байсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ХХК өмнө нь өндөр үнэ бүхий бараа материал худалдан авахдаа тендер сонгон шалгаруулалтгүй худалдан авдаг байснаас шалтгаалж ортой, оргүй хардлага бий болж улмаар шахааны бизнес гэх нэр томьёо ч үүсээд байсан. Үүнийг таслан зогсоох гол арга нь худалдан авалтын бүхий л процессыг хууль тогтоомжид нийцсэн, ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоотой, хариуцлагатай болгох явдал юм. Энэ ажлын хүрээнд Хууль, эрх зүйн газраас Худалдан авах ажиллагааны ерөнхий журмыг 2016 онд боловсруулсан. 2017 оны 1 сард ТУЗ-өөс дэмжигдээд 7-р сард Ерөнхий захирлын тушаалаар батлагдан хэрэгжиж эхлээд байна. Уг журмаар худалдан авч буй бараа бүтээгдэхүүнд дараах үндсэн шаардлагууд тавьж байгаа. Үүнд:
Үйлдвэрт хэрэгцээтэй байх
Чанартай
Зах зээлийн хямд үнэтэй
Хугацаандаа нийлүүлдэг байх гэсэн үндсэн шаардлага тавьж байна.
Мөн тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч буюу патент эзэмшигчтэй дундын зуучлагчгүйгээр шууд гэрээ байгуулах, үндэсний үйлдвэрлэгч, орон нутагт өндөр татвар төлдөг, орон нутгаас ажиллах хүчээ бүрдүүлсэн компаниудад хуульд заасан хэмжээнд давуу байдал олгож дэмжин ажиллахаар тусгаж өгсөн. Ингэснээр УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, нийгмийн хариуцлагатай байх асуудалд Эрдэнэт үйлдвэр ХХК худалдан авалтын бодлогоо бүрэн нийцүүлсэн гэж ойлгож болно. Дээр дурдсан худалдан авалтын шинэ журам, бодлогыг хэрэгжүүлснээр Эрдэнэт үйлдвэр ХХК 2016 оны эхний хагас жилд ердөө ганцхан тендер шалгаруулаад байсан. Өнөөдөр 491 нээлттэй тендер шалгаруулалт явуулсан байгаа. Үүний үр дүнд худалдан авсан бараа материалын эргэлт, тоо хэмжээг бууруулалгүйгээр зөвхөн үнийн дүнгийн зөрүүнээс 15,1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан статистик бий. Энэ бол дан ганц Хууль, эрх зүйн газрын гаргасан амжилт биш, үйлдвэрийн энэ чиглэлд ажилладаг хамт олон, удирдлагуудын хичээл зүтгэлийн үр дүн юм.
100 хувь үндэсний үйлдвэр болсонтой холбогдуулан үйлдвэрт хэрэгжиж байсан дүрэм журмыг бүхэлд нь шинэчлэх ажил гүйцэтгэж байгаа гэж ойлголоо.
Тиймээ. Гэхдээ дүрэм журмын шинэчлэл бол үйлдвэрт хэрэгжих ёстой менежментийн болоод техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ердөө нэг хэсэг гэж хэлж болно. Менежментийн өөрчлөлийн тухайд бол үйлдвэр маань компанийн зохистой засаглалын тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хэрвээ тогтолцоо зөв бол хэн ажиллаж байхаас үл хамаараад цалин, урамшуулал, өсөж дэвжих боломж, худалдан авалт, үйлдвэрлэлт, борлуулалт, санхүү, мөнгөний урсгал гээд бүх асуудал зөв байна. Зөв тогтолцоонд ажиллаж буй ажилтны ажилд хандах хандлага, сэтгэхүй зөв болж, хэрэг зөрчил гарах асуудал буурна гэх мэт маш олон эерэг тал бий. Энэ ажлын хүрээнд 2017 оны есдүгээр сард “Захирлуудын зөвлөл” байгуулагдсан. Өмнө нь нэг хүн дангаараа томоохон шийдвэрүүд гаргадаг байсан. Одоо тухайн асуудлыг захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх буюу олуулаа хэлэлцэж, зөв буруугаа тунгааж байж шийдвэрлэдэг болсон. Цаашид захирлуудын зөвлөлөөр шийдвэрлэх асуудлын жагсаалтыг батлан, тогтмол хугацаанд хуралдан ажиллах болно. Харин техник тоног төхөөрөмжийн хувьд үйлдвэр анх байгуулагдсан цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа тээрмүүд, тоног төхөөрөмжүүд нэлээдгүй байна. Эдгээр нь тодорхой хугацаанд засвар үйлчилгээ хийгдэж байх ёстой боловч дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт, хямралын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаандаа сервис үйлчилгээнд ороогүй, маш их хэмжээгээр элэгдэж муудах асуудал үүссэн. Энэ тоног төхөөрөмжүүд үндсэндээ үе үеийн уурхайчдын хоёргүй сэтгэл, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүнд өдий зэрэгтэй ажиллаж байгаа гэж ойлгож болно. Иймд бид үндсэн тоног төхөөрөмжүүдээ техникийн аудитаар хэвийн хэмжээнд ажиллах чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулж, цаашид хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулагдах ёстой талаар судалгаа хийх зүй ёсны шаардлагатай тулгараад байна.
Гадаадын Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой хэчнээн хэрэг маргаан хянагдаж байгаа вэ? Эдгээрээс хэд нь хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?
2016 оны долдугаар сард намайг ажил авахад гадаадын Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой таван хэрэг маргаан хянагдаж байсан. Үүнээс нэг хэрэгт нь Эрдэнэт үйлдвэр ХХК нэхэмжлэгчээр, дөрөв нь хариуцагчаар оролцож байсан. Эдгээр таван хэрэг маргааны дөрөвт нь үйлдвэрийн эрх ашгийг тодорхой хэмжээнд хамгаалж, бүрэн шийдвэрлэж дууссан. Одоогоор Эрдэнэт үйлдвэр ХХК хариуцагчаар татагдсан нэг хэрэг маргаан Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байна.
Цаашид ямар ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байна вэ?
Эрдэнэт үйлдвэр ХХК-д нэн тэргүүнд хийх шаардлагатай хэд хэдэн томоохон ажил байна. Үүнд:
-Эрдэнэт үйлдвэр ХХК нь зохистой засаглалын зарчмыг бүрэн хэрэгжүүлж, зөв тогтолцоог бий болгох,
-Үйлдвэрт хэрэгжиж буй дүрэм, журмын шинэчлэлийн ажлыг бүрэн хийх,
-Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас үнэлгээ авч, улмаар хямд эх үүсвэртэй, урт хугацаат санхүүжилт босгох замаар шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил гүйцэтгэх,
-Шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох /IT технологи, камерын иж бүрэн хяналтын систем нэвтрүүлэх/
-Татварын ялгавартай тогтолцоог өөрчлөх, хэмнэгдсэн хөрөнгөөр үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийх зэрэг ажил төлөвлөөд байна.
Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Баярлалаа.
Т.БАТЧУЛУУН