1
Индүүний ул юунаас болж бохирддог вэ?
Хувцас индүүдэх үедээ темпратуураа тааруулаагүй эсвэл анхааралгүй байсны улмаас хувцсаа түлж, индүүгээ бохирдуулах тохиолдол бий. Үүнээс гадна доорх шалтгаануудын улмаас индүүний ул бохирддог ажээ.
- Индүүний усны саванд эрдэс үүсэж, цагаан шохойжсон мэт толбо үүсгэх
- Халуунд тэсвэргүй материалыг индүүдэж, хайлсан хэсгүүд нь наалдсан
- Индүүгээ удаан хугацаанд устай нь ашиглалгүй хадгалсан бол
- Шингэн цацах хэсэгт үүссэн бохирдол
2
Индүүнийхээ ус хадгалах сав, ус шүршигчийг хэрхэн цэвэрлэх вэ?
Халуун, битүү орчинд удаан хадгалсан усанд элдэв минералууд үүсэж, индүүний хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг байна. Үүнийг цэвэрлэхэд бага зэрэг төвөгтэй. Гэвч цэвэрлэлгүй орхивол уур гадагшлах нүхийг бөглөж, индүүгээ ахин ашиглах боломжгүй болдог.
Үүнээс хэрхэн салах вэ?
Юун түрүүнд усны саван дахь бохир усыг асгах хэрэгтэй. Дараа нь усны савандаа 50/50 хэмжээтэй шүүлтүүрийн цэвэр ус болон цагаан цуу хийж 24 цаг дэвтээгээрэй. Ингэснээр бодис бохирдлыг зөөлрүүлж, уусган гадагшлуулахад бэлэн болох юм.
Үүнийхээ дараа хуучин муу алчуур эсвэл даавуун дээр, шарах шүүгэний хөргөөх зориулалттай сараалжин төмөр тавьж, индүүндээ хийсэн шингэнийг гарч дуустал уураар үлээлгэх хэрэгтэй. Ус, уур болон гадагшлахдаа нүхнүүд дэх бөглөрөл, эрдсийн үлдэгдлийн хамж, гадагшилдаг тул та индүүгээ задлахгүй дотор цэвэрлэгээ хийж чадна. Энэ үед бага зэрэг зэвэрхэг улаан өнгөтэй, цагаан жижиг үртэс шиг зүйлс гарч ирж болно.
Ингэж цэвэрлэснийхээ дараа индүүнийхээ савыг цэвэр усаар дүүргэж, төмөр сараалжаа аван шууд даавуун дээр тавьж уураар үлээлгээрэй. Энэ үед ахин цагаан өнгийн үртэс шиг зүйлс эсвэл зэв гарахгүй байвал таны индүү бүрэн цэвэрлэгджээ гэсэн дохио юм.
Зөвлөгөө: Хэрэв индүүндээ түүхий биш цэвэршүүлсэн ус хийж ашиглабал энэ эрсдэл багасна. Мөн индүүдлэг хийж дууссныхаа дараа үлдэгдэл усыг шавхаж, усны савны таглааг нээлттэй орхиж заншвал эдэлгээ нь уртасна.
Индүүний ул цэвэрлэх аргууд
Нийлэг даавуу буюу ниймгэн нейлон нь хамгийн ихээр индүүг бохирдуулдаг. Индүү халуун үед даавууны ширхэгүүд хайлж, наалдан, хөрөх үед нь хатуурч арилгахад бэрх болдог. Ийм толбыг арилгах шалгарсан аргуудыг танд хэлж өгье.
3
Цагаан цуунд дүрсэн алчуур
Цагаан цуунд дүрсэн алчуур: Даавуун жижиг алчуурыг цагаан цуунд дүрж индүүний улны бүх төрлийн толбыг арилгаж болдог. Ингэхдээ алчуурандаа бага зэрэг давс цацвал гадаргууг зүлгэж, бохирдлыг хялбархан салгадаг юм шүү. Үүний дараа таны индүү цоо шинэ мэт гялалзах болно.
4
Лимон
Лимон: Зэвэрсэн толбо маш аюултай. Учир нь ийм индүүгээр индүүдсэн бүх хувцсыг элдэв өнгө оруулж, ахин өмсөх боломжгүй болгодог билээ.
Хэрэв таны индүүний уланд зэвэрхэг толбо тогтсон бол лимоны шүүсийг ашиглаарай. Ингэхдээ лимоноо голоор нь зүсэж, зэвтэй хэсгүүд дээр зөөлөн үрнэ. Хэрэв зэвтэй хэсэгт уур гадагшлуулагч нүх байвал чихний хөвөн ашиглаж лимоны шүүс түрхээрэй. Зэв удалгүй цайрч багасах болно. Лимоноор үрсэн ч арилахгүй байвал, шүүсэндээ бага зэрэг сода нэмж болно шүү.
5
Зөөлрүүлэгчтэй цаасан салфетка
Хатаагчны цаасан салфетка (dryer sheet): Барууны орнуудад хувцсаа сайхан үнэр оруулж, цахилгаанжуулахгүйн тулд хатаагчны цаасан салфеткийг, хувцас сэгсрэгчиндээ хийж ашигладаг. Уг салфеткаар индүүнийхээ улыг цувэрлэхдээ: Индүүгээ хамгийн бага хэмд халааж, бөөрөнхийлж базсан салфеткаараа, түлэнхий наалдсан хэсгийг зөөлөн үрээрэй. Энэ үед индүүний ул бага зэрэг тосорхог харагдаж, толбо бага багаар нимгэрсээр арилдаг. Үүний дараа цэвэр даавуун алчуураар үлдэгдлийг арчиж аваарай.
6
Төмөр зүлгүүр
Төмөр зүлгүүр: Хэрэв таны индүүнд томоохон хэсгүүд наалдсан бол энэ аргыг хэрэглээрэй. Ингэхдээ наалдуулахгүй гадаргуутай индүүний улыг гэмтээхгүй тулд, нимгэн даавуугаар хучиж, бага зэрэг халаасны дараа хусах хэрэгтэй.
Эдгээрийг хийсний дараа таны индүү ахин шинэ мэт гялалзаж, хувцас индүүдэхэд ямар нэг асуудал үүсэхгүй байх болно. Танд амжилт хүсье!