1
Юунаас эхлэх вэ?
"Эмх цэгцийн гайхамшиг" номонд бичсэнээр, та хамгийн түрүүнд хэрэггүй зүйлсээсээ салах хэрэгтэй гэжээ. Хүмүүсийн гэрээ цэвэрлэхдээ гаргадаг хамгийн том алдаа бол хэрэггүй эд зүйл, хувцсаа нэгээс нөгөө рүү зөөж байрлуулахаас өөр зүйл хийдэггүйд оршдог аж. Эмх цэгц, тухтай орчинг бүрдүүлэхэд танд эдгээр хэрэггүй зүйлсийн эзэлж байгаа сул зай хэрэгтэй учир, зарим зүйлсээ гаргаж хаях хэрэгтэй.
2
Энэ надад үнэхээр хэрэгтэй юу?
Та хамгийн түрүүнд хувцасны шүүгээгээ нээгээд ил, далд байгаа бүх хувцсаа нэг нэгээр нь барьж үзээд "Энэ надад үнэхээр хэрэгтэй юу?" гэж өөрөөсөө асуугаарай. Таны өөртөө үлдээх хувцаснууд танд өмсөхөд сайхан зохьдог, таардаг, өмссөн үед аз жаргалтай болгож чаддаг, өөртөө итгэлтэй байдлыг мэдрүүлдэг байх ёстой.
Үүнийхээ дараа шүүгээндээ хадгалдаг гэрэл зураг, гоёл чимэглэл, ном гээд бүх зүйлээ дээрх шалгуураар дэнслээрэй.
3
Нэг удаад нэг төрлийн зүйлсээ цэгцэл
Хүмүүс цэвэрлэгээ эхлэхдээ гарт харагдсан бүх төрлийн зүйлсээ цэгцлэх гэж маш олон өрөө, шүүгээгээ бусниулах нь бий. Ингэх нь маш буруу юм. Та нэг удаад 1 төрлийн зүйлээ цэгцлэхэд л хангалттай. Хэрэв та гадуур хүрэмнүүдээ ангилж эхэлсэн бол тэр өдөртөө гадуур хүрмээ л цэгцлээрэй. Ингэвэл та ямар хүрэмнүүд үлдсэн, тэднийг хаана байрлуулсан, алийг нь цэвэрлэгээнд өгөх зэргээ сайтар санадаг. Энэ маягаар нэг дор бүгдийг нь бус, бага багаар цэгцлэх хэрэгтэй.
4
Босоо хэлбэрээр хувцсаа хадгал
Номын зохиолч Мари Кондогын зөвлөснөөр хувцсаа хөндлөнгөөр биш босоогоор хадгалах нь эмх цэгцтэй байдлын хамгийн чухал дүрэм ажээ. Босоо хадгалалт гэдэг нь та хувцсаа дээр дээрээс нь давхарлах биш, нэг давхраар бүгдийг нь нүдэнд харагдахуйц байрлуулахыг хэлж байгаа юм. (Зурагт үзүүлсэн шиг)
Ингэж хадгалсан хувцсыг хүмүүс мартах нь бага бөгөөд удаан эдлэгдэж, хэлбэрээ алдахгүй байх давуу талтай.
5
Хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн хадгалах вэ?
Хүнсний материалаа бараан харагдахгүй саванд хийх нь шүүгээгээ нээх бүрт ойлгомжгүй, цэгцгүй мэдрэмжийг төрүүлдэг юм шүү. Тиймээс хоол хүнсний зүйлсээ нэвт харагддаг шилэн саванд хадгалах нь гал тогооны өрөөнд эмх цэгц тогтоох хамгийн шилдэг арга юм. Ийм саванд хийснээр та хэр их үлдсэн, муудаж байна уу, энэ саванд юу байгаа зэрэг мэдээллийг шууд харж болох давуу талтай. Шилэн сав нь муудаж, хуучрахгүй, угааж ариутгах боломжтой учир илүү удаан эдэлгээтэй байдаг.
Мөн хүнсний ногоо, жимс зэргээ гялгар уутнаас нь гаргаж сүлжмэл, агаар нэвтрүүлэх саванд хадгалах нь үзэмж нэмэхээс гадна, тавиур дээрх цэгцтэй байдлыг цогцлоодог. Харин хоол амтлагчаа савнаас нь гарган жижиг төмөр эсвэл шилэн саванд хийвэл, хэрэглэхэд илүү хялбар болдог.
6
Хувцсаа хэрхэн эмх цэгцэнд оруулах вэ?
Хувцсаа ангилахдаа гол баримтлах дүрэм бол улирлаар нь ялгаж ил гаргах юм. Ингэхдээ "Энэ улиралд юу өмсөх вэ?" гэсэн асуултыг өөрөөсөө асууж, хэрэг болох зүйлсээ өлгүүр, шүүгээ, тавиуртаа эмх цэгцтэй бөгөөд өнгийн дагуу ангилан байрлуулж тавих хэрэгтэй. Өлгүүрт уртаас нь богино руу ангилбал тухайн өдөр юу өмсөхөө шийдэхэд илүү хялбар байдаг.
7
Цүнхээ хадгалах хамгийн тохиромжтой арга
Эмэгтэйчүүд цүнхээ буруу байрлуулснаас болж шүүгээ тэр чигтээ замбараагүй харагдах нь бий. Мөн буруу хадгалалтаас үүдэж зарим цүнх хэлбэрээ алдан, ахин хэрэглэхэд үзэмжгүй харагддаг. Өөрт хамгийн ойр гэр ахуйн дэлгүүрээс цүнх тогтоогч худалдаж авах эсвэл өөрийн гараар, цүнхэндээ тохирох тогтоогч хийгээрэй. Үүндээ том цүнхээ нэг нэгээр нь харин жижиг гар цүнхээ давхарлан тавьж зай хэмнэж, цэгцтэй байлгаж болно.
8
Гэрэл зургуудаа хадгалах сонирхолтой шийдлүүд
Гэр бүлийн зургийн цомогноос хамгийн түүх өгүүлсэн, дурсамжтай зургуудаа гэрийн чимэглэл болгон ашиглаж болно. Мөн утсан дээрх чухал гэж үзсэн зургуудаа угаалгаж, цаг эсвэл гэр бүлийн мод байдлаар чимэглэхийг зөвлөе. Ингэвэл та өдөр бүр гэр бүл, найз нөхдөө дурсаж, тэдэнтэй хамт өнгөрүүлсэн сайхан цагаа сэтгэлдээ тээж чадахаас гадна, гэрийн дотоод засалд дулаан уур амьсгал нэмж болох юм.
9
Номоо хадгалах шилдэг арга бол...
Гэрээ бүхлээр нь цэгцлэх үедээ хадгалж үлдэх ёстой зүйлс бол зөвхөн ном юм. Өөрт байгаа бүх номоо аль хэдийн уншчихсан болон уншихаар төлөвлөж буй гэсэн 2 төрөлд хуваагаарай. Номоо хаях гэж яараад хэрэггүй. Учир нь аль хэдийн уншсан номонд ч ахин харах зүйлс байдаг.
Тиймээс гэртээ номоо хадгалах шилдэг аргуудын талаар уншиж, өөрийн гэсэн номын сан эсвэл булантай болоорой.
10
Ажлын өрөөгөө хэрхэн цэгцлэх вэ?
Гэрийн бусад хэсгээс илүүтэй ажлын өрөөг цэгцлэх нь хамгийн хэцүү байдаг. Учир нь нэг талаас өөрт тухтай цэгцтэй байвал, ажлын бүтээмж сайжирдаг, харин нөгөө талаас бүх зүйлсээ гарын доор ойрхон байлгах шаардлага тулгардаг.
Тиймээс сул орон зайг ашиглан, ямар нэг төвөг болохгүй ханын тавиур, таазанд тулсан босоо шүүгээ зэргийн тусламжтай энэ асуудлаас салж болно. Ажлын ширээ олон шургуулгатай байх тусмаа, эмх цэгцтэй байхад тустай байдаг юм шүү.