Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч нууц нь тайлагдаагүй өчнөөн олон зүйл байгаль дэлхийд байсаар байгаа. Түүний хамгийн энгийн жишээ нь алмас хэмээх аварга биет, хүн төрхт амьтны тухай ярианууд юм. "Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт удаан шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм" гэсэн таамаг дэлхийн эрдэмтэн судлаачдын дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг "сан шин", "рийдэг саншин" гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байжээ.
Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол судлаач Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасын мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд гурван ч удаа алмасыг харсан гэдэг. "Судлаач Р.Равжирын авсан алмасын хэмээгдэх зураг, мөрнийх нь хоёр зураг надад байсан. Их цаасан дотроосоо олдоггүй. Мөр нь гэхэд л томхон шиг хүний тавхайнаас хоёр дахин том юм билээ" гэж соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Галсангийн Жамьян хуучилж байна. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн "Алмас сурвалжилсан тэмдэглэл", "Энэ хүн мөн үү" гэсэн хоёр ном хэвлүүлсэн байдаг. Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын ШУА болон академийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, билгүүн номч Б.Ренчин, доктор Д.Майдар нар ил далд дэмжиж, дэлхийн шинжлэх ухаанд нээлт болгон оруулах горьдлого тээж байжээ.
Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Р.Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасын мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА болон доктор Б.Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нэлээд хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд "Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасын мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх биз ээ. Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ шинэ амжилт хүсье" гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт бас нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал болоод түүний монголчилсон эх хувилбар байж. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн номондоо "Монгол Алтайгаас Р.Равжирын олсон алмасын мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой" гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба хэмээгч "Омон түмбий" гэдэг ном бүтээж, номондоо алмасын зургийг зурж, алмасын цөсийг эмэнд хэрэглэдэг "Лха эрдэнэ" гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха эрдэнэ хэмээх алмасын цөсийг хүний шарх, цус алдалтад эрхэм тустай гэсэн байдаг. "Омон түмбий" хэмээх энэ судар Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.