Хувцасны хээгээр биеийнхээ өө сэвийг хэрхэн далдлах вэ?

Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг. Зөв хувцсаа сонгож чадвал та гоолиг, нарийн бэлхүүстэй гээд, хүссэнээрээ харагдах боломжтой гэж стилистүүд хэлдэг. Зөвхөн зөв хэлбэртэй хувцас бус, зөв хээг сонгож чадвал та улам ч илүү анхаарал татам, дэгжин харагдах боломжтой. Тэгвэл бид танд бараг бүх хүмүүст зохидог, өө сэвийг хамгийн ихээр далдалж, өмссөн эзнээ сайхан харагдуулдаг 8 төрлийн хээний тухай хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Хувцасны хээгээр биеийнхээ өө сэвийг хэрхэн далдлах вэ?

1 Вандуйн хээ буюу цэгтэй хувцаснууд

Ийм хээтэй даашинз эсвэл юбка худалдаж авах гэж байгаа бол өөрийн жиндээ тохируулан хээг нь сонгох хэрэгтэй. Учир нь жижгэвтэр олон хээ нь илүү туранхай, цэгцтэй харагдуулдаг бол том хээ нь эсэргээр илүү махлаг харагдуулдаг юм шүү. Хэрэв та хөлөө урт харагдуулахыг хүсвэл вандуйн хээтэй цамц, харин цээжээ илүү урт харагдуулахын тулд ийм хээтэй өмд өмсөж болно.

  • Лийр хэлбэрийн биетэй, махлаг бүсгүйчүүд ийм хээтэй цамц өмсөж, хээгүй юбка өмсвөл, биеийн хэлбэр тэнцвэртэй харагддаг. 

Ийм хээтэй хувцас өмссөн үед ямар нэг гоёл чимэглэл зүүх шаардлага гардаггүй. Таныг хангалттай хээнцэр харагдуулах учир гоёл чимэглэл сонгох гэж цаг үрэх хэрэггүй. 

Вандуйн хээ буюу цэгтэй хувцаснууд

2 Дөрвөлжин хээ

Ийм төрлийн хээтэй хувцас нь вандуйн хээтэй адил хээ нь том байх тусам илүү махлаг харагдуулдаг. Харин өвдөг давсан урттай даашинз, шулуун хээтэй бол илүү гоолиг, өндөр харагдуулах чадвартай. 

  • Ийм хээтэй хувцас сонгохдоо юбка эсвэл даашинз сонгох хэрэгтэй. Харин дөрвөлжин хээтэй өмд нь хөлийн майга харагдуулдаг учир аль болох зайлсхийгээрэй. 

Шоотой хээг ихэвчлэн сургуулийн дүрэмт хувцсанд ашигладаг ч энгийн үед эмэгтэйлэг, өсгийтэй гуталтай хослуулан өмсөхөд маш загварлаг харагдаг. Ийм юбка сонгосон бол дээгүүр нь савхин хүрэм сонговол илүү чөлөөтэй харагдана. 

Дөрвөлжин хээ

3 Босоо болон хөндлөн зураастай хээ

Босоо зураастай хээ нь таныг илүү өндөр, гоолиг харагдуулдаг бол хөндлөн шулуун хээ нь илүү өргөн харагдуулдаг билээ. Хэрэв таны тааз бага зэрэг нарийн бол, хөндлөн судалтай юбка өмсвөл илүү нарийн бэлхүүстэй, өргөн таазтай харагдаж болно. Харин өөрийн өндөртөө санаа зовдог бол босоо судалтай урт даашинзыг сонгож өмсөөрэй. 

  • Цээж болон, таазны хэсгээ илүү том харагдуулахыг хүсвэл илүү өргөн хөндлөн зураасыг сонгоорой. Харин босоо судалтай даашинз худалдан авахдаа хээ нь жигд биш байвал зүгээр. Учир хэт жигд хээ нь хувцсыг хямдхан харагдуулахаас гадна гэрийн тавилганы материал шиг харагддаг. 

Ийм хээтэй хувцас сонгохдоо хээ нь бага зэрэг хол зайтай, хэт сул хувцас байж болохгүй. Ингэвэл биеийн галбирыг тодорхойгүй харагдуулдаг.

Босоо болон хөндлөн зураастай хээ

4 Ташуу судалтай хээ

Ташуу зураастай хээг хамгийн эмэгтэйлэг хээ ч гэж нэрлэдэг. Учир нь ийм хээтэй хувцас өмссөн эмэгтэйн бие уян налархай, уран гоолиг харагддаг. Цээж болон өгзөгний хэсгийг илүү тодотгож, бэлхүүсийг илүү нарийн харагдуулах чадвартай хээ билээ.

  • Туузаар ороосон мэт ийм хээтэй хувцсыг туранхай охид өмсвөл илүү зохимжтой. Ингэснээр тааз болон цээжний хэсгээ тодотгон, ялгарч харагдахад тустай юм. 
  • Харин алиман хэлбэрийн биетэй буюу гэдсээрээ тарган охид ташуу зураастай хувцас өмсөж, өө сэвээ далдалж болно.  

Ташуу хээ нь биеийг бага зэрэг өргөн харагдуулдаг. Тиймээс хээ болон суурь өнгө хоорондоо хэт зөрүүтэй бишийг сонгоорой. 

Ташуу судалтай хээ

5 Пэйсли буюу Турк өргөст хэмхний хээ

Уг хээ нь торго, хивс үйлдвэрлэлээрээ алдартай Турк улсаас гаралтай.  Өргөст хэмхийг төсөөлүүлэн анх зурсан ч хожим загварын олон төрлийн хувцсанд уг хээг ашиглах болсон юм. Пейсли хээтэй, өвдөг давсан эсвэл шагайн урттай даашинз нь биеийн өө сэвээ далдалж, загварлаг бөгөөд сонирхолтой харагдуулдаг билээ.

  • Энэ хээ нь ямар ч биетэй бүсгүйчүүдэд гайхалтай харагддаг. Биеийн өө сэвийг далдлахын зэрэгцээ илүү хөнгөн бөгөөд дур булаам галбиртай харагдуулдаг. 

Гэхдээ ийм хувцсыг коктейлний үдэшлэг эсвэл жижиг цэнгүүний үеэр өмсөхөд илүү тохиромжтой. Харин ажил дээрээ өмсөхөд тохиромжгүй, мэдрэмжгүй харагдана.

Пэйсли буюу Турк өргөст хэмхний хээ

6 Цэцгэн хээ

Хэт том биш, хэт жижиг биш дундаж хэмжээтэй цэцгэн хээ нь хамгийн тохиромжтой. Учир нь хэт жижиг цэцэг нь харагдах байдлаасаа зохимжгүй. Харин хэт том хээ нь ойлгомжгүй сэтгэгдлийг төрүүлдэг юм.

  • Хэрэв та биеийн аль нэг хэсэгтээ бусдын анхаарлыг татахыг хүсэхгүй байгаа бол уг хээг ашиглаарай. Ийм хээтэй цамц болон даашинз нь эмэгтэйлэг байдлыг нэмэгдүүлж, анхаарал татах чадвартай байдаг юм шүү. 

Хэт тод хээтэй өмд, цамц сонгож болохгүй. Харин хүлээн авалт бол томоохон арга хэмжээний үед том бөгөөд тод цэцгэн хээтэй даашинз өмсвөл олны нүдэнд тусахуйц сайхан харагдана.

Цэцгэн хээ

7 Ууссан хээ

Ийм хувцас сонгох цорын ганц бөгөөд хамгийн чухал дүрэм бол анхаарал татахыг хүссэн хэсэгтээ цайвар өнгийг, анхаарлыг сарниулахыг хүссэн хэсэгтээ бараан өнгийг сонгох юм. Ийм өнгийн хувцас, тэр дундаа даашинз нь эмэгтэйлэг байдлыг илүү тодотгож, таныг дөнгөж дэлбээгээ нээсэн цэцэг мэт харагдуулдаг. 

  • Дээшээ эсвэл доошоо харсан гурвалжин эсвэл алиман галбиртай бүсгүйчүүд ийм хувцасны тусламжтай биеийн өөгөө далдалж болно. Та хэвлий хэсгээрээ тарган бол мөр, цээжээ ил гаргаж, доороос дээш ууссан даашинзыг сонгоорой. Харин бэлхүүсээ илүү тодотгохыг хүсвэл, гол хэсэгтээ бараавтар уусалттай хувцас сонгоорой. 

Ууссан хээ

8 Амьтны хээ

Ирвэс, тахь, могой гэх мэт амьтдын төрөлхийн хээг дуурайн бүтээсэн хувцас сонгохдоо нэг дор хэт ихийг ашиглаж болохгүй гэсэн дүрэм баримтлах хэрэгтэй. Тиймээс өдөр тутмын хувцаслалтдаа амьтны хээтэй хувцсыг сонгосон бол бусад хувцсаа цулгуй өнгөтэйг сонгоорой. Нэг дор хэт олон төрлийн хээ хувцаслалтыг замбараагүй бөгөөд хямдхан харагдуулна. 

  • Амьтны хээтэй хувцас нь хүмүүсийн анхаарлыг хангалттай татах учир жижиг ээмэг болон гар цүнхээр чимэглэхэд хангалттай. 

Амьтны хээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()