1
Өөрийгөө хайрлахад туслах 10 шидэт үг
Бид өглөө бүр нүүрээ будахдаа эсвэл усанд орсоны дараа, ажилдаа явахын өмнө толины өмнө зогсож өөрийгөө ямар харагдаж байгааг дүгнэдэг. Энэ үедээ та доорх 10 үгийг өөртөө хэлбэл тухайн өдрөө илүү жаргалтай байж, өөрийгөө хайрлах болно гэж сэтгэл судлаачид зөвлөжээ. Үүнд:
- Гоо сайхан
- Эрүүл мэнд
- Аз жаргал
- Хайр дурлал
- Баяр баясгалан
- Оюун ухаан
- Эд баялаг
- Хөгжилтэй
- Эрч хүч
- Ашиг орлого
Эдгээр үгийг хэлэхдээ толин дахь тусгал руугаа өөртөө итгэлтэй харж, цэх зогсож байгаад хэлэх нь хамгийн үр дүнтэй шүү.
2
Би үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг, аз жаргалтай
Толинд бид гадаад төрхөө хардаг учир, бусдын олж хараагүй өө сэв, асуудалтай хэсгүүддээ анхаарал хандуулдаг. Энэ нь маш буруу бөгөөд аль болох өөрийнхөө сайхныг харж, өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй.
Гоо сайхан
"Би бол хамгийн сайхан бүсгүй" эсвэл "Би үнэхээр үзэсгэлэнтэй, дур булаам эмэгтэй" гэж өөртөө итгэлтэй, чанга хэлсэн даруйдаа та сэтгэл санааны өөрчлөлтийг харах болно.
"Хүн бол сэтгэлийн амьтан". Тиймээс ч ийнхүү үгэн дэмээр өөрийгөө урамшуулах нь бодит байдал дээр үр нөлөөгөө өгч чаддаг гэдэгт бүү эргэлзээрэй.
Эрүүл мэнд
"Би эрүүл байна", "Бие минь хөнгөн, сайхан мэдрэгдэж байна" зэрэг үгсийг өвдсөн үедээ өөртөө байнга хэлээрэй. Энэ үг нь эмээс илүү анагаах хүчтэй. Хэрэв "Миний бие өвдөж байна", "Надад хэцүү байна", "Царай минь цонхийчхож" гэх мэт үг хэрэглэвэл та өөртөө л гай дуудаж байгаа учир, аль болох хурдан орноосоо босож, эрүүл болохын тулд хамгийн сайхан үгсийг л сонгож хэлээрэй.
Аз жаргал
Хүмүүс өөр өөр зүйлсээс аз жаргалыг мэдэрдэг. Зарим хүмүүс эд баялаг, хайр хүсдэг бол зарим нь аз жаргал, хүүхэдтэй болох гээд өөр өөр зүйл хүсдэг. Та туйлын ихээр хүсэж буй зүйлээ толинд шивнэвэл таны хүслийг биелүүлэх чадвартай учир үзээд алдаарай. Ингэхдээ толины өмнө зогсоод өөрийн хүсэж буй зүйлдээ анхаарлаа сайтар төвлөрүүлээд, яагаад хүсэж байгаа болон түүндээ хүрсний дараа юу хийх талаараа чанга хэлэх хэрэгтэй.
3
Хайр дурлал, баяр баясгалан, оюун ухаан
Хайр дурлал
Хайртай хүнтэйгээ хамтдаа юу хийх талаараа, түүнийг хэрхэн аз жаргалтай байлгах талаараа ирээдүйгээ төсөөлөн толинд хэлж болно. Ингэхдээ "Би ......-ээр хайрлуулмаар байна" гэж толинд шивнээрэй. Гэхдээ энэ хүсэл хоёр хүмүүс хоорондоо харилцан сэтгэлтэй үед л үйлчилнэ гэдгийг санаарай.
Баяр баясгалан
Сэтгэлээр унасан, гэнэтийн муу мэдээ сонссоны дараа бид бүх зүйлд бууж өгмөөр санагдаж, сэтгэлээр унах өдрүүд тохиолддог. Энэ үедээ толины өмнө зогсоод өөртөө ямар боломж байгаа талаараа, сайн сайхан зүйлс, таныг хайрлаж, итгэдэг хүмүүсийн талаар мөрөөдлүүдээ өөртөө ахин нэг удаа сануулаарай. Ингэсний дараа таны сэтгэл тайвшрах болно.
Оюун ухаан
Хүний оюун ухааныг ямар нэг сав хэмжүүрээр их, бага гэж дүгнэх нь хамгийн буруу зүйл. Учир нь төрөлхийн зураач хүмүүс, математикийн хичээлд сонирхолгүйн улмаас муу авч болно. Тиймээс хэрэв таныг сэтгэн бодох чадварын тань хувьд хэн нэгэн дутуу үнэлж, буруугаар ойлгосон бол өөрийн сайн талуудыг хэлээрэй. Гэхдээ та зөвхөн өөртөө хэлж сануулах бус, хүссэн салбартаа байнга суралцаж, хөгжиж дэвших ёстойгоо мартаж болохгүй.
4
Эд баялаг, хөгжилтэй байдал, ашиг орлого
Эд хөрөнгө
Хангалуун амьдрал өнөөгийн нийгмийн хамгийн түгээмэл хүслүүдийн нэг болсон. Та ч гэсэн үүнийг хүсэж байгаа бол юун түрүүнд хэрэггүй худалдан авалтаасаа татгалзаж, мөнгөө цуглуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл илүү бодит мөрөөдөл эсвэл ойрын зорилгоо тодорхойлсны дараа үүнийгээ гэрийнхээ толинд зургийг нь нааж эсвэл нэрийг нь бичээд өглөө бүр үүнийгээ харж, юуны төлөө хөдөлмөрлөж байгаагаа санах хэрэгтэй. Нэгэнтээ зорилгоо тодорхойлж, шаргуу ажиллаж байгаа хүнд эд хөрөнгө үргэлж таатай ханддаг юм шүү.
Хөгжилтэй байдал
Хэрэв та өглөөг тааруухан угтвал тэр өдөр бүхэлдээ уйтгартай, дүнсгэр өнгөрдөг. Өглөө нүдээ нээмэгцээ "Би амьдралд хайртай", "Өнөөдөр гайхалтай сайхан өдөр болно" эсвэл хувцсаа өмссөнийхөө дараа "Надад хувцас сайхан зохих юм. Би гайхалтай харагдаж байна." гэж сэргээх үгсийг өөртөө хэлж заншаарай. Та үүнийг хэрэгжүүлсэн эхний өдрөө л өөрчлөлтийг мэдрэх болно.
Эрч хүч, эрх мэдэл
Ямар нэг зүйлс бидний удирдлагаас гарах үед ямар мэдрэмж төрдгийг та мэдэх байх. Өөрийгөө арчаагүй, сул дорой, ямар ч эрх мэдэлгүй нэгэн шиг бодох нь танд эдгээрийг дуудаж байдаг. Тиймээс асуудлын шийдлийг толгойдоо бодож олсны дараа өөртөө хамгийн ойр толинд яаж шийдвэрлэх талаараа чангаар хэлэх хэрэгтэй. "Би үүнээс айхгүй байна. Учир нь би яаж шийдэх аргыг нь мэднэ." эсвэл "Би заавал чадах болно. Өөртөө итгэж байна." зэрэг үгсийг хэлээрэй.
5
Ашиг орлого
Ашиг орлого
Ямар ч бизнес эхэн үедээ "хатуу нүүрээ" харуулдаг. Тиймээс тууштай байж, тухайн зүйлдээ итгэх нь хожмын өдөр амжилтыг дагуулдаг. Хэрэв эрхэлж буй бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхийг хүсвэл "Би зорилгодоо заавал хүрнэ. Саад бэрхшээлээс огтхон ч айхгүй байна." гэсэн үгийг толины өмнө зогсоод өөртөө хэлээрэй.
Жич: Та толины өмнө ярихдаа тольтой биш өөртэйгөө ярилцаж байгаа учир худал хэлж, итгэлгүй байж яавч болохгүй шүү! Эс бөгөөс таны өөртөө хэлсэн үгс ямар ч нөлөөгүй болж, шидэт хүчээ алдана гэдгийг санаарай.