Үхэхээсээ өмнө заавал хийж үзэх ёстой зүйлс

Бид өдөр бүр л ямар нэгэн зүйлсийг хийж амьдардаг. Заримыг нь зорилготойгоор, харин заримыг нь зүгээр л санаандгүйгээр хийдэг. Гэвч бидний амьдрах хугацаа хязгаартай тул хэзээ үхэхээ мэдэхгүй амьдардаг энэ орчлонд хүн болж төрснийхөө хэргийг бүтээж, ямар нэгэн үр бүтээлтэй зүйлийг заавал хийх ёстой. Бид танд энэхүү нийтлэлээрээ хүн амьд байх хугацаандаа заавал хийвэл зохих 30 зүйлийг дурдах болно. Харин та урсан өнгөрч буй өдөр хоногийн хойноос шаналан, харамсахгүйн тулд эдгээр зүйлсийг ядаж нэг удаа ч гэсэн хийгээрэй.

Үхэхээсээ өмнө заавал хийж үзэх ёстой зүйлс

1. Өөрийгөө зурах
Үүнийг хийхэд та заавал сайн зурдаг, эсвэл мэргэжлийн зураач байх шаардлагагүй. Зүгээр л цаас, бийр, будаг аваад зурж эхэл. Харин хичээнгүйлэн зурсан тэр зургаа өрөөнийхөө хананд өлгөж, эсвэл хамгийн нандин газар хадгалаарай.
2. Хэн нэгний амийг аврах
Та хэн нэгний амийг аврахын тулд заавал супер баатар байх шаардлагагүй. Хэрвээ та хангалттай мөнгөтэй бол хэн нэгний хагалгааны зардлыг төлөх, эсвэл хэн нэгэнд цусаа хандивлаж ч болох юм. Сайн үйлийн хариу хэзээ нэгэн цагт танд, эсвэл таны үр хүүхдэд заавал ирэх болно.
3. Хэрэглэж байсан зүйлсээ ядууст хандивлах
Бид хэрэггүй болсон эд зүйл, хувцас хунараа ихэнхдээ хогийн саванд хийгээд, эсвэл шатаачихдаг шүү дээ. Харин хэн нэгэнд үүнийгээ хандив болгон өгснөөр та тухайн хүнд, төдийгүй өөртөө аз жаргалыг мэдрүүлэх болно.

4. Мод тарих
Байгаль эхийн төлөө, ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө амьдралдаа ядаж нэг удаа заавал мод тарь. Хэрвээ та хашаа, байшинд амьдардаггүй бол цэцэрлэгт хүрээлэн, эсвэл байрныхаа ойролцоо ч мод тарьж болно.
5. Ариун газарт очих
Амьдралдаа ядаж нэг удаа ариун дагшин, амар амгалан газар очиж, өөрийнхөө тухай, амьдрал, ирээдүйнхээ тухай эргэцүүлээрэй. Харин та ариун дагшин газар очихын тулд заавал ямар нэгэн шашинтай байх албагүй.
6. Замын унаанд дайгдах
Амьдралдаа ядаж нэг удаа ч гэсэн үүргэвчээ үүрээд, машингүйгээр аялалд гар. Замын унаанд дайгдаж, аялах нь бага зэрэг эрсдэлтэй ч таны амьдралд мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх болно.

7. Ямар нэгэн улсын хэлийг сурч, тухай улсдаа найзтай болох
Хүн шинэ хэл сурах бүрдээ өөрийнхөө өмнө шинэ ертөнцийг нээж байдаг. Учир нь хэл сурна гэдэг нь дан ганц хэл бус , тухайн улсын соёл, онцлог, дүрэм журам, хүмүүсийн харилцаа, сэтгэхүйн онцлог зэргийг танин мэдэх явдал юм. Тиймээс амьд явах хугацаандаа ядаж нэг гадаад хэлийг заавал сураарай.
8. Аяллын компаниар дамжуулан аялах
Амьдралдаа нэг удаа ч гэсэн юунд ч санаа зовохгүйгээр, хэн нэгний бэлдэж өгсөн маршрут, арга замаар аялж, биеэ энхрийлэх хэрэгтэй.
9. Сайн дурын ажил хийх
Бусдад туслахаас илүү сайхан зүйл гэж байхгүй шүү дээ. Та зохион байгуулалттай сайн дурын ажилд оролцохоос гадна өөрийнхөө хүслээр хэн нэгэнд хоол, хувцас өгч, настай хүмүүст туслах зэрэг үйл хийж болох юм.

10. 7 хоногийн турш өөрийгөө нийгмээс тусгаарлаж, ганцаараа байх
Энэ магадгүй хэцүү сонсогдож байгаа байх. Гэхдээ 7 хоногийн турш зурагт үзэхгүй, интернетэд орохгүй, хэнтэй ч, юу ч ярихгүй байх үед тархи толгой маш сайн амарч, та өөрийгөө шинээр төрсөн мэтээр л мэдрэх болно.
11. Өдрийн тэмдэглэл хөтлөх
Өдрийн тэмдэглэл бичиж, эхлэн , түүн дээрээ өөрийнхөө бүх бодол, санааг бичин, үр хүүхдүүддээ өвлүүлээрэй. Таныг нас барсны дараа үр хүүхдүүд чинь, таны сэтгэл дотроо юу бодож явдаг байсныг мэдэх сайхан байх болно.
12. Өөртэйгөө адилхан мөрөөдөлтэй хүнтэй учрах
Өөртэйгөө адилхан мөрөөдөл, зорилготой хүнтэй учирч, хамтдаа түүнийхээ төлөө тэмцээрэй. Тэр хүн чинь таны эхнэр, нөхөр, сайн найз, сайн хамтрагч хэн ч байж болох юм.

13. Баглаа цэцэг худалдан аваад, танихгүй хүнд өгөх
Цэцэг хүний сэтгэл санааг үнэхээр сайхан болгодог. Та танихгүй хүнд цэцэг бэлэглэснээр тухайн хүнд сайхан дурсамжийг үлдээх болно.
14. Хүүхэд шиг байх
Том болсон хойноо, ядаж нэг удаа ч гэсэн хүүхэд шиг байж, хүүхэд шиг сэтгэж, бусдыг хайрлаж, инээлгэж, юу ч бодолгүй амьдарч үзээрэй.
15. “Флэш моб”-д оролцох
Амьдралдаа ядаж нэг удаа иймэрхүү олныг хамарсан арга хэмжээнд оролцож, өөртөө аз жаргал, баяр баясгаланг бэлэглээрэй.

16. Гэр бүлийнхэн эсвэл найзуудтайгаа авахуулсан багын зургаа олох
Үүний дараа зурган дээрх хүмүүсийг цуглуулж, яг тэр зурган дээрх шиг байрлалаар дахин нэг удаа зургаа авахуулаарай. Энэ нь таны амьдралын хамгийн нандин дурсамжуудын нэг болох болно.
17. Гэр бүлийн мод
Амьд явах хугацаандаа ураг, төрлийнхнийгөө мэдэж авах нь зайлшгүй хийх ёстой зүйл юм. Өөрөөсөө дээших 9 үеийн өвөг эцэг, хамаатан садан, тэдний үр хүүхдүүдийг багтаасан ургийн модыг амьд байх хугацаандаа заавал бүтээгээрэй.
18. Нэг өдрийн турш худал ярихгүй байх
Хүн өөрөө хүсэхгүй байсан ч худлаа ярьж л байдаг. Харин амьдралдаа ядаж нэг өдрийн турш бодож, санаж байгаагаа хүмүүст шулуухан хэлж, нууж хаалгүйгээр ярилцаж үзээрэй. Үнэхээр хэцүү байж болох ч энэ зүйлийг туршиж үзсэн өдрөөс эхлэн, амьдрал тань өөрчлөгдөх болно.

19. Мөрөөдлийн самбар хийх
Гэрийнхээ хананд ямар ч хамаагүй самбар өлгөж, түүн дээрээ өөрийнхөө хүсч мөрөөдөж явдаг зүйлс, эсвэл өөрийгөө аз жаргалтай болгож чадах зүйлсийн зураг, үгийг бичиж, наагаарай. Амьдралдаа нэг удаа ч гэсэн өөрийгөө урам зоригоор хангах зүйлийг бүтээх хэрэгтэй.
20. Өөрийн гараар бэлэг хийх
Хамгийн хайртай хүндээ өөрийнхөө гараар бэлэг хийж өгөөрэй. Тухайн хүнд хэзээ ч мартагдахааргүй, үнэ цэнэтэй дурсамжийг үлдээх болно.
21. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих
Гэнэтийн бэлэг барихад та заавал мөнгөтэй байх шаардлагагүй. Зүгээр л, гэрээ чадах чинээгээрээ чимэглэж, дуу дуулж өгөх зэрэг энгийн зүйлээр ч гэнэтийн бэлэг барьж болно.

22. Тог, цахилгаангүйгээр нэг өдөр амьдрах
Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаасаа холдож, дуу чимээгүй, нам гүмд юу ч бодолгүй нэг өдөр амьдарч үзээрэй. Маргааш нь та өөрийгөө эрх чөлөөтэй, аз жаргалтай хүн гэдгийг мэдрэх болно.
23. Нэг сар цагаан хоол идэх
Нэг сарын турш мах идэхгүй байснаар таны биед тийм ч ноцтой сөрөг нөлөө учрахгүй. Харин та маш олон амьтны амийг аврах болно.
24. Нэг өдрийн турш хүссэн бүхнээ хийх
Маш сайн бодож, төлөвлөж байгаад, нэг өдрийн турш өөрийгөө зөвхөн аз жаргалтай болгох зүйлсийг чин сэтгэлээсээ хийгээрэй.

25. Өөртөө хувцас оёх
Бид үргэлж л хэн нэгний хийсэн хувцсыг өмсдөг шүү дээ. Харин та нэг удаа ч гэсэн өөрийнхөө гараар өөртөө хувцас оёж, өмсөөрэй. Тэр хувцас чинь таны хувьд үнэхээр үнэ цэнэтэй байх болно.
26. Ямар нэгэн онцгой зүйл сурах
Хүмүүсийн тэр бүр хийгээд байдаггүй, зөгий үржүүлэх, мод засч янзлах, сийлбэр хийх гэх мэт онцгой зүйлсээс ядаж нэгийг сураарай.
27. Далай дээр очих
Амьдралдаа ядаж нэг удаа хязгааргүй үргэлжлэх далайг зорьж, өөртөө амар амгалан, тайтгарлыг бэлэглээрэй.

28. Захиа бичих
Интернетээр, утсаар биш цаасан дээр, өөрийнхөө сэтгэлийн үгтэй захиаг ядаж нэг удаа бичиж үзээрэй.
29. Ирээдүйн өөртөө захиа бичиж үлдээх
10 эсвэл 20 жилийн дараах өөрийгөө төсөөлөн бодож, амьдрал ахуйг нь асуухын зэрэгцээ, өөртөө хэлэх захиасаа цаасан дээр бичиж, хэний ч гар хүрэхгүй газарт хадгалаарай. Цаг нь болоход та өөртөө бичсэн захиагаа уншаад үнэхээр их баярлах болно.
30. Хамгийн нандин зүйлсээ хийдэг хайрцагтай болох
Өөрийнхөө мартахыг хүсэхгүй байгаа сайхан дурсамжийг илэрхийлсэн зураг, захиа, бэлэг зэрэг зүйлсийг нэг хайрцагт хийж, далд хадгалаарай. Удаан хугацааны дараа хайрцгаа нээж үзэхэд та үнэхээр их баярлах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()