1
Өөрөөсөө "өө" хайх
Сэтгэл зүйчид төгс төгөлдөр байдлыг эрэлхийлж буй шалтгааныг өөртөө итгэлгүй, сэтгэлийн түгшүүртэй байдлаас үүддэг хэмээн үздэг. Өөрөөсөө өө сэв хайх тусам гарч ирээд л байдаг. Учир нь өндөг шиг, өөгүй, төгс хүн гэж хаа ч байхгүй шүү дээ.
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Хүүхэд бол зүгээр л оролдсоор байгаад л алхаж сурдгаас биш уначих вий гэж айж, алхдаггүй шүү дээ. Том хүн ч мөн адил. Хүн өөрийн дутагдалтай талуудаасаа ичиж зоволгүй түүнийгээ чулуу болгож гэмээнэ л өөртөө итгэлтэй байх болно.
2
Өөрийгөө бусадтай харьцуулах
Хүн бүр л онцгой, өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар байдаг. Харин бид өөрийгөө бусадтай харьцуулснаараа энэхүү өвөрмөц шинж чанараа үгүй хийж байдаг.
“Харьцуулалт бол аз жаргалын хулгайч” Теодор Рузвельт
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Үүний тулд та эхлээд өөрийгөө бусадтай биш өөртэйгээ харьцуулж сурах хэрэгтэй. Ер нь өчигдөр байсан өөрөөсөө давж гарч чадаж байгаа хүнийг л амжилттай хүн гэж хэлдэг шүү дээ. Түүнчлэн өөртөө итгэлтэй болох бас нэгэн найдвартай арга бол түүхэнд нэр алдраа дуурсгасан, гайхалтай хүмүүсийн тухай, тэдний хэрхэн тэгээс эхэлж, алдрын оргилд хүрсэн түүхийг уншсанаар та өөртөө илүү их итгэлтэй болох болно. Тэд чадсан байхад та яагаад болохгүй гэж?
3
Хүмүүстэй ярихдаа өөрийгөө доош хийх
Энэ зангийн хамийн том илрэл бол хүмүүстэй ярьж байхдаа, “ өө, би ч чадахгүй гэдгээ угаасаа мэдэж байсан юм аа”, “би хийж чадахгүй гэдгээ мэднэ ээ” гэх мэт өөрийгөө доош хийсэн, хүч чадлаа дутуу үнэлсэн үгнүүдийг ашиглах юм.
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Сул тал бол биднийг илэрхийлэх онцлог байдал юм. Та өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрснөөр бусад хүмүүсийг ч бас өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, сул талаа хүлээн зөвшөөрч, түүнээсээ ичихээ больсноор, бусад хүмүүс ч таныг дорд үзэхээ болино.
4
Боломжийг бус бэрхшээлийг олж харах
Аливаа асуудлаас зөвхөн бэрхшээлийг олж харах бол хүнийг зовлон зүдгүүр, сул дорой байдал руу уруу татдаг хамгийн том сул тал юм.
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Та юуны түрүүнд алдаа гэж байдаггүй, харин чухал туршлага л гэж байдгийг чин сэтгэлээсээ ойлгох хэрэгтэй. Биднийг гайхалтай, хүчирхэг болгодог цорын ганц зүйл бол бидний алдаа шүү дээ. Тиймээс алдаа гаргахаас бүү ай. “Сүүдрээс бүү ай, учир нь гэрэл ойрхон байгаа гэсэн үг”
5
Хэн ч танаас илүү хийж чадахгүй
Хүнд итгэж, ажлаа даалгаж чаддаггүй, зөвхөн өөрөө л ганцаараа энэ бүхнийг хийж чадна хэмээх бодол нь яваандаа айдас түгшүүрийг бий болгодог.
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Бусдад итгэж сурах, хариуцлагыг хамтдаа үүрэх зэрэг нь өөртөө итгэлтэй байдлын нэгэн шинж юм. Энэ зөвхөн ажлын байран дээр төдийгүй гэр оронд ч үүсч л байдаг асуудал шүү дээ. Нөхөртөө итгэж гэрийн ажлаа даалгаж чадахгүй, хүүхдүүддээ бүрэн итгэл үзүүлэхгүй байснаар, ажлын хүндийг та л нуруундаа үүрч байгаа мэт санагдан, сэтгэлээр унаж, яваандаа өөртөө итгэхээ больдог. Тиймээс хэн нэгэнд итгэж сурах хэрэгтэй. Хэн нэгэнд итгэснээрээ бид өөртөө төдийгүй бусдад хүч, урам зориг хайрлаж байдаг.
6
Ирээдүйнхээ талаар сөргөөр бодох, түүнээсээ айх
Ямар нэгэн үг хэлэхдээ, эсвэл ажил хийхдээ түүний үр дүнд юу болж болох талаар хамгийн муугаар төсөөлөн боддогоос болж өөртөө итгэх итгэлээ үгүй хийж байдаг.
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Бодит байдал болон төсөөллийн заагийг зөв олж сурах хэрэгтэй. Бодит байдал болон өнгөрснийг бодсоноор л энэ зан илэрч байдаг. Тиймээс өөрийнхөө ирээдүйг төсөөлөхдөө бодлоо сайтар хянаж, сайн сайхан зүйл рүү чиглүүлэх хэрэгтэй.
7
Бусдын зөвшөөрлийг хүлээх
Өөрийгөө тухайн ажлыг хийж чадна гэдэгтээ итгэхгүйгээсээ болж хэн нэгний зөвлөгөөг сонсож, тэдний зөвшөөрлийг хүлээх үе гардаг уу? Тэгвэл энэ зангаа одоохон хаях хэрэгтэй. Ухаантай гэж боддог хүмүүсийнхээ зөвшөөрлийг эрэлхийлэлгүйгээр өөрөө өөртөө эзэн болж, цаг ямагт бие даан шийдвэр гаргаж байх нь зүйтэй юм.
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Өөрөө өөртэйгээ сайн ярилцаж, өөрийнхөө давуу талуудын талаар сайн мэддэг болох хэрэгтэй. Өөрийгөө олж нээж чадсанаар та дахин бусдын үгийг хүлээхгүйгээр өөртөө итгэж, шийдвэр гаргаж сурах болно.
8
Хэрэггүй зүйлд цаг, заваа үрэх
Дэлгүүр хэсэх, найзуудтайгаа уулзах, кино үзэх, шинэ хүмүүстэй танилцах үедээ та сэтгэлээр унаж, цаг заваа дэмий зүйлд л үрээд байна даа хэмээн боддог уу?
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Та амьдралдаа аз жаргалтай, өөртөө итгэлтэй байхын тулд асуудалд хандаж байгаа хандлагаа өөрчлөхөд л хангалттай. Үүний тулд, орой унтахаасаа өмнө хэдхэн минутыг өөртөө зарцуулж, тайвшран суугаад, өнөөдөр юу хийсэн, тэдгээр нь амьдралд хэрхэн сайнаар нөлөөлж болох, өнөөдөр болсон үйл явдлуудаас ямар сургамж авч болох талаар нухацтай бодоорой. Өдрийн ажлаа дүгнэж сурснаар, та хийж буй үйлдлүүдээсээ өөртөө итгэлтэй байдлыг мэдэрч сурах төдийгүй, дараагийн удаа өмнө хийсэн хэрэггүй зүйлсээ дахин хийхгүй байх нөхцөл бүрдэнэ.
9
Өнгөрснийхөө талаар хэтэрхий их бодож, шаналах
Туулж өнгөрүүлсэн амьдрал, өөрт тохиолдсон үйл явдлуудаа бодож, өөрийнхөө хэрхэн алдсан, хүмүүс таныг яаж шоолж байсан зэргийг үе үе бодож шаналдаг уу?
Энэ дутагдлаа хэрхэн засах вэ? Өнгөрсөнд болсон үйл явдлуудыг зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний тулд та өөрийн гаргасан алдаануудыг цаасан дээр бичиж, түүнээс юу сурч авснаа тэмдэглээрэй. Ямар ч алдаанаас суралцах зүйл заавал байдаг. Хүмүүс өнгөрснөө ор тас мартаж, өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаггүй болохоор л сул дорой хэвээр үлддэг. Харин та тэдгээртэй нүүр тулснаар илүү их туршлага хуримтлуулж, өөртөө бүрэн итгэлтэй болох болно.
Бусад хүн таныг юу гэж бодож байгаагаас ичих хэрэггүй, харин өөрийгөө хэн гэдгээр л бахарх!