Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, барилга угсралт, тохижилт, интерьер дизайн, зураг төсөл зэрэг барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой идэвхтэй явуулж буй мэргэжлийн 150 гаруй гишүүн компаниудыг нэгтгэсэн, Монгол Улсын хэмжээнд нийт бүтээн байгуулалтын 70-80%-ийг гүйцэтгэн хэрэгжүүлдэг барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага юм.
1
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөл, гишүүд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас тавьсан “Автомашингүй гудамж төсөл” саналыг хэлэлцээд төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргаж энэхүү төсөлд манай байгууллага гишүүн байгууллагын хувьд хамтран ажиллахаар болсон. 2015 онд Гудамж төслийн хүрээнд хэд хэдэн байршилд “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөж байсан ч хөрөнгө оруулалт байхгүйгээс бүгд хийгдэж чадаагүй юм.
УИД-ийн урд талын Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны талбайд газар доогуур байгууламж, гарц туннельтэй “Автомашингүй гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэх санал нь 2016 оны НИТХ-ын төлөөлөгчид болон тэргүүлэгчид дэмжсэн шийдвэр гарган, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар шийдвэрийг хүргүүлж, 2016 оны 06 сарын 20-нд Нийслэлийн засаг дарга “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/501 тоот захирамжийг гаргаснаар хэрэгжих бүрэн боломжтой болсон.
2
Хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн нийт гишүүн байгууллагууд нэгдэж энэхүү төслийг дэмжсэн бөгөөд төслийг хүрээнд дараах зүйлсийг хийхээр төлөвлөсөн:
1. Тохижилтын ажилд төрөөс 1 ч төгрөг зарцуулахгүй бөгөөд нийт бүтээн байгуулагчдаас 1 тэрбум төгрөгийн зоригтой хөрөнгө оруулалтыг оруулж байгаа.
2. Ногоон байгууламж одоо байгаагаас 3-5 дахин нэмэгдэхээс гадна усан оргилуурыг 2 болгон хөгжим гэрэлтүүлгээр бүрэн тохижуулна
3. Усан фонтанын дэргэд машинаа удаан зогсоож амарч суух, зугаалах боломжгүй машиныг шууд ачдаг. Харин энэхүү төсөл хэрэгжсэнээр санаа зовох зүйлгүйгээр машинаа зориулалтын зогсоолд байрлуулах бөгөөд оройн цагаар ойр хавийн оршин суугчид тэрхүү зогсоолд машинаа байрлуулах, ашиглах боломжтой болно
4. Автомашины гражгүй орчинд өвөл машинаа хадгалах, унахад хэцүү бэрхшээлтэй байдаг бол төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар дулаан зогсоол бий болно. Өдрийн цагаар үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхээр зорьж ирсэн хүмүүс, оройн цагаар оршин суугчид ашиглах боломжтой.
5. Мөн дулааны болон бохир цэвэр ус, өндөр хүчдэлийн шугамууд Олон улсын стандартын дагуу тунелийн зарчим буюу газар доогуур хийгдэж, газар доорх байгууламжид тухайн хэсгийн шугам сүлжээний туннель барьснаар засвар үйлчилгээ хийхэд байнга газар ухах шаардлагагүй болно
3
Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг автомашины түгжрэлгүй, иргэд, жуулчдын очих дуртай, амгалан тайван зорчих нөхцөлийг хангасан, ОУ-ын жишигт нийцсэн орчин үеийн шийдэл бүхий газар доорх тохижилттой гудамж болгох зорилготой бөгөөд энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар олон талын давуу тал, ач холбогдлуудтай нь харагдаж байна.
1. Гадны жуулчдыг татсан ОУ-н жишигт бүрэн нийцсэн гудамжтай болно
2. Иргэд жуулчдыг ихээр татсан хотын төв хэсэг болсноор ойр орчмын орон сууцны үнэ өснө
3. Мөн хүмүүсийн хөдөлгөөн төвлөрсөн хэсэг болох тул үүнийг дагаад ойр орчмын худалдаа үйлчилгээний байгууллагуудын ашиг орлого нэмэгдэх боломжтой
4. УИД-ийг Улсын цирктэй холбосон нүхэн гарц бий болсноор явган зорчигчид эрсдэлгүйгээр зам хөндлөн гарах нөхцөл бүрдэнэ
5. Мөн ажлын байр нэмэгдэж олон иргэд ажилтай, орлоготой болсноор татвар газрын төлбөр гээд улсын төсөвт орох орлого ч нэлээд нэмэгдэх зэрэг маш олон талын ач холбогдлуудтай байгаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэх гол зорилго юм.
4
Манай байгууллагын зүгээс өөрсдийн интернет хуудсаар дамжуулан иргэдийн дунд “Автомашингүй гудамж” төслийн тухай санал асуулга явуулахад дийлэнх буюу 85 % нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол иргэдийн дунд төслийн тухай мэдээлэл дутмаг байгаагаас зарим хэсэг нь сөрөг байр суурийг илэрхийлсэн байсан юм. Иймд Монголын бүтээн байгуулагчдыг нэгтгэсэн хамгийн том байгууллагын хийж хэрэгжүүлэн, Нийслэл хотдоо бидний зүгээс хувь нэмрээ оруулж буй “Автомашингүй гудамж” төслийг дэмжиж, хамтдаа хотоо хөгжүүлэхийг уриалж байна.
ХҮНДЭТГЭСЭН,
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН,
БАРИЛГА.МН БАРИЛГЫН ЗӨВЛӨГӨӨ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Г.БАТСҮХ
Сүүлийн долоо хоногийн турш олны анхаарлын төвд байгаа гол сэдвийн дагуу тухайн газар нутагт оршин суудаг зарим иргэдээс дараах тодруулгыг авлаа.
5
65-р байрны оршин суугч Ц.Даваадагва:
Оршин суугч бидний хувьд анх энэ газрыг хувийн компани худалдаж аваад барилга орон сууц барих гэж байна гэсэн ойлголттой байсан. Хотын өв соёлоо хамгаалж байна, энд байгаа хөшөө дурсгалыг усан оргилууртой нь устгах гэж байна, Энэ газрыг хувийн компани худалдаж авсан, дээр нь 5 давхар барилга барина гэж 40,50 мянгатын оршин суугчид нэрийн дор сөрөг сурталчилгаа хүчтэй явж байсан учраас эсэргүүцэж энэ төслийн тухай судалж эхэлсэн. СБД-ын засаг дарга болон хотын удирдлагууд, төслийн гүйцэтгэгч нартай уулзаж мэдээлэл тайлбар авсан. Одоо бол холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж зөв үнэн мэдээлэл авсан учраас энэ бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа.
Энэ төслийн захиалагч, энэ газрын эзэмшигч нь хот, хотын захиргаа өөрөө. Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хөрөнгө оруулалтаа шийдэхийн тулд хувийн хэвшлийнхэнд хотдоо бүтээн байгуулалт хийж гар бие оролцох санал тавьсаны дүнд бүх хөрөнгийг 100% шийдэж чадсанаараа Монголын барилгын үндэсний ассоциаци шалгарч энэ төслийн гүйцэтгэгч болсон юм байна. Тийм учраас төсөв нь бүрдэж, гүйцэтгэгч нь тодорсон энэ бүтээн байгуулалтыг нийслэлийн иргэн хүний хувьд, 40, 50-ын оршин суугчийн хувьд энэ талбайд амралт зугаалгын таатай тохижилт хийгдэхийг дэмжиж байна.
6
50 мянгатын 18-р байрны оршин суугч А.Баянмөнх:
“Автомашингүй гудамж” гэхээр нь машин явуулахгүй хөдөлгөөнийг бүүр хаана гэж бодож эсэргүүцэж байсан. Харин Гэрэлт гудамжтай адилхан тодорхой өдрүүдэд цагийн хуваариар хааж, хүмүүсийн амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. Тийм бол харин ч эсэргүүцэх биш дэмжих хэрэгтэй санагдаж байгаа. Амралтын өдрүүдээр хотын иргэд очих газаргүй бүгд хотоос гадагшаа гарах гэж тэмүүлдэг. Энэ төсөл хийгдэж дууссанаар харин хотынхоо төвд автомашинаас айх айдасгүй зугаалах боломжтой болж байгаа нь надад их таалагдаж байна.
7
48-р байрны оршин суугч Н.Шинэжаргал:
Энэ асуудлын тухай ярилцсан өчигдрийн хэлэлцүүлгийг үзсэн. “Энэ газар барилга барихгүй гэдэг баталгааг төр өөрөө дааж, хяналтыг хийж, хариуцлага хүлээнэ. 2015 оноос Гудамж төслөөр яригдаж байсан асуудал одоо л хөрөнгө оруулалтаа шийдэж бүтээн байгуулалт эхлэх гэж байна” гэж Хотын даргын орлогч Баярхүү өөрөө хэлсэн. Энэ гудамж хотын хамгийн том төв гудамж болсноор энэ хавийн орон сууцны үнэ өсөх, түрээсийн байгууламжийн үнэ өсөх, үйлчилгээний газруудын ашиг орлого нэмэгдэх гээд олон талын ашигтай санагдаж байна. Тийм учраас яагаад улсаас мөнгө зарцуулахгүйгээр хотоо тохижуулах боломжийг дэмжихгүй байгааг ойлгохгүй байна. Би хувьдаа энэ төслийг маш их дэмжиж, энэ ажлаа хурдан хийж эхлээд хурдан дуусгаасай гэж хүсэж байна.