1
“Алтан ширээ”-ний нууц
Таныг ямар нэгэн үнэтэй, тансаг зоогийн газар ороход хүн цөөтэй байсан ч, зөөгч нь таныг хамгийн тухгүй ширээнд суулгавал, та битгий гайхаарай. Тэд үйлчлүүлэгчдийг татаж, орж ирсэн хүмүүсээ алдчихгүйн тулд эхлээд хамгийн тухгүй суудлуудаа дүүргэдэг. Түүнчлэн ихэнх рестораны эзэд дэгжин хувцасласан болон дур булаам эмэгтэйчүүдийг цонхны дэргэд, эсвэл заалны төв хэсэгт суулгах зарчим баримталдаг байна.
2
“Захиалгатай” гэсэн бичиг тавьсан ширээ
Ресторанд ороход тань хамгийн үнэтэй, хамгийн том ширээн дээр нь “Захиалгатай” гэсэн бичиг байхыг анзаарч байсан уу? Яг үнэндээ тэр ширээг хэн нэгэн захиалаагүй, харин рестораны зохион байгуулагч нь үүнийг илүү олон хүн орж ирэхэд зориулан “нөөцөлсөн” хэрэг ажээ. Ингэх нь ч аргагүй, учир нь том, тансаг ширээн дээр нь нэг, хоёрхон хүн суучихвал, олон хүн орж ирэхэд тэдэнд суудал үлдэхгүй байж магадгүй шүү дээ.
3
Зөөгчид таныг ширээг дор нь цэвэрлэчихнэ
Үйлчлүүлэгчид хоолоо идэж дуусангуут, зөөгчид маш түргэн аяга, тавгийг нь хурааж, ширээг нь цэвэрлэдэг. Энэ нь мөн л рестораны менежментийн нэгэн зальхай арга юм. Хоолоо идсэнийхээ дараа хамт яваа хүнтэйгээ жаахан сууж, элдвийг ярилцахыг хүсэх ч, бусад хоолтой ширээнүүдийг хараад санаа нь зовж, дахин ямар нэгэн юм захиалах сэдэл төрдөг.
4
Асуулт асуух маягаар сонголт хийхийг тулгадаг
Ихэнх ресторанууд л энэ аргыг хэрэглэдэг. Хэрвээ та зоогийн газар ороод идэхийг хүссэн хоолоо захиалсны дараа үнэтэй уух юм авах бодолгүй байсан ч зөөгч танаас, “Хоолтойгоо хамт улаан дарс авах уу? Цагаан дарс авах уу?” гэх мэтээр тулгаж асуудаг. Үүнээс болж хүн татгалзахын аргагүй байдалд орон, зөөгчийн санал болгосон дарснаас аль нэгийг нь захиалчихдаг ажээ.
5
Зөөгч санаатайгаар, үе үе дарс санал болгодог
Үйлчлүүлэгч захиалсан дарсаа ууж дуусангуут л зөөгчид дараагийн аргаа хэрэглэж эхэлдэг. Тэд танд аягалж өгсөн дарсаа барин санаандгүй мэтээр таны урдуур хойгуур эргэлдэж эхлэх болно. Харин үйлчлүүлэгч амтат дарс нь нүднийх нь урдуур яваад байхаар хоолныхоо дундуур, эсвэл хоолныхоо дараа заавал дахин дарс хундагалуулж уудаг байна.
6
Хамгийн сүүлийнх нь хамгийн үнэтэй
Энэ аргыг Францын зөөгчид хэрэгжүүлдэг байжээ. Тэд зоогийн газар орж ирсэн үйлчлүүлэгчиддээ дарс санал болгохдоо “Шардине, совинён, шабли дарснаас алийг нь захиалах вэ?” гэх мэтээр асуудаг. Харин дарс сайн мэдэхгүй хүн өөрийгөө тэнэг харагдуулахгүй тулд хамгийн сүүлд хэлсэн дарсных нь нэрийг л сайн сонссон учраас үүнийгээ захиална. Мэдээж хамгийн сүүлд хэлсэн дарс нь хамгийн үнэтэй дарс байх болно.
7
Менюн дэх занга
Энэ аргыг ховор хэрэглэдэг ч, иймэрхүү газрууд байсаар л байна. Тухайлбал, хоолныхоо цэсэн дээр тухайн хоолны 100 гр-ийнх нь үнийг тавьж, хямд харагдуулдаг. Харин үйлчлүүлэгчийн захиалсан хоол мэдээж 100 гр биш, түүнээс их л байна шүү дээ. Зөөгчид танд хоолнууд нь 100 гр тутмынхаа үнээр байгаа гэж хэзээ ч хэлэхгүй, харин менюн дээр л жижигхэн бичсэн байгаа. Тиймээс хоолоо сонгохдоо анхааралтай байхгүй бөгөөс тооцоогоо хийх үед гайхширч мэдэх юм.
8
“Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг юм”
Зарим газрууд хоол захиалсны урамшуулалд үнэгүй амттан өгдөг. Харин санал болгодог амттан нь амттай боловч ихэвчлэн ус, цай, кофегүйгээр идэхийн аргагүй зүйлс байдаг. Тиймээс үнэгүй амттан авсан үйлчлүүлэгч дахин уух зүйл худалдаж авах хэрэгтэй болдог байна.
9
Хөгжим
Та зоогийн газар орж ирээд хоолоо захиалсныхаа дараа хөгжмөө бага зэрэг сулллахыг зөөгчөөс хүсвэл тэд бараг л хөгжмийн дууг багасгахгүй. Учир нь чанга хөгжим сонсч байгаа хүн илүү их хоол идэх хүсэл төрөхөөр барахгүй хоолыг хурдан иддэг байна.
10
Зөөгч танд хамгийн мууг нь санал болгохгүй ч, сайныг нь ч бас санал болгохгүй
Хэрвээ зөөгч танаас ямар нэгэн хоолыг “заавал” захиалахыг хүсээд байгаа мэт байвал энэ нь 3 шалтгаантай. Нэг бол тэр өөр хүний захиалсан хоолыг андуурч захиалаад, тогоочийн гараас гарчихсан байгаа бэлэн хоолыг танд “шахах” гэж байгаа, эсвэл зарим нэг төрлийн хоолыг үйлчлүүлэгчид зарж чадвал, урамшуулал олгоно хэмээн менежер нь хэлсэн байж магад. Нөгөөтэйгүүр гал тогоонд удаан хадгалагдаж буй хоолоо хаяхгүйн тулд зарахыг хичээж байж ч мэдэх юм. Тиймээс та зөөгчийн ятгалгад автах хэрэггүй, өөрөө л сонголтоо хийж байгаарай.
11
Коктейлэнд нуугдсан заль
- Нэлээн согтсон үйлчлүүлэгчийн захиалсан коктейлэнд хийх ёстойгоосоо өөр найрлага хийх
- Шейкийг шинэхэн, хөөсөрсөн харагдуулахын тулд хуучин шар айрагтай хамт блендерт хийдэг
- Зарим төрлийн ундааг удаан хадгалахгүй тулд архины агууламжийг нь нэмдэг
Эдгээр аргыг зөөгч, зоогийн газар бүр хэрэглэдэггүй ч та бүхэн сэрэмжтэй, гярхай байхад илүүдэхгүй биз ээ.