1
Яагаад ус уух хэрэгтэй вэ?
Ус бол тархи болон бусад эд, эрхтэн, эсийг шим тэжээлээр хангадаг хамгийн чухал бодис бөгөөд биеийн дулааныг хэвийн хэмжээнд хадгалж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг байна. Тиймээс амьдрахын тулд ус зайлшгүй хэрэгтэй юм.
Биед ус дутагдахад ам хуурайших, цусны даралт багасах, толгой өвдөх, эргэх, арьс хуурайших, ядрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Та усыг тохиромжтой хэмжээнд ууж байгаа эсэхээ шалгах хамгийн энгийн арга бол шээсээ шинжих юм. Жирийн үед шээс нь бүдэг шаргал өнгөтэй байх бөгөөд өнгө нь тодрох тусам таны бие усаар дутагдаж байгааг илэрхийлнэ.
2
Хэр их ус уух хэрэгтэй вэ?
Эрэгтэй хүмүүс өдөрт 13 аяга буюу 3 литр, эмэгтэй хүмүүс 2,2 литр буюу 9 аяга ус уух хэрэгтэй байдаг. Учир нь эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг бодвол том биетэй, булчингийн хөгжлөөр давуу байдаг учраас илүү их ус уух шаардлагатай болдог байна (ус нь өөхнөөс илүү булчинд хуримтлагддаг байна). Мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд уух ёстой хэмжээнээсээ илүү ус уух хэрэгтэй болдог.
Хийжүүлсэн болон чихэрлэг ундаа нь амны цангааг тайлахгүй. Мөн цай, кофе, алкохоль зэрэг нь бөөрөнд ачаалал үүсгэж, шээс хөөх нөлөөтэй учраас эсрэгээрээ усыг гадагшлуулдаг гэдгийг санаарай. Ялангуяа гадаа агаарын хэм өндөр байх, эсвэл спортоор хичээллэх үед хүний биед илүү их ус уух шаардлага гардаг билээ.
3
Ус уухыг зуршил болгоорой!
Хэрвээ тө өглөө босонгуутаа кофе ууж хэвшсэн бол араас нь нэг аяга ус ууж байхыг хичээгээрэй. Бид танд өдөр болгон тогтсон цагт ус ууж байхыг зөвлөж байна.
Өглөө шүршүүрт орсны дараа, эсвэл унтахынхаа өмнө нэг аяга ус уух нь жирийн үед уудаг ууснаас биед нөлөөлөх чадвар нь 2 дахин ихэсдэг учраас та энэ үед тогтмол ус ууж хэвшээрэй.
4
Ууж буй усныхаа саван дээр тэмдэглэгээ хийх
Өөртөө сайн чанарын усны сав худалдан аваад, дээр нь ус уух цагийн хязгааруудыг тогтоож, сануулга бичээрэй. Ингэхдээ наадаг цаас, тууз гэх мэт зүйлсийг ашиглаж болно. Усыг цагаар ууж хэвшихэд энэ арга хамгийн дүнтэй байх болно.
5
Ус уухыг шийтгэл болгох хэрэггүй!
Хөгжилтэй байх нь ямар нэгэн зүйлийг дадал, хэвшил болгох хамгийн үр дүнтэй арга юм. Хөгжилтэй байхын тулд та өөртөө зориулж шагнал бэлдэн, бяцхан тэмцээн зохиож болох юм. Тэмцээний шагнал нь таны идэх дуртай зүйл, хийх дуртай үйлдэл гэх мэт юу ч байж болно. Тэмцээний сэдэв нь:
- Өдөрт хэр их ус ууж чадах вэ?
- 2 литр усыг хэр хугацаанд ууж дуусгах вэ?
- Өдрийн хоолны үеэр ямар хэмжээний ус ууж чадах вэ? гэх мэт байж болно. Хамгийн гол нь та хөгжилтэй байх нь л чухал шүү.
6
Усыг төлөвлөж уугаарай!
Та ус уухаа байнга мартаад байвал ухаалаг утасны программ ашиглан ус уух цагаа сануулж болох юм. Мөн та өлссөн үедээ юм идэхээс урьтаад нэг аяга ус ууж хэвшээрэй. Ингэх нь таны цангааг тайлаад зогсохгүй хоол идэх дуршлыг бууруулах болно.
7
Ямар нэгэн амт нэмээрэй!
Хэрвээ ус ямар нэгэн сайхан амттай байвал байнга уухад илүү амар байх болно. Та уух гэж буй усандаа жимс, эсвэл өргөст хэмх гэх мэт ногоо нэмж болно. Мөн мөс, нимбэг, цагаан гаа гэх мэт зүйлсийг хийх нь усыг илүү сэргэг, сайхан амттай болгоход туслана.
Аяганы гадаад байдал ч мөн ус уухад нөлөөлдөг байна. Түүнчлэн усыг гуурсаар уувал та аягаар ууснаас илүү хэмжээний усыг хялбархан ууж чадна. Мөн ажил, хичээлийн завсарлага бүрт аяга ус ууж хэвшээрэй!
8
Усыг идэх хэрэгтэй!
Бидний идэж, хэрэглэдэг зарим хүнсний бүтээгдэхүүнүүдэд ч мөн ус агуулагддаг. Өргөст хэмх, салатны навч, ногоон сонгино, улаан лууван, улаан лооль, перец, шанцай, цэцэгт байцай, тарвас, бууцай, гүзээлзгэнэ, брокколи, усан үзэм, абрикос, интоор, ногоон хулуу гэх мэт бүтээгдэхүүнүүд нь цатгалан мэдрэмж төрүүлээд зогсохгүй усны хэрэгцээг ч хангаж чаддаг байна.
Эдгээрийг идэхдээ аль болох халааж эсвэл хөргөхгүйгээр түүхийгээр нь идэхийг хичээгээрэй. Учир нь жимс ногоог усанд чанах, жигнэх үед өөрт агуулагддаг ихэнх усаа алдддаг байна.
Усыг зөв ууж хэвшснээр таны бие эрүүлжихээс гадна тархины үйл ажиллагаа сайжирч, та илүү сэргэлэн цовоо болох болно!