Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх 280 км замын дагуух орчныг цэвэрлэжээ

Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас нэг сарын хугацаатай  зарласан “Цэвэр сайхан орчин” аян Хөвсгөл аймгаас эхэллээ. Мөрөн хотын  Чингүнжавын  талбайд  нээлтээ хийв. Энэхүү хог цэвэрлэх аянд тус аймгийн 300-аад иргэн нэгдээд байна. Тэд Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх нийтдээ 280 км хатуу хучилттай хар замын дагуух орчныг цэвэрлэж, хоггүй болгох аж. Зүсэр бороо шаагиж, цахилгаан цахиж, тэнгэр нүргэлж байсан ч нутгийн иргэд аяны нээлтэнд оролцож, шуудай, бээлийгээ авцгаан хуваарилсан газарруугаа явцгаасан юм

Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх 280 км замын дагуух орчныг цэвэрлэжээ

УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг саяхан шинэчлэн баталсантай холбогдуулан дээрх аяныг зарласан аж.  Үүнийг  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Засаг даргын тамгын газар дэмжиж, санаачлага гарган, “Хөвсгөл-Нэг үе клуб” төрийн бус байгууллагатай хамтран  хог цэвэрлэх  ажлыг эхлүүлээд байна. 

Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Х. Ган-Очир

“Манай аймаг бол аялал жуулчлалын гол бүс нутаг.  БОАЖЯ-наас зарласан энэхүү аяныг дэмжиж,  “Цэвэр сайхан орчин” аяны нээлтээ хийлээ.  Дотоод, гадаадын жуулчид, Хөвсгөл аймгийг зорин ирж байгаа иргэдийн туулан өнгөрүүлдэг 280 гаруй км гол замын дагуу  өргөнөөрөө 50 орчим метр газрын хогийг цэвэрлэж байна. Энэ ажилд нийтдээ 40 гаруй байгууллагын ажилтнууд, иргэд оролцож байгаа юм. Бид  аливаа арга хэмжээ зохион байгуулахдаа аль болохоор л иргэдийн оролцоог  нэмэгдүүлэх, түүн дээрээ тулгуурлахыг зорьдог. Тиймээс ч энэ ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байна.

Тухайлбал, “Хөвсгөл -Нэг үе клуб” төрийн бус байгууллага   байгаль  орчноо хамгаалах, хог хаядлыг цэвэрлэх, хоггүй, цэвэр цэмцгэр орчинд аялж зугаалах үйлсийн төлөө бидэнтэй хамтраад энэхүү ажлыг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байгаа. Бүх зүйлийг төр шийднэ гэвэл хүндрэлтэй шүү дээ. Тиймээс аль болохоор төрийн бус байгууллагууд, иргэдийнхээ оролцоог өргөжүүлж, хамтран ажиллаж, нэг нэгнээ дэмжиж байж Хөвсгөл нутгийнхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэсэн бат итгэлтэй явдаг. Энэ төрийн бус байгууллагынхан   нутгаа гэх сэтгэл дээр нэгдэцгээсэн, сайн үйлсийн болон бүтээн байгуулалтын олон ажлыг хийснийг нутгийн зон олон андахгүй ээ.

“Хөвсгөл –Нэг үе” төрийн бус байгууллага  байгаль хамгаалах чиглэлээр  иргэдэд мэдээлэл хүргэхээс  гадна   хог цэвэрлэхэд шаардлагатай байгаа шуудай, гарын бээлий зэрэг ажлын багаж хэрэгсэлээр тусалж байгаа нь  Хөвсгөлийн иргэдэд урам өгч байна. “Цэвэр сайхан орчин” аяныг манай аймгийн иргэд ч дэмжиж идэвхитэй оролцохоо илэрхийлж байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос  малчид, нийт иргэдийг уриалж, амьдарч байгаа орчин тойрноо ч  цэвэрлэж эхэлнэ. Үүнээс гадна хоггүй орчинд амьдрах хэв дадлыг эзэмшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг ч явуулна. Голын голидрол  дагуу хог  цэвэрлэх ажилд   төрийн байгууллагуудыг түшиглэх  гэхээсээ илүү иргэдийг татаж оролцуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэлээ.

Энэ аяныг хамтран зохион байгуулж байгаа  “Хөвсгөл-Нэг үе клуб” төрийн бус байгууллагыг    анх 2007 онд Хөвсгөл нутагт төрж өссөн, тэндээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн  хүмүүс нэгдэж байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа хойш олон ч хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан, Чингүнжавын цогцолбор, Нэг-Үе цэцэрлэгт хүрээлэн  зэрэг олон бүтээн байгуулалт өрнүүлсэн, спортод элэгтэй залуусыг дэмжин олон ч тэмцээн уралдаан зохион байгуулсан аж. Тэд энэ арван жилийн хугацаанд сайн дурын ажлыг нутгаа гэх хүмүүсийн чин сэтгэл, тус дэм, хандив дэмжлэг, оролцоотойгоор  хэрэгжүүлж ирсэн юм байна.

Энэхүү хог цэвэрлэх аяны талаар иргэд ам сайтай төдийгүй, өөрийнхөө боломж, бололцооныхоо хэрээр гар бие оролцож нэгдэхээ илэрхийлж байлаа.   

Хөвсгөл аймгийн иргэн Н.Цэнд-Очир “Өглөөнөөс эхлэн хог түүж, орчныг цэвэрлэж байна.  Хүмүүс ихэвчлэн замын хажуугаар хог хаях юм.  Өдөрт тутамд хэрэглэдэг зүйлс маш их гарч байна. Хуванцар ундааны савнууд, нойтон салфетик, идсэн,  уусан зүйлсийн сав баглаа, гялгар уут гээд л. Тэгэхээр  иргэд хог хаягдлаа машиныхаа цонхоор түлхүү шидэцгээдэг гэсэн үг. Байгаль дэлхийгээ бид л хайрлаж, үзэсгэлэн гоо, өвөрмөц тогтоц, өвс ургамал, хөрс шороог нь  хамгаалах учиртай.

Бидний амьсгалах агаар, үнэрлэх үнэр, алхах газар, нүдээ баясгах зүйлсээ тунгалаг, цэвэр ариун байлгахад хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс ядахдаа  хогоо хаяхаасаа өмнө та заавал бодож байгаасай гэж хэлмээр санагдаж байна. Таны хаясан гялгар цаас байгаль дэлхий дээр хэдэн зуун жил болсон ч уусч алга болохгүй шүү дээ. Нэг удаа хог цэвэрлээд өнгөрөх биш үр хүүхэддээ, ойр орчныхондоо байгалиа хамгаалахын утга учир, ухамсар сэтгэхүйг суулгах хандлагыг түгээмээр байна. Хүн бүр л буруу хэвшлээ засахын төлөө хүч гаргавал Монгол орон  хогондоо дарагдахгүй шүү дээ. Малчид ч гэсэн энэ талаар бодож, малынхаа сэг зэмийг гуу жалга, гүүрэн доогуур авчирч хаядгаа болих хэрэгтэй. Таны л гэр, таны л амьдрах орчин, та биднийг  таалал болсон  хойно ч оршоох өлгийдээ  хоноцын сэтгэлээр бүү хандаач ээ”  гэж уриалж   байна гэсэн юм.

Тиймээс л  Аймгийн Засаг дарга Л.Ганболд ийм өргөн хүрээтэй, олон зуун км хамарсан газрын хур хогнуудыг цэвэрлэж байгаад баяртай байгаа. Олны хүч оломгүй далай гэгчээр богино хугацаад их том ажлын ард гарах нь ээ” хэмээн хуучилж байлаа. Тэрээр сурвалжлагчаа дахиад нэг зүйл нэмээд хэлчих үү гэснээ “Хогийг хот, суурин газрынхан л  түлхүү тарьдаг юм шүү, хөдөөний  бид чинь нүүхээрээ буурин дээрээ л хогоо шатаад, орчноо цэвэрлээд явцгаадаг. Гэхдээ бас  хог, малынхаа сэг зэмийг гэрээсээ холдуудаад гуу жалганд хаячихдаг зуршилтай малчид  байгааг үгүйсгэхгүй ээ. Бие биендээ л шаардлага тавьж, аль болохоор хоггүй, сайхан орчинд амьдрахын төлөө хичээгээрэй” гэж бичээрэй гэсэн юм.

Хөвсгөл аймгийн иргэн Х.Балжир “Хэсэгхэн газрыг цэвэрлэсэн хогийг   ачихад хэд хэдэн  портер машин дүүрэхээр харагдаж байна. Малаа бэлчээгээд явж байхад арай л дэндүү гэмээр санагддаг үе бий. Овоолсон архи пивоны  шилнүүд ярайгаад,  буталсан хагархай дээр нь мал амьтан гишгэлж хөлөө эсгэж догол өвчин элбэгшиж байна. Зарим нь бүүр өмссөн хувцас, хэрэглэсэн ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч, хүүхдийн живхээ чулуудчихсан байдаг.

Үнэхээр  л Хөвсгөл аймаг  аялал жуулчлалын төв. Тэр утгаараа   хөл хөдөлгөөн ихтэй бүс нутаг. Зөвхөн гадныхан ч гэлтгүй монголчууд өөрсдөө газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нуур, хараа булаасан Дархадын цэнхэр хотгор, хүслийг  бадраагч Даян дээрхийн агуй, сэтгэлээс үл гарам Улаан тайга, Уушигийн өвөр,  дүнхийсэн Уран дөш уул, мяралзан урсах Эг, Шишгэд, Дэлгэрмөрөн, Идэр, Чулуут, Тэнгисийн голыг дэргэдээс харах гэж зорьцгоодог.

Энэ л гоо үзэсгэлэнг унаган төрхөөр  нь олон мянганы туршид харж баясч, усыг нь ууж ундааслаа тайлж,  уулсыг нь  ширтэж   байгалийн энергийг мэдэрч байхын тулд  байгаль дэлхийг хамгаалах учиртай. Хайр гамгүй, хүйтэн сэтгэлээр хандах тусам  тэрхүү хүмүүний сэтгэлийг хөдөлгөгч увидас нь улам л  бүүдийж, орчин нь бохирдсоор байна.

Нэг өглөө сэрэхэд биднийг баясгаж, тэтгэж  ирсэн байгаль ээж минь хүмүүсийн цэвдэг сэтгэл, хайхрамжгүй үйлдэл, бурангуй авирын өмнө сөхөрнө шүү дээ. Тийм л болохоор хүмүүсээ  татсан тамхины ишээ шидэж,  уусан ундаахынхаа лаазыг хаяж,  гарт тааралдсан хогоо машиныхаа цонхоор чулуудахаа болиоч ээ. Энэ буруу хандлагыг  өөрчлөхийн төлөө  бас  хоггүй, цэвэрхэн орчинд аялж, амраасай хэмээн  хүч, хөдөлмөрөө зориулж байна. Байгаль дэлхийгээ  хамгаалах, хур хогноосоо салах давалгааг  улс орон даяар өрнүүлэхийг  хоймор нутгийн зон олон  уриалж байна.  Таны л хандлага бүгдийг өөрчилнө, бас бусаддаа ч  үлгэрлэнэ. 

Х.Дэлгэр

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.