1
Хээтэй, өнгөлөг хувцас сонгох
Өнгөлөг, хээтэй хувцас нь таныг эрч хүчтэй, цоглог харагдуулна. Шулуун судалтай, бөмбөлөгтэй, төрөл бүрийн хээтэй гэхчлэн хувцаснаас сонголтоо хийж болох юм. Мөн таны сонгосон хувцас аз жаргал, баяр хөөрийг илэрхийлэхүйц гэгээлэг, тод өнгөтэй байх ёстойг анхаараарай. Хэрэв та анзаарч байсан бол дэлхийн алдартай одууд ч мөн хээтэй хувцсаар гоёж, өөрсдийгөө улам бүр залуу харагдуулдаг байна. Иймд бүсгүй та шүүгээндээ тус төрлийн хувцаснаас авч өлгөөрэй.
2
Биед чөлөөтэй хувцас
Нас ахих тусам биеийн жин бага багаар нэмэгддэг. Харин энэ үед та хэт бариу хувцсаар гоёх гэсний хэрэггүй. Ингэснээр та хэт хичээсэн, аль эсвэл тухгүй харагдах аюултай билээ. Үүний оронд биед сул шулуун өмд, бага зэрэг нэвсгэр атлаа загварлаг цамцыг сонгож өмсөж болох юм. Жоохон охид шиг бие хэт барьсан жинс, богино цээживч өмсөх нь тийм ч тохиромжтой биш аж.
3
Тод өнгийг сонго
Хар бараан өнгө нь таны үзэсгэлэнт төрхийг гундаах аюултай байдаг. Ялангуяа нас ахиж яваа бүсгүйчүүдийн тухайд улаан, шар зэрэг өнгөөр өөрийгөө өнгөлж, улам бүр хүчтэй харагдаж болно. Ингэснээр та үеийнхнээсээ залуу харагдах бөгөөд хүн бүхний харцыг булааж чадна. Та ердөө л өөртөө тохирсон зөв хувцасласнаар, өдөр бүхэн 20 настай халуухан охид шиг байх бүрэн боломжтой.
4
Гоёл чимэглэлийг тохируулж зүүх
Өөрийн өмссөн хувцсандаа сайхан тохирч, гоо үзэсгэлэнг тань нэмэгдүүлэх гоёл чимэглэл зүүж байгаарай. Том чамин хүзүүний зүүлт, хос урт, сүр ихтэй ээмэг, бугуйвч зэргээс сонгон зүүж болох бөгөөд бүгдийг нэг дор зүүх нь харин ч таныг мэдрэмжгүй харагдуулах сөрөг талтай байдгийг анхаараарай. Тиймээс тун болгоомжтой тохируулж зүүх хэрэгтэй.
5
Цэгцтэй хувцаслах
Та илүү цэвэрхэн атлаа цэгцтэй харагдахуйц хувцас сонгож өмсөөрэй. Ажил хэрэгч цэвэрхэн цагаан цамц, майкны гадуур зөөлөн өнгийн хүрэм өмсөж, бусдын нүдэнд таатай харагдаж болох юм. Энэ нь таны төрхийг улам бүр зөөллөж, энгийн атлаа тун ч дэгжин харагдуулна гэдэгт итгэлтэй байж болох юм.
6
Зөв өнгөө сонго
Хар өнгө бол хамгийн түгээмэл бөгөөд ямар ч төрлийн хувцсан дээр төгс зохицдог гэдгээрээ алдартай. Гэхдээ та үргэлж хар өнгийн хувцас өмсөхөөс татгалзаарай. Үүний оронд саарал, зөөлөн ногоон, хөх зэрэг өнгөнөөс сонголтоо хийж, өөрийгөө гоёж болох юм. Та илүү мэдрэмжтэй, залуухан харагдах нь гарцаагүй. Мөн чамин цаг эсвэл бугуйвч зүүж, дэгжин төрхийг бүрдүүлээрэй.
7
Загварын боол болох хэрэггүй
Өнөөдөр хүн бүхэн л нэг хэвийн адилхан хувцаслаж, шинэхэн гарсан трэндүүдийг хувцаслалтандаа шингээх болсон. Харин та тэднийг дуурайж, загварын боол болох хэрэггүй. Үүний оронд өөрийн өмсдөг стилиэ бага зэрэг шинэчилж, энгийн атлаа дэгжин хувцаслаарай. Хэт загвар хөөж, өөртөө зохисон зохиогүй хувцас өмсөх нь таныг мэдрэмжгүй харагдуулах сөрөг талтай юм.
8
Биеийн зарим хэсгээ ил гаргах
Та арай өөрийгөө нас ахисан гэж бодоод үргэлж л том нэвсгэр хувцас өмсөж, биеэ халхалж явдаг юм биш биз? Тэгвэл өнөөдрөөс үүнийгээ өөрчилж, бага зэрэг эмэгтэйлэг хувцаслаад үзээрэй. Цэвэрхэн даашинз өмсөж, биеийн зарим хэсгээ ил гаргах хэрэгтэй. Ингэж байж л та наснаасаа залуухан атлаа сайхан харагдаж чадна. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх ёстойг бүү мартаарай.
9
Шагайгаа гаргасан өмд өмсөх
Шагайгаа гаргасан урттай өмд өмсөх нь таны хөлийг илүү урт, дур булаам харагдуулах болно. Тиймээс санаа зоволгүй, зүгээр л өмсөөрэй. Тус төрлийн өмд өмссөн үед гутлаа тохируулах ёстойг мартаж хэрхэвч болохгүй. Та хичнээн шагайгаа гаргасан байлаа ч, гутал тань зохицохгүй бол сайхан харагдаж чадахгүй юм.
10
Хувцсаа тохируулж өмсөх
Хэрвээ та туранхай, өндөр биетэй нэгэн бол урт нэвсгэр цамцыг сонгон өмсөж болох юм. Энэ нь таныг мэдрэмжтэй атлаа дур булаам харагдуулах бөгөөд 10 насаар залуужуулна. Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг үгнээс улбаалж, та өмссөн хувцсаараа өөрийгөө өөрчлөх бүрэн боломжтой билээ.
11
Мөрөө гаргасан хувцас өмсөх
Мөрөө гаргасан хувцас өмсөхөөс бүү эмээгээрэй. Энэ нь таныг маш дур булаам харагдуулахаас гадна биед эвтэйхэн байдгаараа онцлог юм. Зоригтой алхам хийж, өөрийнхөө хувцаслалтанд шинэчлэл хийснээр, та дахин төрсөн мэт л санагдах болно.
12
Жижиг атлаа чамин чимэглэлүүд
Та өөрийнхөө үнэ цэнийг илтгэх чамин цаг, бөгж зэргийг зүүж, гараа чимэглээрэй. Энэ нь таны хувцастай зохицож сайхан харагдах нь гарцаагүй. Мэдээж та үүнийгээ тухайн өдрийн хувцаслалттай тохируулах хэрэгтэйг бүү мартаарай.
13
Дундаж өндөртэй өсгийтэй гутал
Нас ахих тусам бүсгүйчүүд маань өсгийтэй гуталнаас татгалзахаас өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ тэглээ гээд намхан ултай гутал сонгохоос татгалзаарай. Та үүний оронд дундаж өсгийтэй, хөлд тухтай гутлыг сонгож болно шүү дээ. Энэ нь өмсөж явахад хүндрэл үүсгэхгүй хэрнээ, таныг үзэсглэнтэй, залуухан харагдуулж чадах юм.
Бүсгүй танд амжилт хүсье!