Өмнө нь та арьсны хорт хавдрын тухай сонсож байсан уу? Тэгвэл жил бүр 5.4 саяас багагүй хүн арьсны хорт хавдраар өвчилдөг болох нь тогтоогджээ. Энэ нь хөх, түрүү булчирхай, бөөр болон гэдэсний хорт хавдраар өвчлөгсдийн тооноос хамаагүй өндөр гэсэн үг юм. Арьсны хорт хавдар тусахад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь нарны хурц туяа байдаг байна.
1
Арьсны хорт хавдар яаж нөлөөлдөг вэ?
"Хүмүүсийн ихэнх нь арьсны хорт хавдар арьсны гүн рүү нэвтэрдэг болохыг мэддэггүй. Энэ нь мэдээж хэрэг нарны тос хэрэглэж, арьсаа арчлаагүйтэй холбоотой байдаг." хэмээн АНУ-ын Сан Антонио хот дахь арьс судлалын төвийн доктор Вивиан Букэй гэх эрхэм хэлжээ.
2
Шинж тэмдгийг сайтар ажиглах
Хэрэв таны арьсан дээр ямар нэгэн толбо гарч эхэлсэн бол, тоолгүй өнгөрөөж болохгүй бөгөөд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй ажээ. Мөн толбоны хэмжээ, хэлбэр, өнгө болон харагдах байдал зэрэг нь хэрхэн өөрчлөгдөж байгааг сайтар ажиглах хэрэгтэй юм.
3
Арьсны хорт хавдар маш аюултай!
Арьсны хорт хавдрыг ихэнх тохиолдолд хүмүүс тоолгүй өнгөрдөг. Гэвч энэ нь эрүүл мэнд болон амь насанд маш аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг байна. Хамгийн аймшигтай нь сүүлийн жилүүдэд арьсны хорт хавдраар өвчлөгсдийн нас харьцангуй залуужиж байгаа болохыг АНУ-ын Вашингтон дахь арьс судлалын төвийн доктор Элизабет Танзи (Elizabeth Tanzi) гэх эрхэм хэлсэн байна.
Арьсны хорт хавдраас сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
1. Гадуур гарахдаа арьсаа халхалсан хувцас өмсөөрэй
Урин дулаан цагт ажил хэргээр болон амралт зугаалгаар гадуур гарах шаардлага бишгүй дээ л нэг тохиолддог. Энэ үед нарны хурц туяанаас сэргийлэхийн тулд нарны тос түрхэхээс гадна, арьсаа аль болох халхалсан загвартай хувцсыг сонгож өмсөөрэй. Та магадгүй халуунд ингэж хувцаслах нь төвөгтэй шүү дээ гэж бодож байж болох юм. Гэвч бүү санаа зов. Учир нь торон материалтай, агаар орох зориулалттай, спорт загварын хувцаснууд дэлгүүрүүдээр түгээмэл худалдаалагддаг билээ.
2. Нарны тос заавал хэрэглэж хэвших
Урин дулаан цагт хүмүүс амралтаа авч, гэр бүлээрээ гадуур агаар салхинд гарах нь элбэг байдаг. Энэ үед нарны тос заавал авч явах хэрэгтэй болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Мөн тэд нарны тосыг нүүр, хүзүү, цээж, гар болон мөрөндөө сайтар түрхэх хэрэгтэй болохыг анхааруулж байгаа бөгөөд учир нь биеийн дээрх хэсгүүдийн арьс, нарны хурц туяанд өвчлөх магадлал илүү өндөр байдаг ажээ.
3. Нарны тосыг их хэмжээгээр түрхэх хэрэгтэй
Хүмүүсийн арьсаа арчлахдаа гаргадаг хамгийн том алдаа бол, нарны тосыг маш бага хэмжээгээр түрхдэг явдал юм. Өөрөөр хэлбэл хүмүүс түрхэх ёстой хэмжээний ердөө 1/3-ийг түрхдэг байна. Ингэснээр арьс амархан гэмтэж, өвчлөх нь бий. Иймд нарны тосыг болж өгвөл ойр ойрхон түрхэж байгаарай гэж зөвлөе.
4. "Антиоксидант"-аар баялаг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй
Нарны хурц туяанаас сэргийлэхийн тулд дан ганц нарны тос түрхэхээс гадна, "антиоксидант"-аар баялаг нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх ёстой ажээ. Хэрэв витамин С, Е амин дэмүүдийг өөртөө агуулсан антиоксидантын ийлдэс /antioxidant serum/-ийг арьсандаа түрхэж хэвшвэл, бүтэн өдрийн турш нарны хурц туяанаас арьсыг найдвартай хамгаалдаг байна. Мөн арьсанд тэжээл өгдөг төрөл бүрийн эрдэс бодисоор баялаг тоснуудыг хэрэглэж болно.
5. Ажлаа зөв цагт тохируулах
Судлаачдын үзэж буйгаар өглөөний 11:00 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл нарны туяа илүү хурц, халуунаар төөнөдөг байна. Иймд та гадуур гарах онцын ажилгүй бол, дээрх цагуудад гэртээ байхыг эмч нар зөвлөж байна. Мөн шаардлагатай гарах ажилтай бол, бусад цагаар ажлаа зохицуулаарай.
6. Уруулаа арчлахаа мартаж болохгүй
Хүмүүс ихэвчлэн нүүр, гар, хүзүү, мөр гээд биеийн ил гарсан хэсгүүдийн арьсан дээр нарны тос түрхээд санаа нь амардаг. Гэвч уруулынхаа нимгэн арьсыг нарны хурц туяанаас хамгаалж байх хэрэгтэй ажээ. Сонирхуулж хэлэхэд, нарны тос хэрэглэдэг хүмүүсийн 37 хувь нь уруулынхаа арьсыг гэмтээхээс сэргийлж арчилдаг байна. Түүнчлэн хүний доод уруул дээд уруулаа бодоход нарны хурц туяанд гэмтэх магадлал 12 дахин их байдаг нь батлагджээ.
7. Эм ууж, нарны хурц туяанаас сэргийлэх
Нарны хурц туяанаас сэргийлэх үйлчилгээтэй олон эм, бэлдмэлүүд байдаг бөгөөд та тэдгээрийг хүсвэл, эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэж болох юм. Ингэснээр арьс гэмтэхээс сэргийлэх боломжтой билээ.
8. Витамин D амин дэмийн хэрэглээ
Хүмүүсийн нарны тос хэрэглэдэггүй шалтгаануудын нэг бол витамин D амин дэмийн дутагдалд орох вий гэж эмээдэгтэй холбоотой гэнэ. Учир нь нарны тос уг амин дэмийн хэмжээг бууруулдаг байна. Гэвч энэ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоо, бөөр болон элэгний үйл ажиллагаа нь хэвийн хүмүүсийн хувьд асуудал биш болохыг эрдэмтэд баталжээ. Харин мэргэжлийн эмчид хандаж, витамин D амин дэмийг өдөрт хэр хэмжээгээр хэрэглэх ёстой талаар зөвлөгөө аваарай.
9. Бололцооныхоо хэрээр нарны хурц туяанаас сэргийлэх
Хэрэв нарны хурц туяанд гадуур аялал зугаалгаар явах зайлшгүй шаардлага гарвал, саравч, малгай, бие халхалсан хувцас болон нарны тос авч явахаа мартуузай.
Урин дулаан цаг айлчлан ирж буй энэ цаг үед гадуур гарах болон аялал, амралт зугаалгаар явахдаа нарны тос заавал хэрэглээрэй гэж танд зөвлөе!