1
Мэлхий хайж яваад алга болсон хүүхдүүд
1991 онд, Өмнөд Солонгос улсад 9-13 насны 5 хүү мэлхий барих гэж яваад алга болжээ. 300,000 гаруй цагдаа хүүхдүүдийг хайж, хүн бүхэн санаагаа чилээж байсан хэдий ч, тэднийг олж чадаагүй юм. 11 жилийн дараа нэгэн эр ойгоор аялж яваад 5 хүүгийн цогцсыг олсон юм. Цагдаа нар тэдний үхлийн шалтгааныг биеийн дулаанаа алдсанаас болсон хэмээн тооцоолж байсан боловч, сайтар шинжилгээ хийсний үндсэн дээр тэднийг буудуулж амиа алдсан болохыг тогтоожээ. Харин алуурчдыг олж чадаагүй бөгөөд хэрэг мөрдөх хугацаа нь 2006 онд хаагдсан юм. Ингэснээр тус аймшигт хэргийн нууц тайлагдалгүй үлдэж, хохирогчдын эцэг эх, гэр бүлийнхэнд нь нөхөж баршгүй гарз хохирол, сэтгэлийн шаналалыг үлдээсэн юм.
2
Олон хүнийг хордуулсан эмэгтэй
Глория Рамирез (Gloria Ramirez) нь умайн хүзүүний хорт хавдартай байсан бөгөөд 1994 онд гэнэт бие нь муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Сувилагч түүнд тайвшруулах тариа хийсэн боловч үр дүнгээ үзүүлээгүй бөгөөд бүсгүйн бие нэг л хачин байсан гэнэ. Эмнэлгийн ажилчид Глолиягийн амнаас жимс болон сармисны эхүүн үнэр гарч байгааг анзаарсан төдийгүй судаснаас нь цус авахад "аммиак" үнэртсэн байна. Тэд нарийн шинжилгээ хийхээр цусыг нь авч, судласан бөгөөд шинжилгээний явцад тэнд байсан сувилагч нарын бие эвгүйрхэж, ухаан нь балартаж унажээ.
Цаашлаад бүсгүйтэй ойр байсан хэд хэдэн эмч сувилагч дотор нь муухайрч, бөөлжин, хэвтэрт орсон байна. Нийтдээ 23 хүн өвдөж, 5 хүн хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Энэ бүхнийг бүсгүйн цустай холбон тайлбарласан бөгөөд түүний цусан дахь хор нь хүмүүсийг өвчлүүлсэн хэмээн үзсэн билээ. Харин Глория эмнэлэгт эмчлүүлж байхдаа бөөрний дутагдлаас болж, амьсгал хураажээ. Тус бүсгүйг түүхэнд "хорт эмэгтэй" хэмээн тэмдэглэсэн байдаг.
3
Эгч дүүсийн хачирхалтай хувь тавилан
Жон Поллок нь эхнэр Флоренс, 6 настай Жакүйл болон 11 настай Жоанна нарын хамтаар Англи улсад амьдардаг байв. 1957 оны хавар охид өөрсдийн найз болох Энтони Лейдэний хамтаар сүм рүү явах замдаа машинд дайруулж, амиа алджээ. Жон, Флоренс нар маш их уй гашууд автаж, өдөр бүр сүмд очин, ахин үрийн зулай үнэрлэх боломж олгооч хэмээн залбирдаг байсан юм. Харин удалгүй тэд 2 ихэр охинтой болсон бөгөөд Женнифер болон Гиллиан хэмээх нэрийг өгчээ.
Хосууд хожуу олдсон үрсээ нүдний цөцгий мэт хайрлан өсгөсөн бөгөөд ээж болох Флоренс нь, Женниферийн духан дээр нас барсан охин Жакүйлийнхтэй ижилхэн цагаан зураас байхыг олж харжээ. Тэд бага зэрэг гайхаж, охидыг 3 сар хүрмэгц нь хотоос нүүсэн байна. Харин тэд 5 жилийн дараа төрсөн нутагтаа эргэж ирсэн бөгөөд ихэр охид, эгч нарынхаа амиа алдсан газар зогсож байгаад хажуугаар нь өнгөрөх машиныг харан орилж, нэг нэгнийгээ нас барсан эгч нарынхаа нэрээр дууджээ. Энэ нь тэдний эцэг эхийг гайхшруулж, талийгаач охидынх нь сүнс эргэж ирсэн гэдэгт итгүүлсэн аж.
4
"Skinwalker" ферм
"Skinwalker" ферм нь хүн ойртдоггүй нууцлаг гэдгээрээ алдартай. Орой үдшийн цагаар тэнд хачин биет зүйлс цугларч, агаарт замхран нисдэг гэх бөгөөд тэдгээр нь үхэшгүй мөнх амьтай, үлгэр домгийн мэт зүйлс байдаг гэнэ.
Харин судлаачид тус фермээр зочилж, чухам юу болж байдгийг олж мэдэхээр шийджээ. Тэд сүүлд өөрсдийн судалгааны ажлын дүгнэлтэндээ яг л харийн биет гэлтэй хачин амьтан шөнө дунд болмогц гарч ирдэг болохыг дурдсан бөгөөд энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн байна. Үүнд итгэх нэгэн байхад, худал төөрөгдөл гэж үзэх хүмүүс ч цөөнгүй. Хамгийн хачирхалтай нь тус ферм чухам хаана байрладаг болохыг бидний хэн ч мэдэхгүй, бөгөөд мэдэхийг хүссэн ч чадахгүй юм. Ердөө л АНУ-ын Ютай мужтай ойролцоо гэхээс өөр мэдээлэл байдаггүй аж.
5
Хачирхалтай чимээ
10 настай охин авга эгч болон найзуудынхаа хамтаар далайн эрэг рүү явжээ. Тэднийг замдаа явж байтал хэн нэгэн маш чангаар "Огцом эргэлт" хэмээн хашгарчээ. Тэд гайхаж, нэг нэгэн рүүгээ харан, сая гарсан чимээг сонссон уу? хэмээхэд "тийм" гэж хариулжээ. Гэтэл үнэхээр л огцом эргэлт таарсан бөгөөд машин дотор сууж явсан хүмүүс гайхаж хоцорсон байна. Харин тэдний ард ойрхон явсан машин гүйцэж, ирэн "Сая та нараас хэн нэгэн нь хашгарсан уу?" хэмээн асуухад тэд бүгд айн балмагдаж, харанхуй шөнө хэн тэдэнд сануулга өгч, орилсон болохыг олж чадалгүй явсан байдаг.
6
Келли-Хопкинсвилль энкаунтер (Kelly-Hopkinsville Encounter)
Цөөнгүй хүмүүс нисдэг биет, харь гарагийн араатанг харж байсан хэмээн тэмдэглэл бичиж, ярилцлага өгсөн байдаг. Харин тэдгээр үл мэдэгдэх биетийн нэг болох "Келли-Хопкинсвилль энкаунтер" нь маш алдартай. 1950-аад оны дунд үед 5 том хүн, 7 хүүхэд нэгэн нисдэг харь гарагийн амьтан харсан тухайгаа Хопкинсвилль хотын цагдаагийн газарт мэдэгдэж байжээ. Цагдаагийн ажилчид тэдний хэлсэн газарт очиж, мөрдлөг хийсэн боловч юу ч олоогүй бөгөөд тэдний харсан зүйлс бодит эсэхийг хэн ч нотолж чадаагүй юм. Гэвч хожим тухайн хачин жигтэй амьтныг харсан гэх хүмүүсийн тоо улам бүр өссөөр байжээ.
7
"Hinterkaifeck" аллага
"Hinterkaifeck" гэдэг нь "Bavarian"-н хоёр тосгоны голд байрлах жижиг ферм аж. 1921 онд тухайн фермийн эзний гэрийн үйлчлэгч бүсгүй ажлаасаа гарсан байна. Учир нь дээврийн өрөөнд хэн нэгний хөлийн чимээ сонсогдож, хачин дуу чимээ гарах болсонтой холбоотой аж. Жилийн дараа шинэ үйлчлэгч ирж, дөнгөж ажлаа эхлээд удаагүй байтал, нууцлаг байдлаар амиа алджээ. Гэрийн эзэн юу болоод байгааг гайхаж, фермээ тойрон алхаж яваад ойгоос орж ирсэн хэн нэгний мөр цасан дээр гарсан байхыг олж харсан байна. Харин тэр үдэш фермерийн гэр бүлийн 6 гишүүнийг хөнөөж, морины жүчээнд цогцсыг нь хаясан байсан бөгөөд тэдэн дунд 7 настай охин, 2 настай хүү нар багтаж байжээ. Энэхүү аймшигт хэргийн учрыг цагдаа нар олж чадаагүй бөгөөд өнөө хэр нь нууцлаг хэвээр байгаа юм.
8
Бүхнийг идэж чаддаг эр
Хүн болгонд хоолонд дуртай, ховдог найз гэж байдаг. Гэхдээ таны найз, зогсоо зайгүй иддэг Франц эрийн хаана нь ч хүрэхгүй гээд боддоо. 18-р зуунд Таррар гэх нэртэй Франц эр зогсохоо мэдэхгүй иддэг нэгэн байжээ. Түүнийг хүүхэд байхад аав ээж нь хамаг хоол идэж хороолоо хэмээн гэрээсээ хөөсөн гэдэг. Залуу хоол идэхгүйгээр байж чаддаггүй байсан бөгөөд харагдаж, тааралдсан бүхнийг идэж явдаг байв. Үүгээр үл барам амьд малыг хүртэл идэж, өлсгөлөнгөө дардаг байжээ. Харин Францын цэргийн ангийхан түүний энэхүү чадварыг ашиглаж, хулгайгаар хил гарган, улс орнуудын нууц бичиг баримтуудыг залгиулан авчруулахаар төлөвлөж, түүнийг армид оруулсан байна. Тухайн үед 14 сартай хүүхэд амь насаа алдсан хэрэг гарч, цогцсыг цогцос хадгалах газарт хадгалсан бөгөөд Таррар бяцхан хүүхдийн цогцсыг идэх гэж байгаад баригдаж байсан гэдэг.
9
Үхэл дуудсан байшин
Маш олон хүмүүс айл бүрт өөрийн гэх энерги, сүнс сүлд байдагт хэмээдэг. Энэ нь тухайн гэрт зочилж ирсэн хүн бүрийн амьдрал, дурсамж гэхчлэн бүх зүйлсийг хадгалж байдаг гэнэ. Айл бүр өөр өөр энергитэй байдаг. Зарим айлд ормогц яг л халуун дулаанаар тэвэрч байгаа мэт санагддаг бол, зарим айлд ороход хурдхан гарч зугтмаар санагдаж, нуруугаар хүйт даалгадаг билээ. Харин та бүхэнд нэгэн залуугийн аймшигт байшингаар зочилсон түүхийг дуулгая.
"60-аад оны үед эмээг маань нас барсны дараа, бид бүгд түүний байшинд очсон юм. Биднийг хаалгаар дөнгөж ормогц нэг үеэл ах маань зүрхний шигдээсээр газар дээрээ амьсгал хураасан. Бид эмнэлэг, цагдаа дуудаж, тэндээ хэсэг сууж, гашуудаж байтал, бас нэг ах маань зүрх нь өвдөж, хэдхэн минутын дараа нас барсан юм. Энэ бүхэн үнэхээр аймшигтай бас итгэхийн аргагүй байсан. Тэр байшин яг л муу ёр шүглэсэн мэт санагдаж, нуруугаар хүйт даалгаж байсан юм. Гаднаасаа үзэмж муутай, тэр байшинд нэг гэрийн 3 хүн дарааллаж нас барсан."
10
Хамгийн алдартай сүнстэй зам
АНУ-ын Нью Жерсигийн "Клинтон" замын тухай үнэн худал нь үл мэдэгдэх маш олон ярианууд байдаг. Тухайн зам нь ой модоор хүрээлэгдсэн ба сүнс, чөтгөртэй гэгддэг билээ. Орон нутгийн цагдаа нар ч энэ замыг аймшигтай болохыг хүмүүст сануулж болгоомжтой байхыг зөвлөдөг. Тус замыг дайран өнгөрсөн жолооч нар гар өргөсөн хүүхэд зогсож байгаад гэнэт алга болдог, машины жолоодлого автоматаар алдагддаг гэхчлэн олон зүйлсийг ам уралдан ярьдаг аж.
11
Хайрцагт байсан бяцхан хүү
1957 оны 2-р сарын 25-нд коллежийн оюутан Фредерик Бенасис (Frederick Benasis) хайрцган дотроос бяцхан хүүгийн цогцсыг олж, цагдаа нарт мэдэгджээ. Амиа алдсан хүүг 4-6 настай байсан гэж үзсэн бөгөөд аймшигтайгаар зодож, тамлан амь насыг нь хөнөөсөн байв. Тухайн үед өвлийн хүйтэн салхи ид үлээж байсан тул, цагдаа нар хүүгийн цогцос хэр удаан гадаа байсныг тогтоож чадаагүй бөгөөд түүний хурууны хээг ашиглаж, мэдээлэл хайсан боловч, юу ч олдоогүй юм.
Хүүгийн үсийг хайчилж, толгойг нь зүссэн байсан төдийгүй гар болон хөлийн арьс нь дэвтэж, үрчийсэн байжээ. Үүнээс нь улбаалж цагдаа нар хүүг амиа алдахаас өмнө багагүй хугацаанд усан дотор байсан гэж дүгнэсэн бөгөөд түүний эцэж турснаас харахад нэлээн хэдэн өдөр хоол ундгүй явсан нь харагдсан байна. Аймшигтайгаар амиа алдсан хүү хэн болох, түүнийг хэн ингэж яргалж, амийг нь хөнөөсөнг мэдэж чадалгүйгээр хэргийг хаасан билээ.
12
Аймшигт ой мод
Зусланд амарч байсан нэгэн хүү саваагүй зандаа хөтлөгдөж, шөнө босч яван ойн гүн рүү орж үзжээ. Харин түүнтэй хамт унтаж байсан өрөөний найз нь хүүгээс хаачих гэж байгааг асуухад, хүү инээмсэглээд түр хүлээж бай гэсэн байна. Өрөөндөө үлдсэн хүү унтах гэж нүдээ аньсан боловч чадалгүй босч, цонхоор хартал, ой руу явсан өрөөний найз нь агаарт тогтож байсан гэнэ. Энэ тухай хүү хэлэхдээ:
"Би босч цонхоор харахад, тэр агаарт тогтож байсан. Би өөрийгөө зүүдэлж байна гэж бодоод нүдэндээ ч итгээгүй. Гэтэл нэг гэрэл гарч ирэн түүнийг аваад алга болчихсон. Би зуслангийн багш нарыг дуудаж, тэнд болоод байгаа зүйлийг хэлэхэд хэн ч итгээгүй юм. Харин дараа өдрөөс нь өрөөний найзын маань алга болсон тухай цагдаа нар мэдэж, мөрдөж эхэлсэн ч хаанаас ч олж чадаагүй."
13
Нохдын амиа хорлодог "Overtoun" гүүр
1950-аад оны үеэс "Overtoun" гүүрэн дээрээс ноход үсэрч, амиа хорлож эхэлсэн байна. Үнэхээр итгэхэд бэрх, байж боломгүй санагдах хэдий ч, олон хүн өөрсдийн нүдээр харж байсан гэдэг. Жил бүр нэг нохой тус гүүрэн дээрээс үсэрч, амиа хорлодог гэх бөгөөд судлаачид үүний учрыг олох гэж хичээсэн боловч, ямар ч үр дүнд хүрч чадаагүй юм.
Зөвхөн нохой гэлтгүй, энэхүү гүүрэн дээрээс Кевин Мой гэх 2 настай хүү унаж, амь насаа алдсан хэрэг гарч байжээ. Хүүгийн аав ч мөн адил өмнө нь хэд хэдэн удаа тус гүүрэн дээрээс үсрэх гэж оролдож байсан гэдэг.
14
Ах дүүсийн аллага
Виллиам, Дельберт, Лимен болон Роско хэмээх 4 ах дүүс нь фермийн аж ахуй эрхэлж, ядруухан амьдардаг байжээ. Виллиам нь хүнд өвчин тусч, орондоо хэвтэж байхдаа амьсгал хураасан юм. Харин 1990 онд Дельберт буюу хамгийн бага дүүг нь ахыгаа хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэрээр өвчнөөсөө болж шаналж байгаа ахыгаа зовлонгоос нь хурдан салгах гэсэндээ амийг нь хороосон хэмээн мэдэгдсэн байна. Харин цагдаа нар мөрдлөгийн явцад талийгаач Виллиамын хөл болон хувцаснаас нь үрийн шингэн олсон бөгөөд дүү нар нь ахыгаа хүчирхийлдэг байсан байж мэднэ гэх сэжиг үүсчээ. Гэсэн хэдий ч энэхүү хэргийн үнэнг баттай илрүүлж чадалгүй хаахад хүрч, Дельберт ял үүрч, шоронд суусан юм. Тэдний энэхүү хэргээс сэдэвлэн "Brother's Keeper" хэмээх кино бүтээсэн байдаг.
15
Хажуугийн хаалган дахь төгөлдөр хуурч
Ахлах сургуулийн нэгэн сурагч, хөршийнхөө хүүгийн төгөлдөр хуур тоглож байгааг сонсох дуртай байжээ. Гэтэл хөршийн хүү 3 өдрийн турш гуниг харуусал тээсэн болон уур бухимдал илэрхийлсэн, хүйтэн аянууд тоглосон байна. Харин ахлах сургуулийн сурагч хүү ярихдаа:
"Маргааш өглөө нь ээж надад хөршийн хүүхэд Японд явж байгаад усанд живж үхсэн тухай хэлсэн юм. Би ээжид андуурсан байх тэр өдөр бүр хөгжим тоглож байсан гэж хэлэхэд, тэдний гэр хүнгүй байгаа болохыг ээж хэлээд, намайг гайхан харж байв. Би ч айж, нуруугаар хүйт дааж эхэлсэн юм. Нас барсан хүүгийн тоглосон аяыг 3 хоногийн турш сонсож байсан минь яг л хар дарсан зүүд шиг санагддаг"