1
Натан Шварц нь Одесса /Украйны гурав дахь том хот/ хотод амьдардаг байсан эгэл жирийн еврей гэр бүлээс гаралтай нэгэн юм. Түүний аав нь гуталчин байсан бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны үед амьдралаа сайжруулах зорилгоор гэр бүлийнхээ хамт Америкыг зорьжээ. Тэд Бостон хотод товхинож, амьдрах болсон байна.
Натан тэр үед дөнгөж 16 настай байсан бөгөөд аавтайгаа хамт ажиллах болжээ. Эхэндээ оёж, бэлэн болгосон гутланд улавч дэвсэж, хэмжээнд нь тохируулан арьс хувааж аавынхаа ажилд тусалдаг байв. Энэ мөчөөс бяцхан хүүгийн толгойд өөрийн гэсэн гутлын үйлдвэртэй болж, бизнесээ эхлүүлэх санаа төрж, олсон мөнгөө бага багаар хадгалах болсон аж.
2
Түүний хувьд сайн чанарын гутал хийхийн тулд амьдралынхаа 50 гаруй жилийг зарцуулсан бөгөөд энэ хүсэл нь анх 1952 онд биелж, анхны "Timberland" гутлаа хийсэн юм.
Үүнээс 3 жилийн дараа тэрээр хувийн компаниа үүсгэн байгуулж, эрхээ патентжуулан авсан байна. Натанд түүний хүүхдүүд тусалж байсан бөгөөд тэд Америкийн хамгийн шилдэг гутлыг үйлдвэрлэхээр сэтгэл шулуудацгаажээ. Тэрхүү гутлын онцлог нь хөлөнд эвтэйхнээс гадна, усны хамгаалалттай байв.
3
Удалгүй тэд резинэн улыг арьсан эдлэлтэй хослуулах санааг олсон бөгөөд энэ нь нээлт болж чадсан байна. Энэ төрлийн материалтай гутал өмссөнөөр хүмүүс шавхай туулахад ямар ч асуудалгүй болжээ.
Дараа нь тэд хөвөн утас ашиглахын оронд нейлон материал ашиглаж, үдээсний нүхэнд тав суулгаж, үдээснийх нь үзүүрийг төмрөөр хийж, ус нэвтрэхгүй материалтай болгосон байна.
4
Тэд гутлын өнгөнд тэгтлээ анхаараагүй бөгөөд байгалийн шаргал өнгийг сонгон авчээ. Энэ нь ч үр дүнтэй байсан юм. Өөрөөр хэлбэл, бохирдсон хэдий ч, цэвэрлэхэд амар хялбар байсан юм. Тэгээд ч хүмүүс сайн чанарын "Timberland" гутлыг шар өнгөөр нь түлхүү мэддэг билээ.
5
Өнөөдөр "Timberland" брэнд олон улсад салбараа нээсэн, дан ганц гутлаас гадна, хувцас үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээний алдартай брэнд болсонтой маргах хүн гарахгүй биз ээ. Энэхүү компанийг өнөөдөр Натан Шварцийн ач хүү Жеффри Шварц удирдаж байгаа бөгөөд өвөөгийнхөө бизнесийг амжилттай үргэлжлүүлэн авч явж байгаа юм.
Та энэхүү мэдээллийг уншсанаар өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэх ямар гайхалтай болохыг ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна. Танд өөртөө итгэлтэйгээр, урам зоригоор жигүүрлэн Натан Шварц шиг амжилтанд хүрээрэй гэж ерөөе!