1
Мэдрэлийн системд нөлөөлнө
Хэт бариу жинс нь хөлийн цусны эргэлтийг саатуулж, гуяны мэдрэлийн эсийг гэмтээдэг байна. Мөн биеийг загатнуулж, хөдлөхөд бэрх, хөшүү мэдрэмжийг төрүүлдэг. Та бариу жинсийг шаардлагатай тохиолдолд л өмсөх хэрэгтэй бөгөөд хэтэрхий удаан өмсөж явахаас зайлсхийгээрэй. Мөн жинсэн өмд өмссөн тохиолдолд дасгал хөдөлгөөн хийж болохгүй.
2
Цээж хорсгоно
Бариу хувцсыг удаан өмссөнөөр, цээж хорсох аюул нэмэгдэнэ. Хэрэв та бариу жинс өмссөн байхдаа, хоол идвэл хоол боловсруулах системд асуудал үүсч эхэлдэг. Та цээж хорсох, хоол боловсруулах систем доголдох аюулаас хол байхыг хүсвэл бариу жинс болон хувцаснаас аль болох татгалзах хэрэгтэй. Ялангуяа хоол идэхдээ биед чөлөөтэй хувцас өмсөж байгаарай. Мөн бэлхүүс хэсгээр бариу хувцас өмсөх болон тураах бүс зүүх нь биеийн дотоод эрхтнүүдийг хэт шахаж, үйл ажиллагаанд нь асуудал үүсгэх аюултай байдаг.
3
Булчинг гэмтээнэ
Хүний биеийн булчин нь бүхий л өдрийн турш ажиллаж байдаг. Хэрэв та тухайн өдөр гадуур алхаж, олон ажил амжуулах хэрэгтэй бол жинсэн өмднөөс татгалзаарай. Учир нь гэвэл, бариу жинс нь булчингийн хөдөлгөөн, үйл ажиллагаанд саад учруулж, цусны эргэлтийг боодог төдийгүй хөлийн судсыг бүдүүрүүлэх аюултай. Харин таны хөлийн судас бүдүүрсэн бол шахалтын оймс (compression stockings) өмсөж, цусны эргэлтээ сайжруулж болно.
4
Хөлийг хэт мэдрэмтгий болгоно
Та бариу жинс өмссөн үедээ хөлөө шалгаж, ямар байдалтай байгааг нь ажиглаж байгаарай. Хэрэв таны хөл загатнаж, хөшиж байвал өмдөө солих хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд, удаан хугацаанд бариу жинсэн өмд өмссөнөөр хөлийн булчин гэмтэж, цаашлаад үе мөч өвдөх аюултай байдаг аж. Иймд хамгийн чухал эрхтэн болох хөлөө хайрлаж, хамгаалан, бариун жинсээс аль болох татгалзаарай.
5
Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
Бариу жинс нь мэдрэлийн системд нөлөөлж, булчингийн ажиллагааг сааруулахаас гадна биеийн дотоод эрхтэнд нөлөөлөх нь бий. Жишээлбэл эрэгтэй хүн бариу жинс, дотуур хувцас өмссөнөөр, эр бэлгийн эс цөөрч, хэт сул болдог. Харин эмэгтэй хүн бариу жинс өмсвөл, шээсний замын халдвартай болох магадлал нэмэгддэг байна. Цаашлаад олон төрлийн өвчин үүсгэж, биед тухгүй мэдрэмжийг төрүүлнэ. Гэхдээ та биед чөлөөтэй, сул жинсэн өмдийг өмсөж болох юм.
6
Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулна
Охид бүсгүйчүүдийн өмсөх дуртай бариу хувцас нь бие эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна, таны сэтгэл зүйд хүртэл нөлөөлдөг. Та бариу хувцас өмссөн үедээ өөрийгөө тарган хэмээн мэдэрч, хоолноос татгалзаж, сэтгэлээр унах нь элбэг. Угтаа бол та тарган биш, ердөө л өмссөн хувцаснаас болж тэгж харагдсан байлаа ч хамаагүй, сэтгэлээр унаж, стресстэх болно. Энэ нь мэдээж сөрөг үр дүнг дагуулах бөгөөд цаашлаад хоолноос гарч, өөрийгөө зовоож мэднэ.
7
Тийм ч загварлаг биш
Таны бариу жинсэн өмднөөс татгалзах ёстой бас нэгэн шалтгаан бол загвар юм. Тус өмд нь олон жилийн турш трэнд болж, хүмүүсийн өдөр тутамдаа өмсдөг хувцас нь байсаар ирсэн билээ. Гэхдээ жилээс жилд загвар зохион бүтээгч нарын гаргаж ирсэн төрөл бүрийн хувцас болон өмднүүд таны анхаарлыг татаж, өмсөх хүслийг төрүүлэх болно. Жишээлбэл та бариу жинсний оронд трапец загвартай өмдийг ч өмсөж болно шүү дээ.
Мөн та зүгээр нэг бариу өмд өмсөхөөс илүүтэй төрөл бүрийн загвартай даавуун өмд, сул жинс зэргийг сонирхож болно. Энэ нь таныг бусдаас онцгой, өвөрмөц нэгэн болгож харагдуулна. Өнөөдөр хүн бүхэн л бариу болон уранхай жинс өмсөх болсон, харин та тэднээс ялгарч өөр төрлийн өмд өмссөнөөр өвөрмөц харагдахаас гадна эрүүл мэндээ аварч чадах юм.
Яагаад бариу жинсэн өмднөөс татгалзах хэрэгтэй вэ?
Бид та бүхэнд бариу жинсэн өмд нь биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг дээр дуулгасан. Мэдээж бариу жинсийг амьдралаасаа гаргаж, ахин хэзээ ч өмсөхгүй байна гэдэг боломжгүй зүйл билээ. Та ердөө л шаардлагатай нөхцөлд тус өмдийг, цагийн хязгаартай өмсөхөд хангалттай. Мөн болж өгвөл биеийг хэт барьж, цусны эргэлт хаахгүй өмдийг сонгож өмсөөрэй.
Маш олон охид залуус бариу хувцас өмсөж, өөрийгөө эрсдэлд оруулж байгаа гэдгээ ч мэдэхгүй явдаг. Харин та бидний бэлтгэсэн мэдээллийг уншаад бага ч атугай ойлголттой болж, цаашдаа эрүүл мэнддээ анхаарах тухай бодсон гэдэгт итгэлтэй байна.