10
Москва, ОХУ
Хүйтэн дайны дараахан ЗХУ /Зөвлөлт Холбоот Улс/ задарсан билээ. АНУ ялж, ЗХУ ялагдсан. Үр дүнд нь хүн төрөлхтөн 20-р зуунд Москва хот олон улсын тавцан дахь байр суурь, нөлөөгөө алдаж, ОХУ-ын хүчирхэг байдал буурсныг харсан.
Гэвч 2017 он гэхэд Москва хот улс төр, эдийн засгийн нөлөө бүхий хот гэдгээ батлан харуулсаар уг жагсаалтад багтаж чаджээ.
Москва хотын эдийн засгийн үзүүлэлт АНЭУ /Арабын Нэгдсэн Эмират Улс/-аас илүү байгаа бөгөөд энэ нь ОХУ геополитикийн хувьд эргэн ноёлох төлөвтэй байгааг илтгэж байгаа юм. Үүнд ОХУ-ын улс төрийн хүчийг Кремлинд төвлөрүүлж чадсан Владимир Путины нөлөө асар их байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз. ОХУ нь Сирийн дайн болон Европийн бүс нутагт тэргүүлэгчийн байр суурьтай байгаагаас гадна, 2016 онд болж өнгөрсөн АНУ-ын сонгуульд хүчтэй нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн олон нийт үзэж байгаа ажээ.
9
Лагос, Нигер
Оршин суугаа хүн амын тоогоороо Лагос хот Африк тивд нэгдүгээрт бичигддэг. Ойролцоогоор 21 сая гаруй хүн энэ хотод аж төрж, амьдарч байна. Автомашины түгжрэл болон гудманд гарч буй гэмт хэрэг асуудал болж байгаа хэдий ч, энэ хотыг гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаа аж. Учир нь судлаачдын үзэж буйгаар Лагос хот ирэх хагас зуун жилд Африк тивийг эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэх бүрэн боломжтой гэнэ.
Түүнээс гадна, дэлхийн томоохон компаниуд эхнээсээ уг хотод салбараа нээж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм. Мөн эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг тэргүүлэх нь тодорхой болоод байгаа БНХАУ-ын зүгээс Лагос хотод хөрөнгө оруулалт хийх тухай яриа сүүлийн үед хүчтэй газар авах болжээ.
8
Рияад, Саудын-Араб
Саудын-Араб улсын хувьд Ойрх Дорнодын хамгийн чухал улс орнуудын нэг юм. Тиймээс ч Европ болон Америкуудын ашиг сонирхлыг ихээр татаж байгаа билээ. Үүний тод жишээ бол, Рияад хот дахь АНУ болон Австрали улсуудын улс төрийн ашиг сонирхол юм.
Рияад хот бол Персийн булан дахь хамгийн хүчирхэг хот бөгөөд 7 сая хүн энэ хотод амьдардаг байна. Саудын-Араб улсын хувьд Сири, Иран, Йемен улсууд дахь нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд үүнийг нь АНУ, Их Британи, Герман болон Япон зэрэг дэлхийн томоохон гүрнүүд нухацтайгаар ажиглаж байна. Мөн Саудын-Араб улс нь дэлхий дээрх хоёр дахь хамгийн том шашин болох Исламын өлгий нутаг гэгддэг билээ.
7
Сингапур, Сингапур
Хятад, Япон улсууд нь магадгүй зүүн Азийн хүчирхэг барнууд байж болох ч, Сингапурыг хэрхэвч мартаж болохгүй. Азийн худалдаа, арилжааны томоохон хот болох Сингапур нь 5.5 сая хүн амтай. Амьдрахад хамгийн таатай газруудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд эдийн засгийн үзүүлэлт нь огцом өсч байгаа хот юм.
Сингапур нь улс болохоор хичээж байсан 14 мужийн нэг бөгөөд уйгагүй хичээсний эцэст 1965 онд тусгаар тогтнолоо зарласан билээ. Харин өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ /Дотоодын Нийт Бүтээгдэхүүн/-ийн тоо хэмжээгээр Малайзын Куала Лумпур хотоос 5 дахин их болтлоо өсч, хөгжиж дэвшсэн Азийн томоохон хотуудын нэг болжээ.
6
Лос Анжелес, АНУ
Лос Анжелес хотын хувьд АНУ-ын улс төрийн гол хүч байрлаж байгаа газар бишээс гадна, эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлэгч статустай хот ч биш юм. Харин АНУ-ын кино урлагийн өлгий нутаг гэгддэг Холливууд байрлаж байгаа гэдэг утгаараа дэлхийн хамгийн хүчирхэг хотуудын жагсаалтанд багтжээ.
Холливуудийн ертөнц жил бүр АНУ-ын эдийн засгийн тоо хэмжээг 500 тэрбумаар ахиулдаг гэсэн сүрдэм судалгаа байдаг байна. Үүний учир шалтгаан нь Лос Анжелес хотод дэлхийн бүх томоохон аж ахуй нэгж, пүүс компаниуд үйл ажиллагаагаа явуулдагтай холбож ойлгож болох юм.
Наад захын жишээ дурдахад Америк кинонуудад дургүй хүн энэ хорвоо ертөнц дээр тун цөөхөн билээ. Үүний тод илрэл болж, Хятадын талаас Холливуудтэй хамтарч ажиллахаар томоохон гэрээнд гарын үсэг зурахад тун ойрхон байгаа аж.
5
Берлин, Герман
Берлинийг энэхүү жагсаалтанд оруулсан нь энэ цаг үеийн дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болох Ангела Меркел гэх бүсгүй энэ хотод амьдарч, ажил хэргээ явуулдагтай холбоотой юм. Түүний хүчээр Берлин Европ тивийн 4 дэх хүчирхэг эдийн засагтай хот болсон бөгөөд Герман улс Европийн бүс нутагт үзүүлэх нөлөөгөөрөө Путинаар удирдуулсан ОХУ-ын дараа ордог байна.
Тэр ч бүү хэл зарим судлаачид Берлинийг ЕХ /Европын Холбоо/-ны нийслэл гэж үзэх нь ч бий. Үнэн хэрэгтээ бол Бельгийн Брюссель хот билээ. Европын холбооны худалдаа арилжааг гол зохицуулж буй Берлин хот энэ үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт бичигддэг.
Мөн урлаг соёлын томоохон хот гэдгээрээ Лондон, Парис, Нью-Йорк, Веньтэй өрсөлддөг ажээ.
4
Токио, Япон
Япон улсын нийслэл Токио хот нь эдийн засгын байдлаараа БНСУ-тай тэнцүү гэнэ.
Түүгээр ч барахгүй Австрали, Канад, Испани, Индонез болон Саудын-Араб улсуудаас эдийн засгийн байдлаараа илүү ажээ. Тиймээс Токио хот энэхүү жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигджээ.
Мөн Токио хотод дэлхий дээрх хоёр дахь хамгийн том метро байдаг бөгөөд энэ нь Хятадын "Pearl River Delta"-г хэмжээгээрээ гүйцэж, түүхэнд бичигдэн үлдсэн байна. Түүнчлэн Токио хотод үйл ажиллагаагаа явуулдаг техник технологийн корпорациуд дэлхийд тэргүүлэгчийн байр суурьтай байдаг билээ.
3
Бээжин, Хятад
Хүн төрөлхтний түүхийг шинээр бичиж буй Бээжин хотыг хувьд эдийн засгийн үзүүлэлтээрээ Хятад улсдаа Шанхай хотын ард бичигддэг байна. Хятадын эдийн засийн өсөлт Америкийг мөдхөн гүйцэж ирнэ гэж судлаачид үзэж буй энэ цаг үед Бээжин хотыг тун удахгүй дэлхийн хамгийн хүчирхэг хот болоход гайхах зүйлгүй гэдгийг шинжээчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.
21-р зуунд Хятадууд олон салбарт тэргүүлэгчийн статустай болж байгаа нь 7 гаруй тэрбум хүн төрөлхтний анхаарлыг өөрийн эрхгүй Бээжин хот руу чиглүүлэхэд хүргэж байгаа аж. Бээжин хотыг орчин цагийн Ромын Эзэнт Гүрэн болон Константинополь хот гэж зүйрлэх нь ч бий.
2
Нью-Йорк, АНУ
Хэрвээ Нью-Йорк хот дангаараа улс байсан бол, дэлхийн хүчирхэг 20 улсын нэг байх бүрэн боломжтой гэнэ. Нью-Йорк хот нь эдийн засгийн үзүүлэлтээрээ зөвхөн Токио хотын ард бичигддэг бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий хотуудын нэг билээ.
Нью-Йорк хот нь Эрх чөлөөний хөшөө, "Empire State Building" зэрэг тэнгэр баганадсан барилгуудаараа алдартай бөгөөд Америк үндэстний өв соёлын өлгий нутаг гэгддэг байна.
Түүнчлэн Нью-Йорк хотыг дэлхийн худалдааны төв гэж үздэг бөгөөд салбар салбарын томоохон аж ахуй нэгжүүд болон пүүс компаниуд уг хотод үйл ажиллагаагаа явуулдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
1
Лондон, Их Британи
Ийнхүү ИБНВУ /Их Британийн Нэгдсэн Вант Улс/-ын нийслэл Лондон хот дэлхийн хамгийн хүчирхэг 10 хотын нэгдүгээрт бичигджээ. Саяхан буюу 2017 оны 4-р сард Дэлхийн Эдийн засгийн Форум /WEF/-аас хамгийн хүчирхэг эдийн засагтай, хөгжил дэвшил өндөртэй, бизнесийн салбарт амжилттай яваа бизнес эрхлэгчид олонтой хотуудыг шалгаруулахад Лондон хот хол тасархай тэргүүлсэн байна.
Лондон хот нь үүх түүх, өв соёлоор баялаг бөгөөд жуулчдыг хамгийн ихээр татдаг хотуудын нэг билээ. Европын холбоонд голлох үүрэгтэй байдаг Их Британийг сүүлийн жилүүдэд холбооноос салан тусгаарлах хандлагатай байгааг хэвлэл мэдээллээр онцолж байгаа бөгөөд хэрвээ ийм зүйл болсон нөхцөлд Европын холбоо дампуурна гэж шинжээчид үзэж байгаа юм. Үүнээс Лондон хотын эдийн засгийн чадавхи, сүр хүчийг харж болох ажээ.