Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олныг босгожээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдсэнээр өнгөрсөн 4 жилд нийтдээ 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө босгосны ихэнх нь бизнесийн зээл байсан аж. Харин энэ мөнгөөр юу хийсэн нь түүнээс ч дутахгүй сонирхолтой, бас харамсалтай. Хотын гудамжинд цэцэг тарих, эсвэл зайрмагны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх зэргээр 7.2 тэрбум ам.долларын багагүй хэсгийг гарын салаагаар урсгасан тухай баримт бий. Гэхдээ энэ бол өнгөрсөн зүйл. АН-ын өр, МАН-ын өр гэж тусдаа байдаггүй. Монгол Улс л төлөх ёстой учраас авсан мөнгөө, тавьсан өрөө хэрхэн дарах тухай бодох цаг нь өнөөдөр юм. Ямар боловч хугацаа нь тулчихсан байсан Хөгжлийн банкны 580 ам.доллартай тэнцэх евро бондын өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар төлөөд байна. Илүү уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацаатай бондоор сольсон энэ өр бол Монгол Улсын төлөх ёстой мөнгөний ердөө багахан хэсэг нь. 2018 он гаруут л бид “Чингис” бондын болон бусад зээлийнхээ төлбөрийг хийх ёстой. Тэр үед харин яах вэ?
Нэгэнт л авчихсан мөнгийг буцааж төлөх нь зүй ёсны үүрэг. Хэрэв төлөхгүй бол Монгол Улс дефолт зарлах аюул ойрхон байна. Иймээс ч эрх баригчид ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах сонголтыг хийгээд байгаа билээ. Удахгүй ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах юм. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдвал 4.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын урсгал Монгол руу чиглэх урьдчилсан тооцоо бий. Японы Засгийн газраас авах бага хүүтэй, урт хугацаатай 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бол үүний нэг нь. Мөн БНХАУ-тай байгуулах зээлийн шугамын асуудал ч багтаж байгаа билээ. Энэ бүгд бол ОУВС-тай тохиролцоонд хүрсэн нөхцөлд хэрэгжих ёстой хөтөлбөрүүд. Тиймээс л Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр тохирч чадах уу гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Тэгвэл энэ талаархи нааштай шийдвэрүүд өнгөрсөн өдрүүдэд гарчээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардтай ажил хэргийн уулзалт хийсэн байна. Түүнчлэн энэ сарын 24-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хэлэлцэх тов гарлаа. Үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхах үеэр Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь эдийн засагт ирж буй ойрын үеийн хамгийн эерэг мэдээ байлаа.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ Си Зиньпин дарга мэдэгджээ. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон байна. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлжээ. Эд бол яах аргагүй Монголын эдийн засагт ирж буй эерэг мэдээ, хөрөнгө оруулагчдад очиж байгаа сайн мессеж юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.