Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монголчууд бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль хаяалаад ирчихжээ. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж тодорхойлогддог, хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш ч бүх ард түмнийхээ саналаар сонгогддог учраас нэр хүнд, нөлөө сүр нь их байдаг тэр албан тушаалтныг сар гаруйхны дараа болох сонгуулиар тодруулах цаг ирээд байна.
Намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ нягтлан шалгаж, зөрчил байвал засах хугацаа өгч буй хуулинд заасан үйл явц өрнөж байна. Яг энэ цаг хугацаанд нийгмийн дунд хамгийн их өрнөж байгаа сэдэв бол нэр дэвшигчдийг хооронд нь бодлогоор нь өрсөлдүүлж, тодорхой сэдвийн хүрээнд мэтгэлцүүлэх ёстой гэсэн санаачилга юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анхлан дуугарч, сошиалд “Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгууль ойртож, нэр дэвшигчид тодорлоо. Нэр дэвших сургаар л ээлжилж муулсаар хэвлэл мэдээлэл, цахим ертөнц тэр чигтээ хар. Уг нь улс төрийн намууд Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудлуудыг дор хаяж гурван үе шаттай мэтгэлцээн зохион байгуулж гарц шийдлийг ярилцах ёстой юмсан” гээд Хүний хөгжил, нийгмийн бодлого, гадаад бодлого аюулгүй байдал, эдийн засгийн бодлого, засаглалын эрх мэдлийн тэнцвэр, засаг захиргааны нэгж, үндэсний дотоод гадаад дүр төрх, түүх өв соёл, сайн засаглал, хариуцлага зэрэг олон сэдвийг 18-хан хоногт ярьж, ганц удаа мэтгэлцсэн болдог улс орон цөөхөн хэмээн шүүмжилсэн байсан. Тэрбээр хэвлэл мэдээлэл, бодлогын судалгааны хүрээлэн, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургуулиуд, улстөрчид үүнийг хамтдаа шахаж шинэ соёл тогтоох учиртай гэж онцолсон нь олонд хүрч, уриалга нь нэлээд газар аваад байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч, цахим ертөнцөд ч иргэд төрийн тэргүүн болох хүмүүс маань юуг бодож, юун дээр анхаарч, ямар асуудал ямар байр суурьтайг мэдэж байж сонголтоо хийхийг хүсч байна гэж илэрхийлэх болжээ. Нэр дэвшигчдээ бид улстөрчийнх нь хувьд ямар замналтай, ямар үг хэлж, ямар үйл хийдэг гэдгийг нь ерөнхийдөө гадарлах ч, гадаад улс оронд Монгол Улсаа төлөөлдөг тэргүүн дипломатч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалд очих хүнийхээ хувьд яг ямар болохыг нь мэдэхгүй. Одоо хэн хэний фракц, хэн намдаа сайн хөлтэй гэдгээр улстөрчийг тодорхойлдог биш хэн ямар бодлого ярьдаг, хүний хөгжил, нийгмийн бодлогод ямар байр суурьтай байдаг, эдийн засгийн баримжаа нь ямар, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын хувьд хэрхэн зовниж ажиллах хүн бэ гэдгийг мэдэх нь чухал байна.
Нэр дэвшигчийн үнэмлэхийг сонгууль болохоос 30 хоногийн өмнө гардуулна гэсэн хуулийн заалтаар энэ сарын 17-нд үнэмлэхийг нь гардуулснаар ил, далд сурталчилгаа бүгд зогсоно. Тэгээд сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 8-наас эхлээд ердөө 18 хоног үргэлжлэх болж байгаа юм. Уудам тал нутагтаа тархан суурьшсан гурван сая монголчууддаа нам, намын ганц ганц нэр дэвшигчид маань хорь хүрэхгүй хоногийн хугацаанд хэрхэн яаж очиж уулзах вэ. Ёстой аймаг бүрээр орж, төв театрт нь бэлтгэсэн намынхаа хүмүүстээ уулзалт хийсэн болж, гар бариад л дуусна.
Тэр төрийн тэргүүн болоод юу хийхээр төлөвлөж байгаа, түүний бодлого ямар байх талаар бодоод ч хэрэггүй. Аз таарч үзсэн сайлсан муулсан хэдэн нэвтрүүлгээр л сонголтоо хийх болчихоод байгаа юм. Тиймээс улс төрд бугшсан уламжлалыг сөрж, бодлого ярьж гарч ирж байгаа залуу гишүүний санаачилгыг маш олон хүн дэмжиж байна. Нийгэмд зөв бодолтой, эрүүл үзэл санаатай гэсэн тэр энэ нам гэлтгүй олон хүн мэтгэлцээнийг дэмжиж, “Мэтгэлцүүлье” гэсэн чэллэнж буюу уриалга ихээр тархжээ.
Улс төрд шинэ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж олон хүн үзэж байна. Нөгөө талаас мэтгэлцээн бол иргэдийн мэдэх эрх, сонгох эрхийг хүндэтгэсэн хэрэг гэдгийг олон хүн хэлж байна. Эрүүл залуучууд, өөрсдөдөө хүндэтгэлтэй ханддаг сонгогчдын энэхүү уриалга бүр хөдөлгөөн болж өргөжөөд байгаа ч дуулдаж байна. Нэр нөлөө бүхийн улстөрчид ч дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Сонгууль бол бодлогын өрсөлдөөн болохоос сэтгэл огшоож нулимс дуслуулсан нэвтрүүлэг хийлгэх биш, эсвэл нэгийгээ газар дор ортол муулсан хар пиар явуулахын нэр биш.
Манайд мэтгэлцээн байдаггүй биш байдаг ч жинхэнэ утгаараа явж байсангүй. Анх 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат, Л.Түдэв нар халз мэтгэлцээнд орж байлаа. Тэр цагаас хойш ямар нэг байдлаар мэтгэлцээн нэртэйгээр явж ирсэн ч жинхэнэ мэтгэлцээний зарчмаар явж байсангүй. Уг нь эхэн үедээ тэр зарчмыг барих гэж хичээж байсан ч хэнийх нь үеэс ч юм бэ дээ, бүгд нэг адил асуултад хариулж асуулт хариултын сонин ярилцлага шиг болчихсон юм. Бодвол аль нэгэн Ерөнхийлөгч дахин нэр дэвших үедээ тэгж үүрэгдсэн биз ээ.
Мэтгэлцээний дараа хүмүүст шинэ мэдээлэл юу ч ирдэггүй, зөвхөн адилхан асуулт тавьж, хугацаандаа адгасан сэтгүүлч нарыг л шүүмжлээд өнгөрдөг болсоор удлаа. Мэтгэлцээн гэчихээд мэтгэлцэж байгаа юу ч байхгүй учраас сэтгэл дундуур үлдсэн сонгогчид сэтгүүлчийг нь буруутгахаас өөр аргагүй үлддэг байв. Гэтэл тэдэнд энэ хүнийг сонговол тухайн асуудалд хэрхэн хандах вэ гэдгийг мэдэхийг хүссэн асар их хүлээлт байдаг юм. Дэлхийн улс орнуудын 60-аас дээш хувь мэтгэлцээний зарчмаар иргэдийнхээ сонгох эрхийг мэдэх эрхтэй нь хүндэтгэдэг. Харин манайд энэ байдал огтхон ч алга. Тухайн нэр дэвшигчийн нийгмийн бодлого нь ямар байх вэ гэдгээс иргэдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарах юм, хөдөлмөр эрхлэлтийг юу гэж бодож байна, ажилгүйдэл, иргэдийнхээ насжилтыг нэмэгдүүлэхэд яах юм гээд олон зүйлийг ойлгож болдог. Нэг сэдэв нь ингэж олон задарч байхад бид ганцхан удаа болдог мэтгэлцээн нэртэй ярилцлагад итгэх үндэс байхгүй. Нийгмийн бодлого ийм байх ёстой гэсэн хуурай асуулт хариултын оронд “Таны тооцоо буруу байна. Минийхээр бол ийм” гээд бодлогоор мэтгэлцэх тийм өрсөлдөөнийг иргэд харж, улмаар сонголтоо хийхийг хүсч байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.