Бид юунаас болж бүтэлгүйтдэг вэ?

Хүн бүр ганц л амьдрах насандаа бусдаас дутагдаж гачигдах зүйлгүй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахыг хүсдгээс гадна, өмнөө тавьсан зорилгодоо хүрч, амжилтын оргилд гарахыг эрмэлздэг билээ. Гэвч заримдаа яаж ч хичээж, мэрийсэн амжилтанд хүрч чадахгүй байх нь бий. Энэ нь дараах шалтгаануудтай салшгүй холбоотой бөгөөд эдгээр нь ололт амжилтаас үргэлж хойш татаж байдаг байна. Ингээд хамтдаа биднийг бүтэлгүйтэхэд хүргэдэг хамгийн түгээмэл 15 шалтгааныг мэдэж авцгаая.

Бид юунаас болж бүтэлгүйтдэг вэ?

1 Эхний алхмаа төлөвлөөгүй байж, дараагийн алхмыг хийх

Та магадгүй олон ажлыг зэрэг амжуулах чадвартай нэгэн байж болох юм. Иймдээ ч яг одоо таны ширээ эмх замбараагүйгээс гадна, овоолсон ажлаар дүүрсэн байх магадлалтай. Гэвч танд л гэж хэлэхэд олон туулай хөөсөн хүн ганзаг хоосон ирэх нь бичигдээгүй хууль байдгийн нэгэн адилаар төлөвлөсөн ажлууд тань бүтэмж муутай байвал гайхах хэрэггүй. Учир нь та хамгийн чухал алхам болох төлөвлөлтийг хаяж, гээгдүүлээд байна шүү дээ. Тэдгээр олон ажлыг хийхийн тулд эхлээд хамгийн чухлаас нь эхлээд, дэс дараалалтайгаар төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр таны ажил бүтэмжтэй болох болно.

Эхний алхмаа төлөвлөөгүй байж, дараагийн алхмыг хийх

2 Алдаанаасаа суралцдаггүй

Та магадгүй шинэ зүйлийг сурч, мэдэх дуртай нэгэн байж болох ч, харамсалтай нь алдаанаасаа суралцахыг төдийлөн ойшоодоггүй бололтой. Ихэнх хүмүүс ном, сонин сэтгүүл уншсанаар их зүйлийг сурч, мэдэж авдаг гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ хүн алдаанаасаа их зүйлийг ойлгож авах нь бий. Нэг ёсондоо та нэг алдсан алдаагаа давтсаар байгаа бол, өөрийгөө алдаанаасаа суралцдаггүй гэж ойлгож болно. Энэ нөхцөлд хэзээ ч урагшилж, хөгжиж дэвшихгүй гэдгийг ойлгоорой.

Алдаанаасаа суралцдаггүй

3 Хэтэрхий нэг талыг барьсан

Энэ төрлийн хүмүүс аливаа нэг ажлыг хариуцаж авчихаад, хангалттай хугацаа өнгөрсний дараа ч гэсэн, хийж чадахгүй атлаа бууж өгөлгүй үргэлжлүүлэн хийсээр байдаг. Магадгүй энэ чанарыг туйлбартай гэж сайн талаас нь үзэж болох ч, нөгөө талаасаа хэт их хугацаа алдахаас гадна, бусдын үнэлэмжийг үгүй хийх сөрөг талтай байдаг гэдгийг бүү мартаарай. Хэрвээ та энэ зан чанараа засч чадахгүй байгаа бол, өөрийгөө мэдлэг, чадалтай хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй бөгөөд тэд танд ажлыг тань бүтэмжтэй болоход туслах аж.

Хэтэрхий нэг талыг барьсан

4 Өөр зүйлсэд анхаарлаа хандуулах

Хэрвээ та амьдралдаа хийж бүтээхээр олон зүйлсийг төлөвлөж байгаа бол, зөвхөн түүндээ л хамаг анхаарлаа хандуул. Өөр зүйлсэд анхаарал хандуулснаар ажлын бүтээмж тань огцом буурахаас гадна, амжилтанд хүрэх улам л хэцүү болох болно. Иймээс өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд анхаарлаа сайтар төвлөрүүлээрэй гэж зөвлөе.

Өөр зүйлсэд анхаарлаа хандуулах

5 Айдсаа ялан дийлж чадахгүй байх

Хүн амьдралдаа зоригтой шийдвэр гаргахыг хүсдэг ч, тэдний ихэнх нь сэтгэл дотор байгаа айдсаасаа болоод, дорвитой шийдвэрт хүрэхгүй байх нь бий. Үүнийг хүн бүр тойрч биш, дайрч гардаг. Харин айдсаа ялан дийлж чадсан хүмүүс амжилтын түлхүүрийг гартаа атгаж чаддаг билээ. Учир нь тэдгээр амжилтанд хүрсэн хүмүүс, хүн нэг л амьдрах учраас айж суусаар байтал, амьдралынх нь дийлэнх цаг хугацаа үрэгдээд дуусна гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгосон байдаг аж. Таныг ч гэсэн ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Айдсаа ялан дийлж чадахгүй байх

6 Сурч, хөгжихийг таашаадаггүй

Бид бүгд л өдөр шөнөгүй интернет ухаж, төрөл бүрийн мэдээ мэдээлэл уншиж, бичлэг үзэж, дуу сонсдог. Үүнийг бид зарим тохиолдолд суралцаж байна гэж үздэг нь нууц биш юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь сурах биш бөгөөд эсрэгээрээ өөрсдийгөө амарчилж байгаатай холбоотой аж. Сурч, хөгжинө гэдэг өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа хөгжүүлэхийг хэлж байгаа бөгөөд тэдгээр зүйлс эргээд танд үр өгөөжөө өгч, хожим дадлага туршлага болох ёстой билээ. Иймд шинэ зүйлийг сурч, мэдэхээс хэзээ ч бүү зайлсхийгээрэй.

Сурч, хөгжихийг таашаадаггүй

7 Зорилгоо ухамсарладаггүй

Өмнөө тавьсан зорилгоо үнэ цэнэтэй байлгахын тулд алхам тутамдаа түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд хичээгээрэй. Ингэснээр та санасан, зорьсондоо хүрэх болно. Гэвч ихэнх хүмүүс цаг хугацааны эрхээр зорилгоо ухамсарлахаа больж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, өөр зүйлсэд сатаарч, амьдралын утга учир гэх зүйл чухам юунд оршдгийг мэдэлгүй явсаар үнэт цагаа дэмий үрэх нь бий. Тиймээс өмнөө тавьсан зорилго, зорилтгүй хүн хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй гэдгийг ойлгох нь чухал юм.

Зорилгоо ухамсарладаггүй

8 Ухаалаг байхаас илүү хөдөлмөрлөхийг хичээдэг

Аливаа зүйлийг дан ганц уйгагүй хөдөлмөрөөр бүтээж, бий болгоно гэж бодож байгаа бол, энэ нь эндүүрэл болохыг танд хэлье. Учир нь зарим тохиолдолд хүнд арга ухаан, заль мэх зайлшгүй шаардлага болдог. Магадгүй та "хөдөлмөрийнхөө хүчээр амжилтанд хүрэхгүй гэж үү?" хэмээн гайхаж байж мэдэх юм. Хэдийгээр энэ нь үнэн боловч, хүн оюун ухаанаа ашиглаж чадвал, хэд дахин илүү хурдан амжилтын түлхүүрийг өөрийн болгож чаддаг байна. Иймд хурдан сэтгэж, авхаалжтай байгаарай. Үр дүн нь танд богино хугацааны дараа мэдрэгдэнэ.

Ухаалаг байхаас илүү хөдөлмөрлөхийг хичээдэг

9 Үгүй гэж хэлж чадахгүй байх

Амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүсийн ихэнх нь бусдад "үгүй" гэж хэлж чаддаггүй бөгөөд энэ нь тэдний хамгийн том сул тал болдог байна. Учир нь бусдад сайхан сэтгэл гаргаж, цаг ямагт тусламжийн гараа сунгаж явснаас болж, өөрийн ажилдаа анхаарлаа бүрэн гүйцэд төвлөрүүлж чаддаггүй аж. Тусламж хэрэгтэй хүн бүрт заавал туслах ёстой гэсэн хууль дүрэм байхгүй шүү дээ. Зөвхөн та өөрийнхөө боломжтой үед туслахад л хангалттай юм.

Үгүй гэж хэлж чадахгүй байх

10 Өөрт тохирохгүй ажлаа хийх

Яаж ч хичээж, мэрийсэн таны ажил төрөл нэг л болж өгөхгүй, бүтэмж муутай байна уу? Тэгвэл асуудлын гол учир нь танд биш, таны хийж буй ажилд байж мэдэх юм. Хүн бүрт өөрийн гэсэн хийхэд тохиромжтой ажил гэж байдаг. Өөрөөр хэлбэл, өөрт тохирсон ажлаа хийж байгаа хүмүүс амжилтанд хүрэхдээ төдийлөн их цагийг зарцуулдаггүй. Харин өөрт тохирохгүй, буруу ажлаа хийх аваас мянга хичээгээд ч амжилтанд хүрч чаддаггүй байна. Иймд та дээрх нөхцөл байдалтай нүүр тулгарсан бол, хамгийн түрүүнд хийж буй ажлаа солиод үзээрэй.

Өөрт тохирохгүй ажлаа хийх

11 Хүсэл тэмүүлэлгүй

Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол, хамгийн эхлээд түүндээ хүрэх хувиршгүй хүсэл тэмүүлэлтэй байх ёстой гэдгийг бүү мартаарай. "Хүсэл тэмүүлэл" таныг учрах саад бэрхшээл, элдэв янзын асуудалд бууж өгөхгүй байхад тань туслах болно. Нэг ёсондоо өмнөө тавьсан зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл тань таныг амжилт өөд хөтлөх үндэс болно гэж ойлгож болох юм.

Хүсэл тэмүүлэлгүй

12 Төгс төгөлдөр байхыг эрхэмлэдэг

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр төгс төгөлдөр хүн гэж нэгээхэн ч үгүй. Баян, ядуу хэн ч байсан, бүгд л алдаж, онодог шүү дээ. Тиймээс төгс төгөлдөр байх гэж хичээсний хэрэггүй. Харин ердөө алдаанаасаа суралцаж, цаг ямагт урагшилж байхыг эрхэмлээрэй. Мөн хийж буй ажлаа чанартай гүйцэтгэж, ажлын бүтээмжээ өндөр гаргахад анхаарах нь чухал. Харамсалтай нь олон хүн хийж буй ажлаа амжилттай болгохоос илүүтэй төгс байлгах гэж хичээдэг бөгөөд энэ нь буруу юм. Магадгүй "Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов." гэдэг үг байдгийн ижил төгс болгох гэсэн биш, эсрэгээрээ хийж буй ажлынхаа үнэ цэнийг үгүй хийхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.

Төгс төгөлдөр байхыг эрхэмлэдэг

13 Бусдаас цаг ямагт уучлалт гуйх

Хүн бүр ганц л удаа амьдрах учраас хэрэгтэй зүйлсэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулах ёстой талаар бид дээр дурдсан. Тиймээс алхам тутамдаа бусдаас уучлалт гуйж, бүх зүйлийн хариуцлагыг өөр дээрээ хүлээж, цаг ямагт буруутан болох нь утгагүй зүйл биш гэж үү? Та магадгүй сайхан сэтгэлтэй нэгэн байж болох юм. Гэвч сайхан сэтгэл гаргахад хэмжээ хязгаар гэж байдаг болохыг бүү мартаарай. Уучлалт гуйх нь орчин цагт том соёл хэдий ч, уучлалт гуйхад хүртэл учир гэж бий. Зарим үед ямар нэг асуудлыг заавал шийдвэрлэх гэлгүй, тэр чигт нь орхих нь илүү амар байдаг гэдгийг ойлгоорой.

Бусдаас цаг ямагт уучлалт гуйх

14 Жижиг зүйлд хэтэрхий их ач холбогдол өгөх

Таны амжилтанд хүрч чадахгүй байгаа бас нэг томоохон шалтгаануудын нэг бол хэтэрхий жижиг зүйлд ач холбогдол өгдөг явдал юм. Хамгийн утгагүй нь та бусдыг яг өөр шиг ээ байлгахыг хүсдэг бөгөөд үүнийг нь няцаасан хүмүүсээс зайгаа барьж, тэднийг үзэн яддаг байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хүмүүс ихэнх цагийг бусдыг үзэн ядах, шүүмжлэхдээ зарцуулдаг бөгөөд өөнтөгч хүмүүс гэж ойлгож болох аж. 

Жижиг зүйлд хэтэрхий их ач холбогдол өгөх

15 Хэт сониуч

Хэт сониуч зантай хүмүүс шинэ зүйл сурч мэдэх хүсэл тэмүүллээр оргилж байдаг ч, аливаа зүйлээс амархан уйдаж, залхах нь бий. Энэ нь тэднийг туйлбаргүй, нэг гаргасан шийдвэрээсээ үргэлж эргэж буцахад хүргэдэг байна. Мэдээж хэрэг энэ төрлийн хүмүүс амжилтанд хүрнэ гэдэг амаргүй даваа юм. Тиймээс хэт сониуч зангаа олон зүйлсэд бус, зөвхөн өмнөө тавьсан зорилгодоо ашиглахыг зөвлөе. Хийж буй ажилдаа дурлаж, сонирхох нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх болно.

Хэт сониуч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()