Б.Мөнхдэлгэр: Даатгал бол ашиг олох хэрэгсэл биш, хамгаалалтын хэрэгсэл

2017-05-03, 09:21
2,461
Б.Мөнхдэлгэр: Даатгал бол ашиг олох хэрэгсэл биш, хамгаалалтын хэрэгсэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа банкууд даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлэх нь ямар ач холбогдолтой болох талаар эхлүүлэх үү?

Сайн байна уу? Банкны даатгалын зуучлалын үйлчилгээ гэдэг бол ерөөсөө банк даатгалын компаниудтай хамтран ажиллаж, даатгалын үйлчилгээг харилцагчиддаа зуучлан хүргэж, харилцагчид банкаар үйлчлүүлэхдээ даатгалд хамрагдах боломжийг олгож байгаа хэрэг юм. Өмнө нь зөвхөн банкны салбар гэлтгүй компаниудын үйл ажиллагаа бүтээгдэхүүн төвтэй, уламжлалт хэлбэрээр ажиллаж, байгаа бүтээгдэхүүнээ харилцагчид тулгадаг байсан бол өнөө үед хэрэглэгч, харилцагч төвтэй болох хандлага руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл харилцагч бүрийн хүсэл хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж, сэтгэл ханамжийг өндөр байлгахын төлөө ажилладаг болсон. Тиймээс арилжааны банкууд сүүлийн жилүүдэд харилцагч төвтэй буюу харилцагчдынхаа онцлогт тохирсон цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг олон талт сувгаар хүргэхийг эрмэлзэж байгаагийн нэг нь даатгалын зуучлал юм. Бид харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг өргөнөөр харж, аль болох өртөг багатай, цогц хялбар байдлаар хангахыг зорьж, энэхүү үйлчилгээг эхлүүлсэн. Түүнчлэн, даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулан, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломж бас нөгөө талдаа байгаа юм. Банкууд даатгалын зуучлал эрхэлдэг энэхүү практик нь манай улсад шинэ боловч даатгалын салбар хөгжсөн гадны орнуудад хэрэглэгчид, харилцагчид ач холбогдол, давуу талыг нь аль хэдийн ойлгосон байдаг.

 

-Банкаар дамжуулж даатгуулна гэхээр харилцагчид илүү хураамж төлнө гэсэн үг үү?

Банк даатгалын компанийн үйлчилгээг өөрийн боловсон хүчин, салбар, техник, тоног төхөөрөмж, харилцагчийнхаа бааз суурь дээр үндэслэн хүргэж байгаа учраас даатгалын компаниудын үйл ажиллагааны зардлыг хэмнэж өгдөг. Тиймээс даатгалын компаниуд үйл ажиллагааны зардлын хэмнэлтээсээ даатгалын хураамжаа бууруулах боломж ч бүрддэг учраас харилцагчид илүү хураамж төлөхгүй. Тодруулбал, Та өөрийн тээврийн хэрэгсэл болон бусад үнэ цэнэтэй хөрөнгөө ХХБанкаар зуучлуулан даатгуулсан тохиолдолд хураамжийн зардлаа 50 хүртэл хувиар хэмнэх боломжийг бид танд олгож байгаа. Түүнчлэн даатгуулагчдын тооны өсөлтөөс нэг даатгуулагчийн төлөх хураамжийн зардлыг бууруулах боломжтой болж тухайн нэг даатгуулагч шууд даатгалын компанид хандаад нэгж үнээр даатгуулах байсныг банк бусад даатгуулагчидтайнэгтгэн нийт үнээр, бага хураамжаар даатгуулах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Харин жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд хураамжийн хэмжээ нь хуулиар тогтоогддог учраас үнийн хувьд хаана ч даатгуулсан ижил хураамжтай байгаа. Мөн бид харилцагчаа даатгалд хамруулаад зогсохгүй халамжлах үүднээс даатгалын хугацаа нь дуусах үед сануулах, харилцагчид даатгалын тасалдлаас үүдэн учрах эрсдэлийг бууруулах замаар илүү үнэ цэнэ, давуу тал, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.

 

-Жолооч бүр хуулийн дагуу Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй байдаг. Гэвч энэ даатгал нь биднийг яг ямар эрсдэлээс хамгаалдаг юм бэ?

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгуулагчийн өмнөөс нөхөн төлөх зориулалттай даатгал. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн бусдын өмнө хүлээсэн хариуцлагыг даатгадаг. Харин жолооч нарын дунд энэ даатгалд хамрагдсанаар өөрийн тээврийн хэрэгсэлдээ учирсан хохирлыг мөн нөхөн төлүүлнэ гэсэн ойлголт байгаад байдаг. Хэрэв та бусдын өмнө хүлээсэн хариуцлага төдийгүй өөрийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалахыг хүсвэл Тээврийн хэрэгслийн даатгалд сайн дураараа даатгуулах боломжтой. Ингэснээр та иж бүрэн хамгаалагдлаа гэсэн үг.

 

-Манай улсын хувьд хариуцлагын даатгал болон албан журмын даатгалын тухай ойлголт гадны улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

Хариуцлагын даатгалын тухай ойлголт, албан журмын даатгалын нэр төрөл манайд тун хангалтгүй байна. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд бид албан журмын даатгалын нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хариуцлага өндөртэй нийгмийн харилцаанд орж буй иргэд, аж ахуйн нэгж бүрийг хариуцлагын даатгалд хамруулах шаардлагатай байна. Өндөр хөгжилтэй орнуудад эмч, хуульч, өмгөөлөгч зэрэг хариуцлага өндөртэй үйлчилгээг даатгалгүйгээр үзүүлэхийг хориглодог. Үйлчилгээний байгууллагад ч мөн адил. Даатгалд хамрагдаж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авдаг. Ингэж байж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашиг хамгаалагддаг, сэтгэл хангалуун, тайван амгалан амьдрах нэг хүчин зүйл болдог. Хэн ч алдаа гаргаж болно, эрсдэл үргэлж байдаг. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж хязгаарлагдмал. Харин хэн нэгний санамсаргүй гаргасан алдаанаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлдөг тогтолцоо нь хариуцлагын даатгалын тогтолцоо юм. Энэ утгаараа олон зуун жилийн суурин соёл иргэншилтэй орнуудад даатгал нь амьдралын салшгүй нэг хэсэг болж хөгжсөн байдаг. Харамсалтай нь манай улсад хариуцлагын даатгалын зах зээл нь томоохон банк санхүүгийн байгууллагууд зэрэг нийгэмд гүйцэтгэх үүргээ ухамсарладаг аж ахуйн нэгжүүдээр хязгаарлагдаж байна. Бид эргээд нүүдэлчин ахуй руугаа орно гэж туйлшрахгүй л юм бол хариуцлагын даатгалын нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай санагддаг. Алдаа гаргасан этгээд төлбөрийн чадваргүй бол хохирогч хохироод л үлддэг орчинд бид амьдарч байна. Таны санхүүд хүчтэй цохилт өгөх эрсдэлээс бага зардлаар хамгаалагдах үйлчилгээг л даатгал гээд байгаа юм шүү дээ. Нэмж хэлэхэд даатгал бол ашиг олох хэрэгсэл биш, хамгаалалтын хэрэгсэл.

 

-Тэгвэл иргэд орон сууцны зээл авахдаа хамрагддаг даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Харилцагч банкнаас орон сууцны зээл авахдаа 2 төрлийн даатгалд хамрагддаг. Нэг нь Амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын эрсдэлээс хамгаалах даатгал, нөгөө нь зээлээр худалдан авч буй орон сууцаа хамгаалсан Эд хөрөнгийн даатгал.

Банк харилцагчдаа зээл олгосноор харилцагчтайгаа хамааралтай болдог. Тухайн харилцагч авсан зээлээ цаг хугацаанд нь хэвийн төлснөөр банкны зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Харин харилцагч эрүүл байж, хөдөлмөр эрхлэх, мөн зээлээр авсан эд хөрөнгө нь бүрэн бүтэн байж, сэтгэл хангалуун амьдарна. Иймд энэ хоёрын нэгдлийг хангахын тулд банкууд урт хугацаатай орон сууцны зээлтэй харилцагчдаа даатгалд хамрагдахыг санал болгодог.

Ипотекийн анхдагч, хоёрдогч зах зээл өндөр хөгжсөн орнуудад яг энэ жишгээр ажилладаг юм байна лээ. Тийм ч учраас манайд Монголбанкны “Ипотекийн зээлийн журам”-ын дагуу даатгалд хамрагдах тухай зохицуулагдсан байдаг. Түүнчлэн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны 8-н хувийн зээлийн багцын худалдан авагч тал болох Монголын Ипотекийн корпораци энэ шаардлагыг банкуудад хатуу тавьдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хөнгөлөлттэй зээлийг авсан иргэн даатгалд хамрагдаж байж тухайн зээл нь бага хүүтэй, урт хугацаатай байх нөхцөл бүрддэг гэсэн үг.

 

-Би өмнө нь энэ даатгалыг зээлийн шимтгэл гэж ойлгодог байлаа?

Энэ даатгалыг банкны авдаг шимтгэл, хураамж гэсэн ойлголттой иргэд олон байсан. Гэвч сүүлийн жилүүдэд банкууд албан ёсоор даатгалын мэргэжлийн оролцогч болж, хуулийн дагуу үүргээ биелүүлж, даатгуулагчийн эрх ашгийн төлөө ажиллаж эхэлснээр харилцагчдын даатгалынхаа үр ашгийг хүртдэггүй, даатгалын тохиолдол гарахад нөхөн төлбөр авч чадахгүй байх зэрэг асуудлуудыг даатгалын компаниудтай хамтран шийдэж байгаа. Зөвхөн өнгөрөгч 2016 онд гэхэд ХХБанкны хамтран ажиллагч даатгалын компаниуд манай банкны зээлдэгчдэд нийт 800 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Энэ бол бага тоо биш.

Нэг талаас даатгалын компаниудын хувьд тэдний олгодог нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа хэдий ч, даатгалын үйлчилгээний талаар иргэд зөв мэдээлэлтэй болж, сөрөг хандлага буурах улмаар даатгалдаа идэвхтэй хамрагдаж, нөгөө талдаа даатгалын компанийн хураамжийн орлого өсөх, үйл ажиллагаа нь өргөжин тэлэх сайн үр дүнгүүд гарч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэл банк, санхүүгийн салбарт ихээхэн нөлөөлсөн ч даатгалын салбарын орлого, ашгийн үзүүлэлтүүд эерэг гарч байгаа нь банкуудтай хамтран ажиллаж байгаатай холбоотой гэж дүгнэж байна.

 

-Харилцагч зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлээс банк өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг үү?

Харилцагч банкинд зээлээ төлж чадахгүй бол банк хуулийн дагуу харилцагчтай хэлцэл хийн байрыг нь худалдан борлуулах замаар эрсдэлээ хаах бүрэн боломжтой. Энэ нь банкийг биш зээлдэгч иргэнийг хамгаалж байгаа даатгал юм. Жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу. 50 сая төгрөгний орон сууцны зээлд хамрагдаад 5-н жил болсон гэр бүл жил бүр даатгалдаа 100 орчим мянган төгрөгийн хураамж төлдөг. Зээлийн эргэн төлөлтөд нөхрийн орлого 60 хувь, эхнэрийн орлого үлдэх 40 хувийг эзэлдэг гэж бодъё. Гэтэл нэг өдөр нөхөр нь золгүй явдалд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсан. Мэдээж эхнэрийн орлого амьжиргаагаа залгуулахын зэрэгцээ зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Энэ тохиолдолд амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын эрсдэлээс хамгаалах даатгалд хамрагдсан тул хөдөлмөрийн чадвараа алдсан нөхрийн орлогод харгалзах зээлийн дүн буюу 30 сая төгрөгийн нөхөн олговрыг олгож, тухайн гэр бүлийг орон байраа алдах эрсдэлээс хамгаалж, эхнэрийн орлогод ногдох 20 сая төгрөгийн зээлийг төлөөд явахад тухайн гэр бүлд хүндрэл учрахгүй байх боломжтой тул энэ нь банкыг биш зээлдэгчдийг хамгаалж байгаа даатгал болох нь харагдаж байна. Даатгалын энэ ач холбогдлыг иргэдэд тайлбарлаж, ойлгуулах ажилд хүн хүч, нөөц бололцоо дутмаг байгаа учраас даатгалын салбар дээр банкууд албан ёсоор хүч нэмж байгаа нь даатгалын салбарт ихээхэн эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Энэ нь банк, даатгалын компаниудын хамтын ажиллагааны үр дүн. Ер нь монголчууд бид цөөхүүлээ, аль болох бага өрсөлдөж, их хамтармаар байна.

Манай санхүүгийн зах зээлийг үндсэндээ банкны салбар бүрдүүлж, бусад санхүүгийн секторууд маш бага хувь эзэлдгийг бид сайн мэднэ. Иймд, банк, даатгалын компаниудын энэхүү хамтын ажиллагаа нь маш өргөн хүрээний ач холбогдолтой юм. Банк нь даатгалын салбараа илүү ойлгож, мэдэрч, даатгалын компаниуд нь банкны салбарын стандарт, хариуцлагын түвшнийг өөртөө шингээснээр цаашдаа санхүүгийн салбарт эзлэх байр сууриа өсгөх нэг хүчин зүйл нь болно гэж боддог.

2008 оны хямралын дараанаас даатгалын салбар эдийн засгаа даган эрчимтэй өсч байгаад сүүлийн жилүүдэд эргээд тогтворжлоо. Энэ нь салбар эдийн засгийн мөчлөгт өртөмтгий байгууллагын даатгалд төвлөрөн хөгжиж байсантай холбоотой. Хэдийгээр 80 гаруй жилийн түүхтэй ч, сүүлийн 10 орчим жилийн хугацаанд сонгодог хэлбэртээ орж, хөл дээрээ тогтож эхэлж байгаа энэхүү салбарын цаашдын хөгжил иргэдийн зах зээлд хэрхэн нэвтрэхээс ихээхэн хамаарна. Би түрүүн хэлсэнчлэн, харин ч хямралын үед салбарын хэмжээнд орлого, ашгийн бууралт ажиглагдахгүй байгаа нь харилцагчийн бааз суурь, дэд бүтэц өргөнтэй банкны салбартай хамтран, иргэдийн даатгал руу чиглэж ажилласантай холбоотой. Банк, даатгалын хамтын ажиллагаа нь энэ салбар эдийн засгийн хямралыг хүндрэл багатай давж гарах түшиц болоод зогсохгүй, цаашид даатгал, түүний ач холбогдлыг иргэдэд ойлгуулж, уг салбарыг хөл дээрээ бат зогсох гол багана нь болох учиртай. Даатгал зуучлалын чиглэлээр банк, даатгалын компаниудын хамтын ажиллагаа анх эхэлж байсан үетэйгээ харьцуулахад багагүй ахиц, дэвшил гарч жигдэрсэн байна. Мөн бид энэ хамтын ажиллагаанд ямар сорилтууд байгааг ч олж мэдлээ.

 

-Банкууд даатгал зуучлал эхлүүлээд 4 дэх жилтэйгээ золгож байна гэлээ. Энэ хугацаанд Худалдаа хөгжлийн банк зах зээлд ямар байр суурь эзэлж байна?

Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны жилийн эцсийн нэгтгэсэн дүнгээс харахад даатгалын үйлчилгээг зуучилж, даатгалын компаниудтай хамтран ажилласан  үзүүлэлтээрээ тэргүүлсэн байгаа.

Энэ салбарт банк бүр өөр, өөрийн онцлог хэв маягаар ажилладаг, бидний хувьд зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт даатгагчдаас манай бодлогын шаардлагыг хангасан цөөн тооны тэргүүлэх даатгалын компаниудтай хамтарч ажилладаг.

Өөрөөр хэлбэл зах зээлд үйл ажиллагаа явуулж буй олон даатгачдаас даатгуулагч сонголтоо хийхэд нь бид туслах зорилгоор давхар даатгал, нөөц сан, нөхөн төлбөр болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдэд нь анхаарч хамтран ажилладаг гэсэн үг. Энэ нь бид даатгалын салбарт мэргэжлийн байр суурьнаас хандаж, даатгалын компаниудтай хамтран энэ салбарыг нийтээр нь хөгжүүлэх, түүнээс гарах үр өгөөжийг харилцагч, үйлчлүүлэгчиддээ хүртээх зорилгыг нэн түрүүнд тавин ажиллаж байна.

 

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Баярлалаа, Та бүхний ажил үйлсэд ч мөн амжилт хүсье.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.