1
Хөндлөн үүрдэг цүнх
Мөр давуулан хөндлөн үүрдэг жижиг цүнхнүүд нь үүрэхэд тухтай, амар байдгаас гадна дэгжин төрхийг бүрдүүлдэг.
Хаана үүрч болох вэ?: Дэлгүүр хэсэх, гадуур зугаалах, алхах, ямар нэгэн зүйл унаж явахад үүрч болно. Нэг ёсондоо оффис ажил, уулзалт, үдэшлэгээс бусад үед, тус төрлийн цүнхийг үүрч болох юм. Бүх загварын хувцастай тохирч, таны үзэсгэлэн гоог нэмэгдүүлнэ.
Хэрхэн сонгох вэ?: Цүнхний оосор хэт өргөн, бүдүүн байх нь онцгүй харагдуулдаг. Мөн жижиг хэмжээтэй, овор багатай цүнх сонгохыг зөвлөе.
2
Оосоргүй цүнх
Оосоргүй хэрнээ загварлаг цүнхээр сүүлийн үед охид, бүсгүйчүүд гоёх болсон. Тус цүнхний багтаамж нь бага ч гэлээ, таныг дэгжин, загварлаг харагдуулна гэдэгт итгэлтэй байж болно.
Хаана үүрч болох вэ?: Найзуудтайгаа гадуур зугаалах, дэлгүүр хэсэх, болзоонд явах зэрэгт тус цүнх хамгийн сайхан тохирно. Эмэгтэйлэг хэрнээ загварлаг байдлыг илүүтэй тодотгох бөгөөд өндөр өсгийтэй гутал, дэгжин хувцаслалтанд илүүтэй зохицож харагдах аж.
Хэрхэн сонгох вэ?: Гарт барихад тухтай, хэт хүнд биш байх ёстой. Мөн та өдөр тутамдаа тус цүнхийг үүрэхийг хүсч байвал хилэн, торгон материалтайг авахаас аль болох татгалзаарай.
3
Урт оосортой цүнх
Урт оосортой, шууд үүрэхэд зориулсан цүнх нь багтаамж сайтай, онгойлгож, хэрэглэхэд хялбар байдаг. Үүнийг загварлаг, үзэмжтэй болгосон "уут" хэмээн, адилтгаж үзэх нь бий.
Хаана үүрч болох вэ?: Чөлөөт хувцаслалтанд илүүтэй тохирч, сайхан харагдуулдаг. Дэлгүүр явах, дэвтэр номоо хийж хичээлдээ явах, олон зүйлс цуглуулах шаардлагатай болсон нөхцөлд энэхүү цүнхийг үүрч болох юм.
Хэрхэн сонгох вэ?: Зөөврийн компьютер, А 4-ийн хэмжээтэй цаас багтахуйц том цүнх сонгоорой. Мөн амархан урагдаж, элэгдэхгүй, чанартай материалтай цүнхийг авах хэрэгтэй. Учир нь тус төрлийн цүнхэнд маш олон зүйлсийг хийж авч явдаг тул амархан урагдаж, өнгө төрхөө алдаж мэднэ.
4
Бизнес төрлийн цүнх
Жижиг чимэглэл, чанартай, биет материалаас бүрдэх бизнес төрлийн цүнх нь эрхэмсэг төрхийг тухайн хүнд бэлэглэнэ.
Хаана үүрч болох вэ?: Ажлын уулзалт, ярилцлага гэхчлэн албаны хамааралтай бүх төрлийн үйл ажиллагаанд очихдоо тус цүнхийг үүрч болох юм. Та цүнхээ гартаа барьж, эсвэл гарандаа оосрыг нь оруулан тогтоож болно. Бизнес төрлийн цүнхийг мөрнөөс үүрэх нь тохиромжгүй харагддаг.
Хэрхэн сонгох вэ?: Олон зүйлсийг багтаах боловч, гаднаасаа овор багатай харагдаж байх ёстой. Мөн сайн чанарын материалтай эсэхийг анзаараарай.
5
Үдэшлэгийн цүнх
Гарт барихуйц хэмжээтэй жижигхэн атлаа чамин цүнхнүүд байдаг.
Хаана үүрч болох вэ?: Коктейл даашинз болон үдэшлэгийн дур булаам хувцаслалтанд тохирно. Эмэгтэйлэг, халуухан байдлыг илүүтэй тодотгох аж.
Хэрхэн сонгох вэ?: Үдэшлэгийн цүнхэнд та зөвхөн мөнгө, карт, уруулын будаг, түлхүүрээ л хийх боломжтой. Та зүүж байгаа гоёл чимэглэлтэйгээ ижил өнгийн цүнх сонгоорой.
6
Том цүнх
Аливаа зүйлсийг зөөвөрлөж явахад зориулагдсан том хэмжээтэй цүнх нь, охидын дунд эрэлт ихтэй байдаг.
Хаана үүрч болох вэ?: Хөдөө, аялалд явах, хүүхдээ авч явах үед хамгийн их хэрэг болох зүйл бол том хэмжээтэй цүнх юм. Тус цүнхийг чөлөөт загвартай, сул хувцаснууд дээр өмсөж болох бөгөөд өндөр өсгийтэй гутал дээр хэзээ ч битгий үүрээрэй.
Хэрхэн сонгох вэ?: Материал сайтай, эдэлгээ даахуйц чанартай байх шаардлагатай. Мөн бариул нь биед тухтай байгаа эсэхийг сайтар шалгаж үзэхийг зөвлөе.