Ялангуяа К-1-ий тэмцээнүүд тун сонирхолтой болж, үзэгч олон Гран При тэмцээнүүдийг нь тэсэн ядан хүлээдэг байсан. Марк Хант, Мирко Крокоп, Эрнесто Хоост, Петер Артс, Реми Боньянски, Энди Хуг гээд маш олон оддыг К-1 төрүүлэн гаргасан. Тэдний дунд ч онцгойлон гялалздаг нэгэн тулаанч байсан нь Голландын Эрнесто Хоост юм. Тулааны урлаг, кик боксын амьд домог болсон энэ тамирчин удахгүй Монголд ирэх гэж байна.
Тулааны урлаг сонирхогчдын дунд "Mr. Perfect" хэмээн алдаршсан Хоост 1965 оны долоодугаар сарын 11-нд Голландын Химскерк хотод төржээ. Эцэг эх нь Суринамын уугуул иргэд байв. Тон Вриндсийн “Sokundo Gym” клубын хаалгыг татан орох үедээ тэр 15 настай байлаа. Кик боксыг сонгохоосоо өмнө тэр хөлбөмбөг дажгүй тоглодог байсан ч багаар ажиллах нь түүнд таалагдахгүй байв. Вриндсийн клубт тэр зургаан жилийг өнгөрөөсөн.
Энд түүний анхны “С” ангилалын тулаан болж, хэний ч мэдэхгүй хар арьст залуу кёокүшинкай каратэгийн хашир мастер Вим Шаренбергийг хоёрдугаар үед цохин унагааж, олныг гайхуулсан түүхтэй. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох хүртлээ оролцсон найман тулаанаа тэр бүгдийг нь хүнд цохилтоор дуусгасан. 1988 оноос түүний спортын амжилт огцом дээшилж, тулааны урлаг сонирхогчид түүнийг мэддэг боллоо. Энэ үед Хоост Хүүхдийн хорих ангид биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байв. Тэр ажилдаа дуртай байсан ч спорт, ажил хоёроо зэрэг аваад явахад хэцүү байсан тул мэргэжлийн тамирчин болохоор шийднэ. Ингээд тай боксоор хэд хэдэн ялалт байгуулсныхаа дараа Хоост мэргэжилд шилжсэн юм. 1987 онд тэр Голландын “Vos Gym” клубт шилжиж, Йохан Восын удирдлага дор 19 жил тулалдсан.
1993 онд Хоост анх удаагаа К-1-ий рингэнд гарч ирлээ. Хүнд жингийнхэнтэй үзэлцдэг цорын ганц дунд жингийн тулаанч нь тэр байв. Эхний Гран Придээ тэр Петер Артс, Морис Смит нарын алдартнуудыг ялж, харамсалтай нь гэмтлийн улмаас финалд Бранко Кикатикад ялагдсан билээ. Тэр жилийнхээ 12 дугаар сард нь Токиод болсон “Гран При”-д Хоост итгэл төгс түрүүлсэн. Хоостын ямар ч алдаагүй тактик, өөгүй тоглолтыг нь шүтэн биширсэн үзэгчид түүнд "Mr. Perfect" нэр хайрласан юм. Хоостгүй бол К-1-ий тэмцээн давсгүй цай мэт санагддаг болж, түүний нударганы амтыг Хорватын Мирко Крокоп, Францын Жером Ле Баннер нар амсаж явлаа. 2006 онд Хоост “К-1-ий Гран При-д сүүлийн удаа оролцож байгаагаа зарласан. Хагас шигшээд Сэмми Шилтэд ялагдаад рингнээс буухад үзэгчид босон, алга ташин үдэж өгсөн юм. Японы үзэгчид одоо ч Хоостыг дурсан санасаар. Одоогийн аваргуудтай түүнийг харьцуулан, “Хоост илүү байсан” гээд санаа алдан суудаг гэсэн. Эрнесто Хоост, Петер Артс, Майк Бернард, Энди Хуг нарыг “К-1-ий 4 хаан” гэж нэрлэдэг байлаа.
Эрнесто Фриц Хоост К-1-ий Гран При тэмцээний 4 удаагийн аварга (1997, 1999, 2000, 2002), K-2 Гран Пригийн 2 удаагийн аварга (1993, 1994), сават тулааны дэлхийн аварга (1989), тай боксын хагас хүнд жингийн дэлхийн аварга (1989, WMTA), кик боксын хагас хүнд жингийн дэлхийн аварга (1990-1993, WKA), фулл-контакт буюу америк кик боксын дэлхийн аварга (1994, ISKA) тамирчин.
2004 онд “Black Belt” сэтгүүл түүнийг “Оны Шилдэг тулаанч”-аар шалгаруулсан.
Хоост мэргэжлийн дэвжээнд нийт 121 тулаан хийж, 99 ялсан. Үүнээс 61-т нь хүнд цохилтоор ялалт байгуулжээ. 2006 онд зодог тайлаад дасгалжуулагчийн ажилд шилжсэн бөгөөд ОХУ-ын алдарт тулаанч Фёдор Емельяненко том тэмцээний өмнө Хоостын клубт бэлтгэл хийдэг байв.
1996 Гран При хагас шигшээ Хоост - Энди Хуг
1997 он Гран При Хоост - Энди Хуг
1999 он Гран При хагас шигшээ Хоост - Жером Ле Баннер
1999 он Гран При финал Хоост - Мирко КроКоп Филипович
2002 он Гран При Хоост – Боб Сапп
Эх сурвалж: www.ub.life
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.