1
Дэлхийн тэргүүн баячуудын нэг, "Microsoft Inc" корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр тун удахгүй буюу ойрын хугацаанд роботууд хүмүүсийн оронд ажил хийдэг болох тухай ярьсан байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ: "Ихэнх үйлдвэрүүдийн ажилчид хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. Зарим нь бүр амь насаа ч алдах тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл удахгүй роботууд тэдгээр ажлуудыг хийх болно." гэжээ.
2
Тэгвэл түүний хэлсэн зүйл үнэний ортой бөгөөд 2013 онд хийсэн судалгаагаар роботууд 2023-2033 оны хооронд дэлхийн ажил мэргэжлийн 50 хувийг хийдэг болох боломжтой гэж үзжээ.
3
Гэвч үүний цаана олон сая хүн ажлын байргүй болж үлдэх маш том асуудал гарч ирж байгаа юм. Харин энэхүү асуудлыг Билл Гэйтс шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзжээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ: "Тухайн роботуудыг хариуцах олон тооны хүмүүс хэрэг болно. Тухайлбал тэднийг цэнэглэх, ажиллуулах, унтраах гэх мэт. Тэр ч бүү хэл, роботуудтай харьцах ажлыг чадварлаг, мэргэшсэн хүмүүст хариуцуулах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ мэргэжлийн ажиллах хүч асар их хэрэг болно гэсэн үг юм. Тиймээс хүмүүс ажлын байртай үлдэхээс гадна, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, бэртэж, гэмтэх болон амь насаа алдах аюулаас сэргийлэх гээд нэг сумаар давхар хоёр туулай буудах боломжтой болж байгаа юм." хэмээн санал бодлоо хуваалцсан байна.
4
Энэхүү томоохон төсөл нь яг одоогийн байдлаар судлагдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа ажээ. Харин энэ талаар сонсож, мэдсэн хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа бөгөөд шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс ч мэр сэр байгааг эх сурвалжууд онцолсон байна. Тэдгээр хүмүүс дараах зүйлсээс үүдэлтэй уг төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Үүнд:
- Тэр олон роботуудыг зохион бүтээхэд асар их мөнгө хэрэг болно. Энэ мөнгийг хэрхэн олох вэ? Олон улс орнууд зээл авч, роботуудтай болох гэсэн биш, эсрэгээрээ өрөнд орвол яах вэ?
- Кинонд гардаг шиг ухаалаг роботууд хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөнд аюул заналхийлвэл юу болох вэ?
Гэх мэт эдгээр шалтгаануудаас болж, зарим хүмүүс Билл Гэйтсийн хэлж буйг үгүйсгэсэн байна.
5
Мэдээж хэрэг нөгөө талд нь технологийн энэхүү гайхалтай хөгжил дэвшлийг хурдан харахыг хүсч буй хүмүүс их байгаа бөгөөд хүний амьдралыг ихээхэн өөрчлөхөөс гадна, олон талаараа сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ. Ямартай ч ирээдүйд юу болохыг харах л үлдэх шив дээ.