Алтан унжлагат “Тахиа” жилийн зүг, мөр гаргах ёсон

2017-02-27, 08:29
6,835
Алтан унжлагат “Тахиа” жилийн зүг, мөр гаргах ёсон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сүсэгтэн олон хэрхэн зүг, мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Төв Гандантэгчинлэн хийдийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв. XVII жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн шинийн нэгний өглөө мөр гаргах ёсыг тахиа жил, бар сар, тахиа өдөр, луу цагийн хар нохой амыг зөрүүлэн тооцжээ.

 

ТА ЭНЭ ЖИЛ АЛЬ СУДАЛД СУУСАН БЭ?

Таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргасан болно. Жишээ нь, та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

ГАЛ СУУДАЛ

ЭР: 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009, 2017
ЭМ: 1901 , 1909 , 1917 , 1925 , 1933 , 1941 , 1949 , 1957 , 1965 , 1973 , 1965 , 1973 , 1981, 1989, 1997, 2005, 2013

Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний базар еэ мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд, хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.

Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

 

ШОРОО СУУДАЛ

ЭР: 1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016
ЭМ: 1902, 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2014

Баруун хойшоо гарч, баруун урдаас ирнэ. “Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

 

ТӨМӨР СУУДАЛ

ЭР: 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015
ЭМ: 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015

Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

 

ОГТОРГУЙ СУУДАЛ

ЭР: 1902, 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2014
ЭМ: 1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016

Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, газар хөдлөх цагаар хянуур бай.

Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно. Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

 

УС СУУДАЛ

ЭР: 1901, 1909 , 1917 , 1925 , 1933 , 1941 , 1949 , 1957 , 1965 , 1973 , 1981 , 1989 , 1997 , 2005 , 2013
ЭМ: 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009 , 2017
Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.

Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна. Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

 

УУЛ СУУДАЛ

ЭР: 1900, 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996, 2004 , 2012
ЭМ: 1898, 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010

Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлөх үеэр анхаараарай.

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 

МОД СУУДАЛ

ЭР: 1899, 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011
ЭМ: 1899, 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011

Хойд зүг рүү гарч, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 

ХИЙ СУУДАЛ

ЭР: 1898, 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010
ЭМ: 1900, 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996 , 2004 , 2012
Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мөн чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар...

Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна.

 

XVII ЖАРНЫ “АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА

Эхлэх өдөр: Хаврын эхэн сарын шинийн нэгэн буюу 2017.02.27

Дүүрэх өдөр: Өвлийн адаг сарын битүүн буюу 2018.02.15

Билгийн хоногийн тоо: 354

Ёгт нэр: Алтан унжлагат

Мэнгэ: 1 цагаан

Суудал: Хий


--- ШОРООН ҮХРИЙН ШИНЖ ---

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл:
Үхэр нь толгой, ходоод хийгээд цулбуур улаан, эвэр чих, сүүл, туурай, шийр, бие болон ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үс нь чихний ардуураа хийссэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон өнгийн гуталтай, баруун гутлаа өмссөн, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан хүч чадлаар доройдуу идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна.

Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:
Залууст хийгээд дунд суудалтад сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтад муу. Нийт олны үйлс бүхэн дэвжин дэлгэрч үр дүн багатай байх нигууртай. Зарим газарт хавдар, боом өвчин гарч болзошгүй. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн саруудад хур тунадас багатай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг болой.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эх сурвалж: News.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()