Анх 200 жилийн өмнө тансаг, сайхан амттай зөгийн балтай бялууны жор бий болж, язгууртан ноёд амтархан иддэг байв. Харц иргэдийн тухайд уг бялууг идэх нь мөрөөдөл байсан бөгөөд хүн бүр хийж идэх гэж хичээдэг байсан бөгөөд үүний тулд олон жорыг ашигладаг байсан гэж ярьдаг байна. Харин бид та бүхэндээ зөгийн балтай амтат бялуу хийх хамгийн түгээмэл 3 жорыг хүргэе.
1
Зөгийн балтай бялуу
Орц:
- Зөгийн бал - 150 мл
- Өндөг - 3 ширхэг
- Элсэн чихэр - 300 гр
- Масло - 50 гр
- Гурил - 500 гр
- Хүнсний сода - 1 цайны халбага
- Сүүн крем - 500 гр
Хийх арга:
- Өндөг, элсэн чихрээ хольж, хөөсөртөл нь хутгаарай.
- Үүн дээрээ масло, зөгийн бал, хүнсний содаа нэмнэ.
- Одоо харин гурилаа шүүлтүүр ашиглан шигшиж, зуурмагтаа нэмж, хутгаарай.
- Шарах шүүгээний тавцангаа тослож бэлтгээд, зуурмагаа бага багаар аажуухан гоожуулж тараана.
- Ингээд 200 хэмд 10 минут орчим жигнэх хэрэгтэй.
- Товлосон цаг болмогц кексээ гаргаж, бага зэрэг хөргөнө.
Одоо харин бялууныхаа кремийг бэлтгэнэ.
- Сүүн крем - 1 аяга
- Крем бяслаг - 250 гр
Кремээ хөөсрүүлж хутгана. Өөр саванд мөн адил крем бяслагаа зөөлөртөл нь сайтар миксердээрэй. Зөөлөрч, хөвсийсөн бяслагаа крем дээрээ нэмж үргэлжлүүлэн хутгаж, бэлтгэнэ.
Хөрсөн кексээ ижилхэн хэмжээтэйгээр тэнцүү хувааж, дээр дээр нь давхарлана. Ингэхдээ завсар бүрт нь бэлтгэсэн кремее түрхэх ёстой. Ингээд л таны амттай бялуу бэлэн болох аж.
2
Конъяк, зөгийн балтай бялуу
Орц:
- Элсэн чихэр - 1 аяга
- Масло - 100 гр
- Зөгийн бал - 1 халбага
- Өндөг - 3 ширхэг
- Хүнсний сода - 1 халбага
- Гурил - 4 аяга
- Элсэн чихэр - 130 гр
- Ус - 120 мл
- Конъяк - 2 халбага
- Крем - 500 гр
Хийх арга:
Элсэн чихэр, масло, зөгийн балаа нийлүүлж, халуун усны ууранд шингэлж, хутгана. Дээр нь өндөг, содаа нэмж ахин сайтар хутгасны эцэст гурилаа хийгээрэй. Харин энэхүү зуурмагаа 8 тэнцүү хэсэгт хувааж, дугуй хэлбэртэй бялууны саванд хийж, 200 хэмд 7-10 минут жигнэнэ.
Элсэн чихэр, усаа нийлүүлж, буцалгаад хөрмөгц нь конъякаа хийнэ. Үүнийгээ кремтэйгээ нийлүүлж, бэлтгээрэй.
Жигнэж болгосон кекснүүдээ давхарлахдаа завсар завсраар нь конъяктай кремее хавчуулж түрхэнэ. Харин бялууныхаа дээгүүр нь хэсэг кексийг жижиглэж нунтаглаад цацаарай.
3
Гучин минутын дотор хийх зөгийн балтай бялуу
Орц:
- Элсэн чихэр - 1 аяга
- Өндөгний шар - 4 ширхэг
- Зөгийн бал - 3 халбага
- Хүнсний сода - 1 халбага
- Гурил - 2 аяга
- Өтгөрүүлсэн крем - 400 мл
- Сахрын пудр - 1/2 аяга
Хийх арга:
Өндөгний шар, элсэн чихэр, зөгийн бал, хүнсний сода болон гурилаа нийлүүлж, сайтар хутгаж өтгөрүүлээрэй. Харин үүнийгээ шарах шүүгээнд хийж, 170-180 хэмд 20-30 минут жигнээрэй.
Товлосон цаг болмогц кексээ гаргаж хөргөнө. Кексний өндөр нь ойролцоогоор 10 см байна. Үүнийгээ 5 тэнцүү хуваах бөгөөд нэг зүсэм нь 2 см-ын өндөртэй байх ёстойг анхаараарай. Одоо харин кремээ элсэн чихрийн нунтагтай хольж бэлтгээд кексэндээ түрхэнэ. Хэрэв та хүсвэл кремэндээ жимс юм уу, эсвэл самар хийж болно.