1
Тасалбараа бусдад үзүүлэх нь аюултай
Агаарын тээврийн аюулгүй байдлыг хянагч ажилтан Стив Хүй (Steve Hui) гэгч эрхэм зорчигчид тасалбарын зургаа цахим сүлжээнд тарааж байгаад үргэлж эмзэглэж явдаг гэнэ. Учир нь ингэснээр тэд гэмт хэргийн золиос болох магадлал өндөр төдийгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр ч хохирч болно гэдгийг сануулж, нэгэн нийтлэлийг олон нийтэд хүргэхээр шийджээ. Харин бид та бүхэндээ анхааруулга болгох үүднээс түүний бичсэн сануулгыг орчуулан хүргэж байна.
2
Тасалбар тань таны бодож байгаагаас ч их мэдээллийг хадгалдаг
Тасалбар дээр хувийн мэдээлэл тань байхаас гадна, суудал, дугаар зэргийг зааж өгсөн байдаг. Тиймдээ ч та аюулгүй гэж үзэж болох хэдий ч, таны тасалбар дээрх мэдээллийг ашиглаж, онгоцонд суух захиалгыг тань цуцлах боломжтой гээд төсөөл дөө? Тасалбар дээр байрлах баркод нь хамгийн чухал зүйл юм. Та тасалбарынхаа зургийг авч олон нийтийн сүлжээнд дэлгэхдээ баркодоо халхалж дарсан байхад харин ямар нэгэн асуудал гарахгүй аж.
3
Таны мэдээлэлд хэрхэн нэвтэрдэг вэ?
Хэрэв та бар кодоо бусдад дэлгэн үзүүлбэл маш аюултай зүйлс болж мэднэ. Тэд таны нууц кодоор дамжуулан нислэгийн хуваарь, суудал, хүрэх газар, тэр бүү хэл хэдэн цүнх хаана тавиулсан гэдгийг ч мэдэж авах боломжтой. Ингэснээр та эд зүйлсээ алдах эсвэл бусдын хараанд өртөж, амь насаараа ч хохирохыг үгүйсгэхгүй юм.
Мөн таны хувийн мэдээллийг тэр чигт нь хүлээн авч, буруу зүйлсд ашиглаж, нэр хүндийг тань унагаж ч болзошгүй. Сүүлийн үед бусдын нэр төрийг гутаах, амь насанд халдаж, хүний наймааны золиос болгох явдал газар авч байгаа тул зорчигчид дор бүрнээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй ажээ.
4
Таныг өөрөөр ч хохироож болно
Дээрх байдлаар танд төвөг учруулж, хохироож болохоос гадна хувийн мэдээлэлд тань нэвтэрч, сүүлийн гурван өдөр картаар хийсэн тооцоо, гүйлгээ зэргийг ч гэмт хэрэгтнүүд харж, мэдэж болно. Мөн таны кодоор нэвтэрч, нислэгийг цуцалж, суудлыг тань солих гэхчлэн асуудал тарьж болзошгүй гэдгийг сайтар ойлгоорой.
5
Үүнээс дор зүйл ч болж болно
Нэгэн бүсгүй бусдын л адил тасалбарынхаа зургийг авч өөрийн цахим хуудаснаа байршуулсан байна. Харин тэр бар кодоо дархаа мартсанаас болж багагүй мөнгөөр хохирч, хамаг ажилаа баллаж орхисон юм. Нэгэн эр түүний бар кодыг ашиглаж нислэгийг нь цуцалж, тасалбар буцаалтын мөнгийг нь авч алга болсон байна. Энэ мэтчилэн хэрэг маш олон гардаг боловч хүмүүс өнөөг хэр нь сургамж авч, зургаа нийтлэхээ болихгүй байгаа нь гол асуудал болоод аж.
Магадгүй та бар кодыг заавал уншуулж байж л үйлчлэх тул хэн нэгэн таныг хохироож чадахгүй гэж бодож байж мэдэх юм. Гэвч онлайнаар зөвхөн бар кодны зургийг явуулж, уншуулахад л таны хувийн мэдээллийг дорхноо авч, ямар нэгэн ноцтой хохирол амсуулж болдог гэдгийг сайтар анхаараарай.
Бид анхаарал болгоомжгүйгээс болж өөрсдийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулдаг аж. Хүмүүс бизнес ангиллаар гадаад улс орон руу зорчихдоо тасалбарын зургаа авч, ангиллаа харуулж, гайхуулахыг хүсдэг. Гэвч энэ нь маш буруу төдийгүй таныг асуудалд оруулах боломжтой гэдгийг та дээрх мэдээллээс ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна.