1
Арьс хуурайшиж, загатнахаас сэргийлнэ
Арьсны хуурайшилтай тэмцэх гайхалтай арга бол тараг юм. Тарагны гуужуулагч нөлөө нь хуурай арьсыг ховхолж, чийгшүүлдэг. Мөн хүчиллэг найрлага нь загатнаа үүсгэдэг элдэв нян бактерийг устгадаг ажээ.
- Өдөр болгон гартаа шинэхэн тараг түрхэж байгаад гар, хөл, нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийгээд 10 минут орчим байлгана. Дараа нь шүршүүрт ороорой.
- Долоо хоног бүр тал аяга тараг, 3 халбага нухсан "Papaya" жимсийг хольж арьсандаа түрхээд 10 минут байлгасны эцэст хүйтэн усаар угаана.
- 4 халбага тараг, 1 халбага какао, 1 халбага зөгийн бал хольж нүүр, хүзүүндээ түрхээд 30 минут байлгаарай. Дараа нь хүйтэн усаар угаана. Энэ аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж болдог ажээ.
2
Наранд борлосон арьсыг цайруулна
Тараг нь уургаар тун баялаг тул наранд түлэгдсэн арьсыг зөөллөж, цайруулдаг. Мөн нарны хэт ягаан туяанд хордсон арьсыг чийгшүүлж, эдгээдэг бөгөөд наранд борлосон арьсыг тайвшруулах нөлөөтэй ажээ.
- Чихэргүй, хольцгүй таргийг хөндүүр болсон хэсэгтээ түрхэж, 15 минут байлгаад бүлээн, чийгтэй алчуураар арчаарай.
- 1 ширхэг улаан лооль, 1 ширхэг өргөст хэмхийг тал аяга тарганд хийж, борлосон хэсэгтээ түрхэн 15-20 минут байлгаад угаагаарай.
3
Хаг арилгана
Хуйхны холцруутсан арьснаас үүсдэг мөөгөнцрөөс болж үс хагтдаг ажээ. Харин тараг бол мөөгөнцрийн эсрэг эм л гэсэн үг. Мөн хагтсанаас болж толгой загатнахыг ч зогсоож чаддаг ид шидтэй билээ.
- Хуйхандаа тараг түрхээд 5-10 минут массаж хийгээрэй. Гэхдээ үүнээсээ өмнө таргандаа нимбэгний шүүс нэмж болох юм. Ингээд 45 минут байлгасныхаа дараа бүлээн усаар угаана.
- Тал аяга тараг, 3 халбага Грек чирэгний үр хийж холиод хуйх болон үсэндээ түрхэж, 1 цаг хүлээсний эцэст шампуниар угаана. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглээрэй.
4
Үсийг ангижруулна
Тараг ангижруулагчийн үүрэг гүйцэтгэдэг тул үсийг зөөлөн, гялгар болгож, өнгийг сэргээдэг ажээ. Мөн нян болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй болохоор хуйхыг цэвэр байлгаж, халдваргүйжүүлдэг билээ.
- Хольцгүй, чихэргүй тараг нойтон үсэндээ түрхээд 15-20 минут байлгаж, үсэндээ шингээнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэж болдог ажээ.
- 4 халбага тараг, 2 халбага зуун настын тос, 2 халбага наргил модны тосыг сайтар хольж, үс болон хуйхандаа түрхээд 45 минутаас 1 цаг хүртэл байлгаад шампуниар угаана. Долоо хоногт 1-2 удаа ингэж угаагаарай.
5
Толбо, нөсөө арилгана
Тараг хүчиллэг найрлагатай тул арьсны өнгө сэргээж, цайруулах үйлчилгээтэй байдаг ажээ. Түүгээр ч зогсохгүй арьсан дээрх толбо, нөсөө болон сорвийг бүдгэрүүлдэг билээ.
- Арьсны бараантсан хэсэг дээр тараг түрхээд массаж хийнэ. Ингээд 10-15 минут байлгасны дараа усаар угаах юм. Арьсныхаа толбо, нөсөөг арилгах гэж байгаа бол та дээрх аргыг өдөр бүр 1-2 удаа хэрэглээрэй.
- 2 халбага тараг, 1 ширхэг нимбэг жимсний шүүсийг шахаж холиод арьсан дээрээ түрхэж 20 минут хүлээнэ. Дараа нь бүлээн усаар угаах бөгөөд өдөрт нэг удаа ингэж хийгээрэй.
6
Нүхжилт багасгана
Батга, арьсны элдэв эмгэгээс болж үүссэн нүхжилтийг таргаар шийдэж болдог. Тараг арьсан дээр үүссэн нүхийг багасгаж, жижиг нүхийг бүр байхгүй болгож орхидгоос гадна арьсыг уян хатан болгодог ажээ.
- Нэг халбага хольцгүй тараг нүүрэндээ түрхээд 15 минут хүлээнэ. Энэ үед тараг арьсан дахь нүхийг агшаан, сорж авдаг бөгөөд дараа нь хүйтэн усаар угаагаарай. Тус аргыг өдөр бүр 1-2 удаа хэрэглэнэ.
- 2 цайны халбага тараг, 2 халбага овъёосны кааш хольж маск болгоод нүүрэндээ түрхэж 30 минут тавина. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Долоо хоногт 3 удаа ийм маск тавьж болох юм.
7
Батга арилгана
Тараг нь нян болон мөөгөнцрийн эсрэг хольцтой гэж бид дээр дурдсан билээ. Мөн наалдамхай, зуурмаг учир арьсны эд эсийг агшааж, батганы үлдэгдлийг арилгадаг аж. Дээрээс нь тарганд цайр агуулагддаг тул батганаас үүдэлтэй элдэв үрэвслийг ч дарах үйлчилгээтэй юм.
- Хольцгүй тараг хөвөнд шингээн нүүрэндээ түрхэж хонуулаад өглөө нь хүйтэн усаар угаагаарай.
- 1 халбага тараг, 1 халбага нунтаг гаа хольж, батганы сорвин дээрээ массажлан түрхэнэ. Дараа нь 15 минут байлгаад хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 1-2 удаа тус массажийг хийж болдог ажээ.
8
Үрчлээс, зураасыг багасгана
Тарагны гол найрлага болох сүүн хүчил нь үрчлээ болон зураасыг багасгах нөлөөтэй байдаг. Мөн арьсны үхэжсэн эд эсийг утсгаж, ингэснээр нүхжилт багасдаг билээ.
- 1 халбага оливын тос, 3 халбага тараг хольж нүүрэндээ түрхэж, 30 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж арилгаарай.
- Гадил жимсийг нухаж, 1/4 аяга тараг, 1 халбага зөгийн бал хольж, нүүрэндээ түрхээд 20 минут болгосны эцэст усаар угаагаарай. Эл маскийг долоо хоногт 2-3 удаа тавьж болох юм.
9
Хөлийн эврийг зөөрлүүлнэ
Тарганд агуулагддаг сүүний хүчил нь арьсны үхэжсэн эд эсийг устгадаг тул эвэршсэн хөлийн арьсыг зөөллөж, хурдан эдгэхэд нь ихээхэн нэмэр болдог ажээ. Мөн арьс эвэрших гол шалтгаан болох арьсны хуурайшлын эсрэг, чийгшүүлэх үйлчилгээтэй юм.
- 15 минут орчим халуун усанд хөлөө дэвтээнэ
- Хөлийнхөө эврийг зориулалтын үрэгчээр үрнэ
- Хольцгүй тараг эврэн дээрээ түрхээд зөөлнөөр массаж хийнэ
- 15 минут байлгаад бүлээн усаар угаана
- Хөлөө сайтар хатаагаад оймс өмсөнө
Тус аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглээрэй.
10
Гар болон хумсны өнгийг сэргээнэ
Тараг нь нэг ёсны байгалийн гаралтай чийгшүүлэгч учраас гарын арьсыг хүртэл хуурайшихаас сэргийлдэг ажээ. Дээрээс нь сүүн хүчил нь цэвэрлэгч бодис болдгийн зэрэгцээ үрэвслийн эсрэг, чийгшүүлэгч үйлчилгээтэй тул хугарсан, хуурайшсан хумсанд эм болдог юм.
- Гар, хуруундаа хольцгүй тараг түрхэж, 5 минутын турш тойрог хэлбэрээр массаж хийнэ. Ингээд 10 минут орчим байлгасны эцэст бүлээн усаар угаагаарай. Тус аргаар өдөр бүр гараа арчилж болох юм.
- 2 халбага тараг, чимх гурил, мөн жаахан нунтаг гаа холиод гарандаа түрхэж хатаагаарай. Ингээд хатсаных нь дараа бүлээн усаар угаана. Энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэж болдог ажээ.