10
Бэлэг эрхтнийг эмэгтэйчүүд томруулжээ
Австралийн биологичид хүн болгоны таамаглаж байсан ёсоор бэлэг эрхтний хэмжээ эмэгтэйчүүдэд хамаатай байдгийг нэгэнт нотолжээ. Эмэгтэйчүүд том бэлэг эрхтэнтэй эрчүүдийг дур булаам гэж боддог байна. Эрэгтэй хүний биеийн хэмжээ, хэр зэрэг өндөр нуруутай гэдэг нь хамаатай байдаг боловч хувь хүний зан чанар, дур булаам байдалд тийм ч их нөлөө үзүүлдэггүй аж. Судлаачид цааш нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн яагаад шаардлагатай хэмжээнээсээ том болсныг судалж үзэхэд эрт дээр үеийн эмэгтэйчүүд бэлэг эрхтний хэмжээнээс болоод сонголт хийдэг байсантай холбоотой гэсэн үр дүн гарчээ. Эртний хүмүүсийн эрхтний хэмжээ гаднаас нь харахад л ойлгомжтой байдаг байсан тул эмэгтэйчүүд том хэмжээтэйг нь сонгодог байснаас хувьсал явагдаж, эр хүний бэлэг эрхтэн анх байснаасаа том хэмжээтэй болсон ажээ.
9
Мөстлөгийн үеийн хүмүүс Европын одоогийн газар нутгийг бий болгожээ
20000 жилийн өмнө "Мөстлөгийн үе"-д Европ тив ой модгүй болжээ. Голландын их сургуулийн судлаачид "Дээд палиолит" хүмүүс оршин суухад тохиромжтой болгох үүднээс ойг шатаасан гэж баталж байгаа аж. Ой мод үгүй болж, задгай болсон газар ан хийж, хүнсээ базаахад хялбар болсон гэнэ. Европын ой мод мөстлөгийн үеийн хүйтэн цаг уураас болоод эмзэг байснаар зогсохгүй нүүрсхүчлийн хий багатай байсан ч, гал гарч, модны амьдрах насыг богиносгож, төлжих чадварыг нь багасгаж орхисон байна. Нийт ой модны 30 орчим хувь нь энэ үед устсан гэж үздэг байна.
8
"Анчин-түүгчид" сийлбэрчид байжээ
Хүн төрөлхтний анхны урлагийн бүтээл 14000 жилийн өмнө олдсон гэж үздэг боловч түрүү жил Барселона хотод хийсэн малтлагаар үүнийг нь даруй 6000 жилээр ухрааж орхижээ. Үл мэдэгдэх урлаач маань тухайн цаг үеийнхээ хэвшмэл загвар болох амьтан, хүн зэргийг бус тэс өөр зүйл сийлбэрлэсэн байв. Энэ нь анчин-түүгчид сийлбэр хийдэг байсныг нотолж байгаа юм. Харин шүүмжлэгчид тус сийлбэрийг арай өвөрмөц маягаар сийлсэн амьтан гэж үздэг ч, ямартаа ч нууцлаг уран бүтээлч маань цаг үеэсээ өмнө алхаж, шинийг эрэлхийлж байсан нь баталгаатай аж.
7
Эртний хүмүүс утаанд тэсвэртэй байжээ
Судлаачид хүн төрөлхтөн хэзээнээс гал хэрэглэж эхэлснийг тодорхойлох гэж оролдсоор байгаа ч, 2 саяас 350000 жилийн тэртээ гэж барагцаалдаг билээ. Голландын их сургуулийн судлаачид уг асуултын хариуг олохоор хүмүүсийн биед утааны хорыг эсэргүүцэх чадвар байсан эсэх талаар генетикийн судалгаа хийсэн байна. Гайхалтай нь өвөг дээдсүүд маань биднээс илүү хорт бодисыг эсэргүүцэх чадвартай байсан аж. Тухайлбал Нендертал Денисованчууд (Neanderthal Denisovan)-ын хор эсэргүүцэх чадвар нь горилл сармагчинтай адил байсан гэнэ шүү.
6
Цусан хангамжийн нөлөөгөөр хүн ухаантай болдог
Мэдлэг боловсрол бол хүнийг тодорхойлогч гол хүчин зүйл юм. Тиймдээ ч судлаачид хэдэн арван жилийн турш хүний тархийг судалсаар иржээ. Хүмүүсийн нийтээрээ мэддэг хүний тархины хэмжээ, мэдлэг боловсролтой харилцан шүтэлцээтэй гэсэн онолыг Австрали болон Өмнөд Африкийн судлаачид үгүйсгэж, тархин дахь цусан хангамж нэмэгдэх нь мэдлэг боловсролын хамгийн гол түлхүүр болдог хэмээн үзэхэд хүрээд байгаа гэнэ. Хүний хувьслын явцад тархи 350%-иар томорсон бол тархины цусан хангамж 600%-иар өссөн ажээ. Тархины үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр цусны эргэлт нэмэгдэх ёстой болж, тархи хувьсан өөрчлөгдсөн байна. Чулуужсан гавлын ясан дахь артерийн судасны нүхнүүд цусны хангамжийн талаарх тус онолыг бүр ч бататгаж өгч байгаа юм.
5
Газар тариалан эрхэлж эхэлсэн хугацааг тодорхойлжээ
Харвардын анагаахын сургуулийн мэргэжилтнүүд хүн төрөлхтөн 12000-8000 жилийн өмнө газар тариалан эрхэлж эхэлсэн гэсэн мэдээ энэ онд нийтлүүлсэн билээ. Тус нийтлэлд газар тариалан эрхэлж байсан ойрхи Дорнодын 3 бүлгийг заасны дотор өмнө мэдэгдэж байсан Туркээс гадна Иран, Ойрхи Дорнодын өөр хоёр бүс нутаг нэмэгдсэн байна. Тус судалгаа нь Ойрхи Дорнодыг хамарсан анхны томоохон хэмжээний судалгаа байсан ч, дулаан уур амьсгалаас болоод цогцоснууд муудсан байсан тул "DNA"-ийн шинжилгээг нарийн тодорхой хийхэд хүндрэл учирч байв. Гэсэн хэдий ч судлаачид хүний чихний яснаас дээж авдаг шинэ арга технологи ашиглан, тус бэрхшээлийг давж, дээрх дүгнэлтийг гаргаж чаджээ.
4
Нендерталчууд бидний нөхөн үржих чадварыг багасгажээ
Орчин үеийн хүмүүс Африкийг орхин шинэ газар нутаг хайж явахдаа Нендерталчуудтай тааралджээ. Ингээд хоёр бүлэг уусан эрлийзжиж, үүний дүнд Африк төрхтөнөөс бусад орчин цагийн хүмүүс ойролцоогоор 2% орчим Нендертал гентэй үлдэж хоцорсон байна. Хоёр бүлэг оршин тогтнож байх үед энэ тоо нь бүр 10% байсан аж. Эрлийзжих явцад Нендерталчууд Хомосапиенс (Homo sapiens)-ийг бодоход нөхөн үржих чадвар муутай байсан нь бусад хор хөнөөлтэй генийн хамт орчин үеийн хүмүүст өвлөгдөн ирсэн гэнэ. Гэхдээ хувьслын явцад бусад хортой генүүд үгүй болсон ч, үргүйжүүлдэг ген бидний биед хадгалагдсаар байгаа бөгөөд Нендерталчуудаас болоод Африк төрхтөнөөс бусад хүмүүсийн үржих чадвар 1% бага байдаг ажээ.
3
Нүүрний хачиг бидэнтэй цуг хувьсдаг
Нүүрний хачигны "DNA"-ийг судалж үзээд хачиг хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотойгоор хувьсаж ирснийг нотолсон байна. Дэлхийн өнцөг булан бүрээс 70 гаруй хачгийг шинжилсний дүнд нэгэн ижил төрөл мөртлөө Африк, Азийн хачигнууд хоорондоо ялгаатай байгааг илрүүлжээ. Үүгээр ч зогсохгүй зүгээр ч нэг хүнээс хүнд дамждаггүй бөгөөд нэг үе удам дамжин шилждэг байна. Иймээс хачгийг судалж чадвал хүн төрөлхтний хувьслын талаар илүү ихийг олж мэдэх боломжтой гэсэн найдлага тээн, судлаачид ажиллаж байгаа гэнэ шүү.
2
Ганцхан нүүдлээр Африк бус төрхтөнүүд үүсчээ
Харвардын Анагаахын сургууль энэ жилийн эхээр дэлхий дахины хүмүүсийн генийн бүрдлийг судалж, эртний хүмүүсийн шилжилт хөдөлгөөний талаар мэдэж авах гэж оролджээ. Уг судалгаагаар тэд Африк бус төрхтөн хүмүүс бүгд 50000-100000 жилийн өмнө Африк тивээс нэг удаагийн шилжилтээр нүүдэллэж, дэлхий дахинд тархан суурьшсан гэж үзсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн 300 орчим хүнийг судалгаанд хамруулжээ. Тус онолыг Эстони, Данийн судлаачид мөн дэмжин баталсан боловч Австрали болон Шинэ Гвинейн уугуул иргэд Африкаас арай эрт үед нүүдэллэн гарсан гэсэн эртний онолтой харшилж байгаа аж. Эрдэмтэд энэхүү судалгаагаараа хүн төрөлхтний тухай илрээгүй байгаа олон нууцыг тайлж чадна хэмээн өндөр найдлага тавьж байгаа ажээ.
1
Хамгийн эртний үхлийн учрыг тайлжээ
Люси (Lucy) бол дэлхийн хамгийн алдартай Автралопитекус (Australopithecus) мичний олдвор билээ. 1974 онд анх олдсон цагаасаа эхлэн Люси хүн төрөлхтний үүсэл гарлын талаар тоймгүй их мэдээлэл бидэнд өгсөн юм. Гэвч тэр чухам яаж үхсэнийг өдий болтол хэн ч мэддэггүй байсан боловч Техасын их сургуулийн судлаачид Люсиг модноос унаж нас барсан гэж үзжээ. Люсигийн бүх ясыг эвлүүлэн рентген томографаар харахад баруун бугалганых нь ясны гэмтэл өндрөөс унаснаас болж учрах гэмтэлтэй төстэй байсан аж. Бусад ясан дээрх жижиг сажиг гэмтлүүд ч мөн энэ онолыг баталсан байна. Хэрэв уг онол үнэн болж батлагдвал Автралопитекус мичнүүд модон дээр явдаг байсан үгүйг тодорхойлох боломжтой болох гэнэ.