Одоог хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд

Шинжлэх ухаан, боловсрол мэдлэгийн ачаар хүн төрөлхтөн зогсолтгүй урагшлан хөгжсөөр байгаа билээ. Хэдий тийм боловч тайлбарлаж чадахгүй үзэгдэл, нууцлаг үйл явдал тун элбэг байдаг бөгөөд тэдний зарим нь дүрс бичлэг болон гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлджээ. Харин эдгээр ер бусын тохиолдлуудаас бидний сонгон түүвэрлэсэн эдгээр зургууд танд эрүү мултрам хачирхалтай санагдаж ч магад, дотор жихүүцэм айдас төрөм мэдрэмж өгч ч мэднэ. Ингээд хамтдаа хамгийн учир битүүлэг түүхэн зургийн ертөнцөөр аялацгаая. 

Одоог хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд

15 "Solway Firth"-ийн сансрын нисгэгч

Уг зургийг 1964 онд нутгийн гал сөнөөгч, түүх сонирхдог Жим Темплтон (Jim Templeton) Английн "Solway Firth" нэртэй газар байхдаа даржээ. Тэрбээр охиныхоо зургийг дарахад өөр хэн ч байгаагүй хэмээн тангарагласан ба охиныхоо ард байгаа сансрын өмсгөлтэй хүнийг хараад тун их цочирдсон байна. Зарим хүмүүс үүнийг хуурамч гэж үзэж байсан тул Жим зургаа "Кодак" зургийн компани руу илгээсэн бөгөөд цаадуул нь бодит зураг болохыг нь нотолж өгчээ. Гэхдээ зурган дээрх хүн Жимийн эхнэр ба түүний өмссөн цагаан даашинз салхинд хийсч, сансрын нисгэгчийн өмсгөл шиг харагдсан байх гэсэн тайлбар хамгийн түгээмэл байдаг гэнэ. 

"Solway Firth"-ийн сансрын нисгэгч

14 "Hook" арлын далайн мангас

Францын гэрэл зурагчин Роберт Лэ Серрек (Robert Le Serrec) 1964 онд "Hook" арлын ойролцоо тус зургийг авсан бөгөөд нэг биш нэлээд хэдэн ийм зураг байдаг аж. Зурагчны хэлснээр бол шанаган хорхой хэлбэртэй усан доорх амьтан ойролцоогоор 25 метрийн урттай ба зогсолтгүй хөдөлж байсан байна. Роберт амьтныг завин дээр байхдаа эхнэрийн хамт харсан гэж баталдаг ч өдий болтол юу болохыг нь яг таг тодорхойлсон итгэж болохуйц тайлбар огт олдоогүй тул хүмүүс ердөө л ямар нэгэн заль мэх байх гэж үздэг ажээ. 

"Hook" арлын далайн мангас

13 Мэри Ризерийн (Mary Reeser) шатсан бие

1957 онд Флорида мужид Мэри Ризер гэгч 67 настай бэлэвсэн эмэгтэй шатсан явдлыг "Үнсэн эмэгтэй"-н хэрэг гэж нэрлэдэг. Түүний бараг бүх бие үнс нурам болтлоо шатсан байсан ба хамгийн хачирхалтай нь гал эргэн тойрондоо огт авалцаагүй аж. Цагдаагийн газар болон Холбооны Мөрдөх Товчооныхон Мэри Ризерт чухам юу тохиолдсоныг тогтоож чадаагүй бөгөөд зураг дээр цогцосны эргэн тойронд гал гарсны ул мөр болон хөөж тэлсэн гавлын яс зэрэг нь гараагүй байгаа юм. 

Мэри Ризерийн (Mary Reeser) шатсан бие

12 Герман дахь сэтгэцийн эмнэлэг

Энэ дотор арзайм зураг бол ямар нэг тамлан зовоолт бус Германд XIX зууны үед ашиглаж байсан сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчлэх эмчилгээний нэг хэлбэр ажээ. Орчин үед ийм өвчтэй хүмүүсийг эмчлэх арга үндсээрээ өөрчлөгдсөн боловч хэдэн арван жилийн өмнө хүртэл шизофрин өвчтэй хүмүүсийг өөрсдийгөө болон бусдыг гэмтээж орхих вий гэсэндээ зүгээр л цоожилчихдог байжээ. Зураг дээр эмчилгээний чухам ямар төрөл болох нь ойлгомжгүй байгаа ч, зарим хүмүүс ойр орчимдоо элдэв түвэг гаргуулахгүйн тулд өвчтөнийг ингэж уясан гэж үздэг. Өөрөөр хэлбэл зураг дээрх уяанууд номхруулах цамцны үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.  

Герман дахь сэтгэцийн эмнэлэг

11 Хорацио Гордон Роблигийн (Horatio Gordon Robley) Мокомакай цуглуулга

Мокомокай бол Шинэ Зеландын уугуул иргэд болох Маоричуудын толгойн цуглуулга юм. XIX зууны үед ийм цуглуулга нь колончлогдын  хувьд маш үнэ цэнэтэй олз болдог байжээ. Тэдэн дундаас хамгийн том цуглуулагч нь хошууч генерал Хорацио Гордон Робли бөгөөд тэрбээр Шинэ Зеландын Британийн армид хүчин зүгтэж байх үедээ Мокомокайд эргэлт буцалтгүй татагдаж орхисон байна. Генерал нийтдээ 40 гаруй толгой цуглуулсан байсан ба үүнийгээ хожим нь АНУ-ын түүхийн музейд зарсан аж. Тус зураг Роблигийн цуглуулгуудыг эргэлзээгүй баталж байгаа боловч тэр яагаад ийм хачин цуглуулганд дуртай болсон нь, мөн ямар учраас зургаа авахуулсан нь тодорхойгүй гэнэ. 

Хорацио Гордон Роблигийн (Horatio Gordon Robley) Мокомакай цуглуулга

10 Толгойн алчууртай эмэгтэй

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн (John Kennedy) аллага нэлээд олон тайлагдаагүй оньсого, нууцуудыг агуулдаг билээ. Тэдний нэг нь толгойн алчууртай эмэгтэй юм. Тус аймшигт үйл явдлын эргэн тойрон дахь цөөнгүй олон гэрэл зураг дээр эл эмэгтэй байдаг бөгөөд цагдаагийн газар болон ХМТ түүнийг цөхрөлтгүй эрж хайсан боловч сургийг нь ч гаргаж чадаагүй түүхтэй. 

Толгойн алчууртай эмэгтэй

9 Скунс мич

2000 онд Сарасота нутгийн үл таних эмэгтэй цагдаагийн газарт хэд хэдэн зураг илгээн, хашаан дотор нь мич явж байна гэж мэдэгджээ. Эмэгтэй амьтныг хаа нэгтээгээс зугтсан орангутан сармагчин гэдэгт бат итгэлтэй байсан ба мөнөөх амьтан 7 хоногийн турш эмэгтэйн гэрийн арын хашаа руу ирж очдог байсан гэнэ. Гэхдээ энэ амьтан нь 1960-1970 оны үед Флорида мужийн олон газар үзэгдэж байсан скунс мич байж магадгүй бөгөөд зарим хэтрүүлэгт дуртай хүмүүс баавгай гэж боддог ажээ. 

Скунс мич

8 Унаж буй хүн

Куперийн (Cooper) гэр бүлийн зураг буюу "Унаж буй хүн" нэрээр олонд танигдсан эл зургийг гэр бүлийн оройн хоолны үеэр 1950-иад онд авсан гэнэ. Техаст цоо шинэ байшин худалдаж аваад айлынхан маань оройн хоол идэж байхдаа дурсгал болгон зургаа татуулсан бөгөөд зургаа угаалгаж харах хүртлээ ийм явдал болсон гэж огт сэжиглээгүй явсан байна. Зарим хүмүүс зургийн хальсаа гэрэлд цохиулснаас болж дүрс өөрчлөгдсөн гэж үздэг ч, өдий болтол нэгдсэн хариулт олоогүй байгаа бүлгээ. 

Унаж буй хүн

7 Фрэди Жэксоны (Freddy Jackson) сүнстэй зураг

Учрыг нь мэдэхгүй хүнд тус зураг бүрэн бүрэлдэхүүнээрээ авахуулсан ердийн нэг цэргийн салаа шиг харагдана. Гэвч энэ бол дэлхийн I дайны үед буюу 1919 онд Виктор Годардаар (Victor Goddard) удирдуулсан агаарын нисэх хүчний нэгтгэл бөгөөд нэгэн нисгэгчийнхээ оршуулган дээр эл зургийг даруулсан ч, мөнөөх оршуулагдсан нисгэгч Фреди Жэксон хамгийн дээд эгнээнд дүрээрээ зогсож байх аж. Нэгтгэлийнхэн зургийг харангуутаа амь үрэгдсэн андыгаа шууд таньсан бөгөөд одоо хүртэл хэн ч эл явдлын учрыг тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Фрэди Жэксоны (Freddy Jackson) сүнстэй зураг

6 "Newby" сүмийн сүнс

"Newby" сүмийн сүнс нэрээр танигдсан уг зургийг 1963 онд Английн Иоркширт Риверэнд Лорд (Reverend Lord) авчээ. Шүтээний баруун талд зогсож буй юүдэнтэй нөмрөг өмссөн сүнс шиг зүйл шуудхан нүдэнд тусах боловч Риверэнд зураг авах үеэр хэн ч байгаагүй гэж баталдаг гэнэ. Түүнийг XVI зууны үеийн гэлэнтэй төстэй юм гэж олон хүн хэлдэг ба тэр ямар нэг шарх сорви юм уу, эсвэл гаж буруу төрхөө далдлахын тулд зүүдэг багтай байгаагаас гадна бодит хүн гэхэд тун хэцүү. Учир нь 2,2 метр өндөртэй хүн гэж бараг байхгүй шүү дээ.

"Newby" сүмийн сүнс

5 Цаг хугацаагаар аялагч

1941 оны үйл явдлыг харуулсан тус зураг 2010 онд цахим сүлжээнд тавигдах үеэр олон хүн цаг хугацаагаар аялагч байна хэмээн дуу алдсан юм. Зурган дээрх эрийн зүүсэн нарны шил 2004 онд анх худалдаанд гарсан бөгөөд хүмүүсийн анхаарал түүний богино цамц, жижигхэн гэрэл зургийн аппарат болон нарны шилэн дээр төвлөрч байжээ. Гэвч харамсалтай нь богино цамц тухайн үеийн "Montreal Maroons" багийн логотой байж магадгүй бөгөөд тиймэрхүү хэв маягийн нарны шил ч мөн тэр үед байсан ба "Кодак" компани 1930-аад оноос эхлэн гарт багтах авсаархан зургийн аппарат үйлдвэрлэж эхэлсэн ажээ. 

Цаг хугацаагаар аялагч

4 Финиксийн гэрэл

1997.03.13-ны шөнө Аризонагийн Финикст тэнгэрт хачин гэрэл гялбалзаад байгааг мянга мянган хүн харсан ба цагдаагийн газрын утас 3 цагийн турш зогсоо чөлөөгүй хангинасан билээ. Энэ гэрлийг авсан зургууд дотроос хоёр нь л тод гарсан бөгөөд гэрэлнүүд нэгэн дээр нь V хэлбэртэй байсан бол нөгөө дээр нь цуварсан байдалтай гарчээ. Эл хачирхалтай үзэгдлийг АНУ-ын Нисэх хүчин нисэх онгоцнууд туршилтын гэрэл асаасан хэмээн тайлбарласан ч, үнэмшилтэй болж чадаагүй юм. 

Финиксийн гэрэл

3 "Хэмптоны шүүх ордон"-ы сүнс

Английн "Хэмптоны шүүх ордон"-ы хяналтын камерт сүнсний дүрс бичигджээ. Тайлан мэдээнд бичсэнээр бол галын гарцын хаалга үргэлж хаалттай байдаг боловч уг бичлэгийн үеэр гэнэт нээгдэж, камерт ийм дүрс үлдээж орхисон байна. Хаалга гурав хоногийн турш нээлттэй байсны эцэст хамгаалагчид дуртай дургүй очиж хаасан ба ажилчид анхнаасаа тэр хэсэгт харанхуй болсон хойно очих дургүй байдаг байжээ. 

"Хэмптоны шүүх ордон"-ы сүнс

2 Чарли Чаплины (Charlie Chaplin) кинон дээрх гар утас

Чарли Чаплины нэгэн дуугүй кинон дээр гудамжаар яваа эмэгтэй гар утсаар ярьж яваа нь харагдана. Элдэв нууцуудын учрыг тайлдаг "snopes.com" нэртэй цахим сайтын үндэслэгч Дэвид Микелсон (David Mikkelson) эл хэсгийн учрыг тайлахад киноны бичлэг шаардлага хангахгүй байна гэж мэдэгдсэн ба дээр үеийн бичлэгэн дээр хэн юу барьж байгааг тодорхойлох боломжгүй. Үнэхээр гар утас байсан үгүйг хэлэх аргагүй, юу ч байсан байж болно шүү дээ гэсэн байна. 

Чарли Чаплины (Charlie Chaplin) кинон дээрх гар утас

1 Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт

Эвелин МасХэйл (Evelyn McHale) гэгч бүсгүй АНУ-ын "Empire State Building"-ээс үсэрч амиа хорлосноос ердөө дөрөвхөн минутын дараа тус зургийг дарсан ба "хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт" нэрээр алдаршсан юм. 23 настай залуу бүсгүй барилгын 86-р давхраас лимүзн маркийн машин дээр тун амарлингуй байдалтай унажээ. Тэрбээр сайн эхнэр болж чадахгүй нь гэсэн зурвас бичиж үлдээсэн байсан ч, амиа хорлолтынх нь шинхэнэ шалтгаан ч тэр, тийм өндрөөс унасан атлаа нүдэнд ил харагдах шарх бараг үгүй байсны учир ч тайлагдаагүй үлдсэн юм.

Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()