1
Хэл сурах
Та шинэ газар очиж, шинэ хэл сурахынхаа хэрээр төрөлх хэлээ мартаж эхлэх болно. Сурч байгаа хэлнийхээ ганц нэг үгийг мэдэхгүй байх нь нэг хэрэг. Харин дотны найзууд, гэр бүлийнхэнтэй хөөрөлдөж байгаад гэнэт төрөлх хэлнийхээ үгийг мартаж орхих нь тун эвгүй санагдаж магадгүй юм. Тиймээс хэдэн ном цүнхлээд явахад илүүдэхгүй ажээ.
2
Ачаа тээшээ авч явах
Та магадгүй хол замд ядарч, том чемодан чирж явахаасаа тээршаасандаа хүрэх газартаа очингуутаа л бушуухан далд хийнэ дээ гэж бодож магадгүй. Гэхдээ чемодан аяллын хамгийн үнэнч хамтрагч болдог ажээ. Онгоцонд авч орох ачааны овор хэмжээ, жин зэрэг заалтыг та хэлүүлтгүй мэднэ. Харин энэ үед чемодан л хэрэг болдог тул магад хэзээ ч хоцрогдохгүй биз ээ.
3
Аялах биш амьдрах
Таныг гадаадад амьдарч байгаад эх орондоо ирэх үед тааралдсан хүн бүр "Аялал ямархуу байв даа?" гэж асуудаг ажээ. Харин танд "Би аялалаар яваагүй, амьдралаа өөрчилж, өөр газар амьдарч байгаад ирлээ" гэж хэлмээр санагдсан ч тэвчсэн нь дээр. Учир нь тэр хүн элдэв муу санаа агуулаагүйг бодолцох хэрэгтэй бөгөөд эелдэгээр "Өнгөрсөн хэдэн жилд олон зүйл өөрчлөгдлөө. Тухтайхан сууж байгаад ярилцъя" гэж хариулах нь зүйтэй ажээ.
4
Толгойгоо ажиллуулах
Та дэлгүүр орж, худалдан авах гэж байгаа барааныхаа үнийг хараад толгой эргэж магадгүй юм. Үнийн зөрүү, валютын өөрчлөлт, нэмэх хасах, үржих хуваах үйлдэл нүдний тань өмнө өөрийн эрхгүй жирэлзээд өнгөрөхөөс гадна кассан дээр очоод мөнгөө төлөхдөө мөнгөн дэвсгэрт болон задгай зоосныхоо учрыг олохгүй сандрах тохиолдол бишгүй гарах тул эртнээс бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
5
Зөв бурууг ялгах
Улс орон болгонд зөвшөөрөгдөх болон үл зөвшөөрөгдөх соёл, ёс суртахууны хэмжүүр ялгаатай байдаг билээ. Харин хүн тэс өөр соёл, заншилтай газар очихоороо аль нь зөв, аль нь бурууг хольж хутган, хэсэгтээ толгой нь эргэдэг ажээ.
6
Цагийн хэмжүүр өөрчлөгдөх
Байнга нүүдэл суудал хийгээд байхаар өдөр сарын хэмжүүр алдагдаж орхидог гэнэ. Аль газар хичнээн удаан байснаа та марталгүй тэмдэглэх хэдий ч, заримдаа визнээс болж гэнэтийн нөхцөл байдал үүсэх нь байдаг тул нэг газар хэр удаан байхаа яг таг мэдэх аргагүй юм.
7
Төлөвлөгөөгүй байх
Танд төлөвлөгөөний дагуу явдаг, тогтсон ажлууд гэж байхаа болих бөгөөд шинэ газартаа дасах хүртэл үргэлж гэнэтийн зүйлс тохиолдох болно. Хамгийн багаар бодоход л та цахилгааны төлбөрөө хэзээ, хаана, яаж төлөхөө мэдэхгүй, бүр төлбөрөө хэрхэн хүлээж авдагаа ч мэдэхгүй бөгөөд бүх зүйлийг ойлгож, шинэ хэв маягтаа дасах хүртлээ та тун соргог, хурдан хөрвөх чадвартай болж хувирдаг ажээ.
8
Худалдаж авах
Нүүдлийн амьдрал танд юу чухал юу чухал бишийг ойлгуулж өгөх юм. Хаа нэг тийшээ хэзээ нэгэн цагт явна гэдгээ мэдэж байгаа хүн хэрэгцээгээ яв цав тодорхойлж, элдэв хэрэггүй зүйл худалдаж авахаа больдог бөгөөд аль болох ирээдүйд зайлшгүй шаардлагатай гэсэн зүйлсээ бодож төлөвлөсний эцэст ухаалгаар сонгодог болдог гэнэ.
9
Бүгдийг чаддаг байх
Хилийн дээс алхахаас өмнө бүх хэрэгцээтэй зүйлээ хэдхэн чемоданд багтаах нь боломжгүй мэт санагдаж байсан байх. Гэхдээ л та чадсан. Бүр шигшиж шүүж үлдээсэн ачаагаа юу байсныг нь мартчихсан байж ч мэднэ. Та огт өөр улс оронд очоод хэсэг хугацаанд будилж, хөглөсний эцэст бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг болсон. Харин үүний дараа танд боломжгүй зүйл гэж үгүй мэт санагдаж, дахин өөр газар луу явмаар санагдаж мэдэх юм.
10
Ертөнцийг өөр нүдээр харах
Та хүмүүсийн амьдралд ул мөрөө үлдээж, таны амьдралд бусад хүмүүс дурсамж үлдээнэ. Танд бусдын тусламж хэрэг болж, таны тусламж бусдад хэрэг болно. Нэгэн цагт харь хөндий санагдаж байсан бүхэн танд танил дотно харагдаж эхэлнэ. Та шинэ соёл, шинэ хэл, шинэ хүмүүс, шинэ туршлага гээд л их зүйл сурч авсан. Хэр их зүйл сурснаа магадгүй та өөрөө ч хэмжиж мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө өөрийгөө илүү ихээр таньж мэдэж, шинээр олж нээсэн гэдэг нь л чухал билээ.