1
Гутрал
Дэлхий дээрх амиа хорлолтын ихэнх хувийг дээрх шалтгаан эзэлдэг. Залуус, хүүхдүүд амьдрал гэж юу байдгийг таньж амжихаасаа ч өмнө сэтгэл гутралд автаж амиа хорлодог ажээ. Гутарсан хүмүүс ихэвчлэн сэтгэл мэдрэмжээ нуух хандлагатай байдаг ба энэ нь явсаар тэсэхийн аргагүй хэцүү болдог байна. Тэдний толгойд "Би байхгүй бол бүгдэд нь амар болно. Би хэн ч биш. Би эцэг эхдээ гай болж байна" гэсэн бодол эргэлддэг ба гэмшиж, уурлаж, түрэмгий зан араншинтай болдог. Харин эдгээр сөрөг мэдрэмжийг нэг зэрэг сэтгэлдээ тээж явах нь хэцүү учраас тэд эцсийн дүнд амиа хорлодог ажээ.
2
Итгэлгүй болох
Бид үргэлж дотроо ямар нэг сайн сайхан зүйлд найдаж явдаг. Гэхдээ тэр болгон хүссэнээр болдоггүй нь харамсалтай. Хүмүүс бүгд тушаал дэвшинэ, түрүү жилээс илүү сайн сурна, жинхэнэ хайртайгаа гэрлэнэ, сайн найз маань намайг хэзээ ч хуурахгүй гэх мэт найдвар дотроо тээж явдаг ба итгэл нь хөсөрдөх үед тэд эцсийн аргаа хэрэглэдэг нь амиа хорлолт юм.
3
Урам хугарах
Хүмүүс амьдралаа сайжруулахын төлөө хичээж, замдаа тааралдсан бүхий л саад тогтгорыг даван туулах гэж хичээдэг ч, бүтэлгүйтлээр дуусах нь бий. Үүний дараа хүмүүс урам хугарч, хичээхээ больдог. Яаж ч бүтэлгүйтэж болно. Гэр бүл, хайр дурлал, ажил сургууль гээд л. Гэхдээ энэ мэдрэмжийг мэдэрч залхсан зарим хүн урам зоригоо алдаж, амьдралаа дуусгаж орхих нь цөөнгүй байдаг ажээ.
4
Айдас
Хүмүүс бүгд ямар нэг зүйлээс айдаг. Та өрөөлийг хуурч болох ч, өөрийгөө хуурч чадахгүй юм. Ямар ч хүнд өвдгийг нь чичрүүлж, зүрхний цохилтыг нь 1000 дахин хурдасгах ямар нэг зүйл заавал байдаг. Айдас хүнийг галзууруулах шахдаг юм. Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ, хайртай дотны хүнээ алдахаас, цагдаад баригдахаас, олны өмнө гутаан доромжлогдохоос гээд л олон зүйлээс айж явдаг ба хэт их айснаасаа болоод үхэл рүү өөрийгөө түлхэж орхих нь цөөнгүй.
5
Сэтгэцийн өөрчлөлт
Сэтгэцийн өөрчлөлтийг гутралтай харьцуулахад хамаагүй ил байдаг боловч илүү эмгэнэлтэй. Жишээ нь шизофрен өвчтэй хүн бодит ертөнцөөс тусгаарлагдан төсөөллийн газартаа амьдардаг болж магадгүй. Харин тэр төсөөллийн газрынх нь нэг удирдагч амиа хорло гэсэн тушаал өгөхөд л бүх зүйл гүйцээ. Гэхдээ сэтгэцийн өөрчлөлтийг цагийг нь олж оношилж чадвал эдгэрэх бүрэн боломжтой билээ.
6
Амьдрал булаагч амьгүй зүйлс
Хар тамхи болон согтууруулах ундаа залуусын үнэнч нөхөр болжээ. Тэд хатуу ширүүн өрсөлдөөн, дарамт, хямрал, араар тавилт зэргийг тэсч чадахгүй болсондоо бүхнийг мартах арга зам эрэлхийлдгээс дээрх зүйлүүдийг хэрэглэж эхэлдэг байна. Хар тамхи, согтууруулах ундаа тэдний эрүүл ухааныг нь булаан, бодит болон хуурамчийг ялгах чадваргүй болгодог ба хэтрүүлж хэрэглээд орчлонг орхисон хүмүүс олон байдгийг та бүгд мэдэх биз ээ.
7
Харамсах
Харамсал бол амьдралын нэгээхэн хэсэг. Харамсдаггүй хүн гэж үгүй. Гэхдээ харамсаж амьдрах уу, сургамж авч амьдралаа шинээр эхлэх үү гэдэг нь зөвхөн таны сонголт юм. Даанч зарим хүмүүс дөрвөн хананы дотор бүгж, өөрийгөө улам тарчилган, нулимсаа урсган асуудлаа даван туулах гэж оролддог бөгөөд энэ нь эцэстээ тэсэхийн аргагүй санагдаж, бүхнээс холдох гэсэндээ өөрийгөө егүүтгэж орхидог ажээ.
8
Хүмүүсийн үзэл бодол
Зарим эцэг эхчүүд хүүхэддээ "Ингэж болохгүй. Хүмүүс юу гэж бодох юм? Би хүний царай яаж харах юм? Нэрээ бодооч" гэх зэрэг үгсийг хэлж байгаа харагддаг. Энэ нь хүүхдийг олонхийн өмнө найр тавин бөхөлздөг, бусдын санаа бодлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг хүн болгож төлөвшүүлэх нь бий. Өөрийнхөөрөө байсны төлөө бусдад адлуулснаасаа болж ичиж зовсондоо зарим хүмүүс амиа хорлож орхидог нь үүний тод жишээ юм.
9
Сэтгэл шархлах
Хайр болгон жаргалтайгаар төгсдөггүй. Зарим хосууд амьдралын эрхээр зам мөрөө хөөн, салан оддог. Гэвч явсан нэгнээ мартаж чадахгүй, сэтгэлийн шарх тээн үлдэх хүн цөөнгүй. Тэдний зарим нь хэрцгий хорвоог үзэн ядаж, зовлон шаналлаа дуусгавар болгохын тулд амиа хорлож орхидог ажээ. Гэхдээ тэд өөрийг нь төрүүлэх гэж яс махаа урж, өвдөж зовсон ээжийгээ, хүнээс илүү болгох гэсэн эцгийнхээ хайрыг умартан бараг хамааралгүй хүний төлөө үнэт амьдралаасаа хагацаж байгаагаараа хамгийн харгис хэрцгий нэгэн биш гэж үү?
10
Ажил
Өнөө цагт хоолоо олж идэх гэдэг амаргүй даваа болсон. Ажилгүй олон залуучууд бий. Баячууд нь хөрөнгөө нэмэгдүүлэх гээд толгой өөд татах завгүй ажиллаад тэднийг мартаж орхисны зэрэгцээ улс төрийн золиос бологсод ч цөөнгүй. Тэд ажилгүй, туршлагагүй, халаас хоосноосоо болж арга мухардан нийгмийн зүгээс ирэх янзан бүрийн дарамтыг тэсч чадалгүй амиа хорлох тохиолдол их байдаг ажээ.