1
Цагаан гаатай цай
Энэ нь ханиадыг дарах хамгийн шилдэг цайнуудын нэг билээ. Амт чанар сайтай, аагтай энэхүү цай нь хамрын хөндийг цэвэрлэж, цэрийг гадагшлуулах бөгөөд уух төдийд хөлс урсгаж, ядаргаа тайлах шидтэй юм. Ханиад хүрч байгаагаа мэдсэн даруйдаа тус цайг найруулж уусан тохиолдолд хормын дотор эдгэрч, эрүүлжих аж.
Хэрэг болох зүйлс:
- Нунтаг цагаан гаа – 6-8 халбага
- Шанцай – нэг чимх
- Нимбэгний шүүс – 2 халбага
- Зөгийн бал – тал халбага
- Буцалсан ус – 4 аяга
Хэрэглэх заавар:
Эхлээд усаа буцалгаж бэлтгээд үүнийгээ жижгэвтэр саванд хийнэ. Дээр нь цагаан гаа болон шанцайг хийх бөгөөд тагалж тавиад 10 минут байлгаарай. Дараа нь зөгийн бал, нимбэгний шүүсээ нэмэх аж. Та үүнийг өдөрт 3 удаа жижиг хэмжээтэй аягаар уух бөгөөд аль болох халуун бүлээн болгож халааж уугаарай.
2
Ууранд утах
Ууранд утах нь хоолойн өвчнийг намдаах, ханиадыг дарахад мөн л онцгой нөлөө үзүүлдэг юм. Буцалсан усаар хамар, хоолойгоо утсанаар амьсгалын замаар халдварласан бактери устаж, ханиад намдах төдийгүй арьсыг толигор сайхан болгох давуу талтай билээ.
Хэрэг болох зүйл:
- Цайны модны тос – 5-10 дусал
- Дулаанаа алддаггүй сав
- Буцалсан ус
- Алчуур
Хэрэглэх заавар:
Буцалсан усаа савандаа хийж, дээр нь цайны модны тосоо нэмнэ. Харин үүндээ толгойгоо ойртуулж амаа нээж, ууранд нүүрээ утах юм. Мэдээж алчуураа толгой дээгүүрээ тавьж, салхи нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй. Ойролцоогоор 6-10 минут байхад хангалттай бөгөөд өдөрт 3 удаа тус аргыг ашиглаарай.
3
Сармистай ус
Энэ нь хүмүүсийн дунд хамгийн алдартай, ихээр ашиглагддаг арга юм. Хүмүүс ханиад хүрсэн тохиолдолд хамгийн түрүүнд тус аргыг хэрэглэдэг бөгөөд үр дүнгээ ч түргэн хугацаанд үзүүлдэг аж. Орцны тухайд маш энгийн бөгөөд таны цаг зав, мөнгийг хэмнэх давхар ашигтай билээ.
Хэрэг болох зүйлс:
- Сармис – 1 хумс
- Нимбэг – 1 ширхэг
- Зөгийн бал – 1 халбага
- Бүлээн ус
Хэрэглэх заавар:
Эхлээд сармисаа жижиглэж хэрчинэ. Үүнийгээ нимбэгний шүүстэй хамт шилэн аяганд хийж дээр нь зөгийн балаа нэмээрэй. Мэдээж үүндээ бүлээн усаа хийж, хутгаж найруулаад ууж хэрэглэнэ. Өдөрт 3 удаа уухад хангалттай бөгөөд 1-2 хоногийн дараа үр дүнгээ өгч эхлэх юм.
4
Зөгийн балтай сүү
Ханиад хүрч халуурсан үед зөгийн балтай сүү хамгийн их тус болж, таны өвчнийг анагаах аж. Үүнийг ууснаар бие эрхтэний үйл ажиллагаа тайвширч, хэвийн байдалдаа орох бөгөөд зөгийн балтай буцалсан усыг өглөө бүр ууж хэвших нь бие эртхэнд онцгой сайн нөлөөтэй болохыг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
Хэрэг болох зүйлс:
- Зөгийн бал - 1 халбага
- Буцалсан сүү - 1 аяга
Хэрэглэх заавар:
Та халаасан сүүнд зөгийн бал хийж, хутгаад уух бөгөөд аль болох халуун сүү ууж, хөлсөө гаргах хэрэгтэй. Өглөө, оройдоо уухад л хангалттай аж.
5
Ядаргаагаа тайлах
Ханиад хүрсэн үед бие сульдаж, босоход хүртэл хүндрэлтэй байдаг. Харин энэ үед халуун жин хэрэг болох бөгөөд таныг сэргээж, ядаргааг тайлж өгөх юм.
Хэрэг болох зүйлс:
- Халуун ус хийдэг резинэн сав
- Зөөлөн алчуур
Хэрэглэх заавар:
Та хөндүүр оргиж, эрч хүчгүй болсон хэсэгтээ халуун устай саваа тавина. Ингэхдээ саваа алчууранд боож, бие арьсаа түлэгдэхээс хамгаалах юм. Энэ нь таны алжаалыг тайлж, өвдөлтийг бууруулах шидтэй билээ.
6
Гавар түрхэх
Хамар битүүрч, амьсгалахад бэрх болсон үед гавар танд хэрэг болно. Хүчтэй, сэнгэнэсэн үнэр нь хамрын битүүг хормын дотор арилгаж, цэвэр агаар амьсгалах боломж гаргаж өгдөг юм.
Хэрэг болох зүйлс:
Хэрэглэх заавар:
Гаврыг хамрын ойр орчимд багаханг түрхэнэ. Үүнээс гадна тус тосыг зөвхөн ханиад хүрсэн үед биш биеийн аль нэг хэсэг хөндүүрлэх үед түрхвэл өвдөлтийг өөртөө шингээн авдаг аж.
7
Чацаргана
Өвлийн цагт ханиад намдаах хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол чацаргана билээ. Та ханиалгаж, хоолой тань өвдөж эхэлсэн бол яаралтай чацаргана буцалгаж уугаарай. Заавал ханиад хүрсэн үед бус өвлийн цагт ч мөн тогтмол уух хэрэгтэй.
Хэрэг болох зүйлс:
- Чацаргана - 20 гр
- Ус - 500 гр
Хэрэглэх заавар:
Чацаргана жимсийг сайтар нухаж няцлаад усанд хийж буцалгана. Ойролцоогоор 30 минут орчим буцалгахад хангалттай бөгөөд халуун бүлээнээр нь өдөрт 3 удаа ууж хэрэглээрэй.
8
Хоолойгоо зайлах
Ханиад хүрсэн үед хамгийн түрүүнд хоолой сөөж, хөндүүрлэж эхэлдэг. Үүний улмаас хоол идэх, шингэн зүйл уух, ярихад хүртэл төвөгтэй болж эхэлдэг билээ. Харин та онцгой орц бүхий усаар хоолойгоо зайлснаар хоолойн өвчинг эдгээж, өвдөлтийг нь үгүй хийх боломжтой юм.
Хэрэг болох зүйлс:
- Алимны цуу - 1 аяга
- Давс - 1 халбага
- Ус - 1 аяга
Хэрэглэх заавар:
Аяга буцалсан усанд давс болон алимны цуугаа хийж сайтар хутгана. Үүнийгээ амандаа хийж сайтар зайлах бөгөөд өдөрт 3 удаа амаа зайлснаар хоолойны өвчин намдаж, эдгэрэх аж.
9
Ясны шөл уух
Ханиадыг хүчтэй эм бус халуун шөлөөр эмчлэх хэрэгтэй. Монголчуудын эрт дээр үеэс зооглож ирсэн ясны шөл нь ядаргааг тайлж, ханиадыг түргэн эдгээх тустай билээ.
Хэрэг болох зүйлс:
- Хонины яс
- Хонины мах- 400 гр
- Гурил- 2 аяга
- Сонгино-1 ширхэг
- Сармис- 2 хумс
- Давс
- Ус
- Лаврын навч- 2 ширхэг
Хийх арга:
Хонины ясаа усанд хийж чанах бөгөөд давс болон лаврын навчаар амталж өгөөрэй. Ясаа болмогц гаргаж, хэрчсэн мах, сонгино, сармисаа хийх аж. Харин одоо гурилаа зуурч, элдэн хэрчээд буцалж буй шөлөндөө хийгээрэй. Ингээд 10-15 минутын дараа гэхэд ханиад эдгээж, ядаргаа тайлах амтат шөл бэлэн болно.
10
Халуун ваннд хэвтэх
Халуун ваннд хэвтэх нь ханиадыг эдгээхээс гадна ядаргаа тайлах давхар шидтэй билээ. Халуун уур нь таны амьсгалаар дамжин, уушигт хүрэн, цаашлаад хамрын хөндийг цэвэрлэж, битүүрлийг үлдэн хөөдөг юм. Иймд та 10-15 минут халуун ваннд хэвтэж, дараа нь дулаан хөнжилдөө ороорой.