1
Нүдний шил
Нүд бол бидний хамгийн чухал эрхтэн билээ. Харин үүнийг хамгаалахын тулд та аюул тулгарсан үед нүдний шил зүүж байх хэрэгтэй. Хараагүй болсон хүмүүс аймшигт тэмцлийн эцэст амьд үлдэж чадна гэж үү? Иймд дэлхий нийтийг хамарсан аюултай явдал тохиолдвол хамгийн түрүүнд нүдний шил авч далд хийгээрэй. Ялангуяа хараа муутай хүмүүс харааны шилээ хэрхэвч орхиж болохгүй.
2
Анхны тусламжийн цүнх
Аюулд орсон нөхцөлд хамгийн их хэрэг болох зүйл бол яахын аргагүй анхны тусламжийн цүнх билээ. Зомбиноос зугтаж, аюул заналаас холдох гэж явсаар бэртэж гэмтэх нь элбэг байх бөгөөд энэ үед анхны тусламжийн цүнх таны аминд орж, нөхцөл байдлыг сайн тал руу нь эргүүлэх аж.
3
Хатаасан хоол хүнс
Мэдээж амьд гарахын төлөө тэмцэж, зугтаж яваа нөхцөлд хоол олж иднэ гэдэг бэрх даваа. Харин та бүхэн эртнээс бэлдэж хатаасан хоол хүнсийг цүнхэндээ хийсэн бол өлсөхийн зовлонгоос ангижирч, хүчээ сэлбэх юм. Эцсийн эцэст хамгийн сонор сэрэмжтэй, бүх зүйлсэд урьдаас бэлтгэдэг хүн л хожиж, амиа аварч үлдэж чаддаг гэдгийг та мэдэх үү?
4
Ус цэвэршүүлэгч
Зомби, аймшигт харь гарагынхан гараад ирвэл амьд гарах гэж зугтаж, гэрээсээ холдож, хэний ч мэдэхгүй газар очиж ч мэднэ. Харин тэндээс та балга ч атугай ус олж уух шаардлага гарах хэдий ч бохир ус ууж, бие эрхтнээ гэмтээвэл яана? Тиймээс танд ус цэвэршүүлэгч зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь амийг тань аврах чухал хэрэгсэл юм.
5
Нөөц хувцас
Яаралтай гэрээсээ дайжин зугтахаар болвол хамгийн түрүүнд хэд хэдэн хувцас баглаад авч явахыг бодоорой. Хэрэв боломжгүй бол цамцнуудаа давхарлаж, оймс, дотуур хувцас зэргийг халаасандаа хийж яагаад болохгүй гэж? Учир нь та цаашдаа ямар ч адал явдал, аймшигт зүйлстэй тулгарч болох тул эртнээс бэлдэж ядаж дулаан хувцаслаж, нөөцтэй байх хэрэгтэй. Энэ нь таныг дааруулахгүй төдийгүй ямартай ч бохир заваан байхаас сэргийлнэ.
6
Зэвсэг
Амиа хамгаалж үлдэхэд хамгийн том тус хүргэх зүйл бол зэр зэвсэг гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Хэрвээ та амь өрссөн тэмцэл дунд зэвсэггүй байх аваас хөлгүй далайд завьгүй орж байгаагаас өөрцгүй юм. Тиймээс мод, чулуу зэргийг ашиглаж, өөрийгөө хамгаалах зэвсэг бэлтгэх нь таны эрхэм үүрэг аж. Цаашлаад үүнийгээ ашиглаж амиа аврах бүрэн боломжтой билээ.
7
Архи, пиво
Бага зэргийн архи, пиво зэрэг нь эцсийн мөчид аминд орох нь бий. Даарч, бээрсэн үед эдгээр нь таныг дотроос халууцуулах бөгөөд урам зориг хайрлаж, тэмцэх хүч чадлыг бий болгодог юм. Үүнээс гадна архийг ашиглаж шарх, гэмтлийг ариутгаж, халдвар орохоос сэргийлдэх тул архи танд зайлшгүй хэрэгтэй болох нь гарцаагүй аж.
8
Мэдлэг, мэдээлэл
Тулгарсан аюулыг даван гарахын тулд танд асар их мэдлэг, туршлага байх ёстой. Туршлага байхгүй бол ядаж ном зохиол, киноноос суралцаж авсан багахан мэдлэг байх хэрэгтэй бөгөөд энэ нь таны амийг аврагч болохыг үгүйсгэхгүй.
9
Үүргэвч
Үүргэвч нь олон хэрэгтэй зүйлсийг агуулах тул аюул заналхийлсэн нөхцөлд хамгийн их хэрэг болох аж. Таны амь насыг аврах бүх л зүйлс үүнд хадгалагдах тул хэрхэвч мартаж болохгүй. Нэг ёсондоо аюултай байдал бий болвол хамгийн түрүүнд үүргэвчтэй цүнхээ авах ёстой гэсэн үг юм.
10
Газрын зураг
Аймшигт зомби, үхэлд хүргэх аюулаас зугтаж явсаар хэний ч мэдэхгүй газарт очих магадлал маш өндөр байдаг. Харин энэ үед газрын зураг хамгийн их хэрэгцээтэй зүйл болон хувирна гэдэгт итгээрэй. Энэ нь таны замыг зааж, аюулгүй газарт хүргэх гарц болох төдийгүй амь аврах ачтан болох нь ч бий.
11
Багаж хэрэгсэл
Үргэлж гарч болзошгүй аюултай нөхцөл байдалд бэлэн байх нь таныг урт удаан, эрүүл энх амьдрах нөхцлийг бүрдүүлдэг юм. Жишээлбэл хэдэн ширхэг багаж хэрэгсэл таны алтнаас үнэтэй амийг аврахыг үгүйсгэхгүй билээ. Машин тань эвдэрч зогссон тохиолдолд багаж шиг хэрэгтэй зүйл гэж үгүй бөгөөд үүнийг зэвсэг болгон ашиглаж ч болно.
12
Радио
Хотын төвөөс зайдуу, хол газар очиж нуугдсан тохиолдолд радио танд хэл дуулгаж, байдал ямар байгааг илтгэж өгөх юм. Энэ нь таны чих болж хэзээ гэртээ буцаж очихыг хэлэх бөгөөд гар утас, нөүтбүүкийн цэнэг нь дуусч, сүлжээгүй болж мэдэх тул радио хамгийн зөв сонголт байх аж.
13
Саван
Магадгүй та савангаар яах юм гэж бодож байж болно. Та хэдийгээр үхэлтэй тулалдаж, амьд гарах гэж тэмцэж байгаа ч гэсэн хогийн сав шиг үнэртэж, өөрт болон өрөөлд таагүй мэдрэмж төрүүлэхийг хүсэхгүй биз дээ. Тиймээс л саван танд хэрэг болж, ариун цэвэр байдлыг тань хадгалж, элдэв халдварт өвчин тусахаас сэргийлэх юм.
14
Дэвтэр
Хэрвээ та нэгэнт үхэлтэй нүүр тулж, гарах гарцгүй болсон бол танд цаас бал хэрэг болох аж. Цаас балыг ашиглаж та өөрийн гэрээслэлээ бичиж үлдээн, үр хүүхэд, найз нөхөд, гэр бүлийнхэндээ чин сэтгэлийн үгсээ дуулгах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна цаас нь маш олон зүйлсэд хэрэг болох тул цүнхэндээ хийчихсэн байхад гэмгүй.
15
Найз
Та ганцаараа явсаар амиа аварч, асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бүтэхгүй зүйл. Танд хамтрагчид, найз нөхөд хэрэгтэй бөгөөд бүгдээрээ нэгдэж, эвтэй байж чадвал давж гарахгүй асуудал гэж үгүй юм. Хамгийн гол нь нэгнээ хамгаалж, адилхан бодож сэтгэх нь чухал билээ.