1
Хайр гэж юу вэ?
"Хайр гэж юу вэ?" хэмээн аймхай бяцхан Пиглет, Пухээс асуухад "Хайрыг тодорхойлох боломжгүй. Үүнийг зөвхөн мэдрэх боломжтой. Хэрвээ чи хэн нэгэнд хайртай болбол юунаас ч айхгүй эрэлхэг, юу ч хийхэд бэлэн болно" гэж хэлдэг. Энэ нь бидэнд хайр гэгч ямар чухал, эрхэм нандин зүйл болохыг бага ч атугай тайлбарлаж өгсөн билээ.
2
Өөрийгөө бүү дутуу үнэл
Үргэлж гутарч, гуниглаж явдаг Илжигт хандаж "Чи бодож байгаагаасаа илүү зоригтой, харагдаж байгаагаасаа илүү хүчирхэг, итгэж байгаагаасаа илүү ухаалаг. Тиймээс хэзээ ч бүү өөрийгөө дутуу үнэл. Өөртөө итгэлтэй байдал бол чамайг чимэх хамгийн тансаг, үнэт эрдэнэ юм шүү" хэмээн Пиглет хэлдэг билээ. Энэ нь олон хүнд ухаарал хайрлаж, өөртөө итгэх байдлыг нь нэмэгдүүлсэн болов уу.
3
Зүрх сэтгэлд үүрд мөнх
Тус кинонд маш олон нэгийг бодогдуулах хэсэг гардаг. Тэд салан одож байгаа найздаа "Хэдийгээр бид хамт байж чадахгүй ч гэсэн зүрх сэтгэлд чинь үргэлж хамтдаа гэдгийг санаж яваарай. Хол зай найз нөхдийн харилцааг үгүй хийдэг гэдэг ч чин зүрхний найзуудыг юу ч салгаж чадахгүй" хэмээдэг. Энэхүү кино нь нөхөрлөл гэдэг ямар үнэтэй зүйл болохыг олон дахин батлан харуулж байсан юм.
4
Аз жаргалыг мэдрэх
"Аз жаргалыг олох гэж хүнд хэцүү зам туулж, том зүйлийн тухай бодох шаардлагагүй. Жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч болдог юм. Пух чи зөгийн бал идээд л аз жаргалтай болдог биздээ. Энэ чинь л бидний хайгаад байгаа зүйл юм шүү дээ" хэмээн ухаалаг Кристофер бяцхан найзууддаа зөвлөдөг аж.
5
Чи байхгүй бол амьдрал утгагүй
Пух бол найзуудынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй гэнэн атлаа дэндүү өхөөрдөм дүр билээ. Түүний хувьд найзууд нь амьдралынх нь утга учир бөгөөд "Та нар байхгүй бол амьдрал утгагүй" гэж хэлсэн нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж байсан нь лавтай.
6
Бүү ялгаварла
"Хортой ургамал ч гэсэн хөрснөөс ургаж буй цэцэг. Тэднийг хооронд нь хэзээ ч бүү ялгаварлаж байгаарай" гэх ухаалаг үг нь таны сэтгэлд ямар нэгэн зүйлийг мэдрүүлж чадсан уу? Сүүлийн үед хүмүүс өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхнээр нь нэг нэгнээ дүгнэж, ялгаварлан харьцах болсон бөгөөд энэ бүхнийг эртнээс сэрэмжлүүлж, Пух тус үгийг хэлж байсан болов уу гэлтэй.
7
Тусч байдал
Тус хүүхэлдэйн кино нь нэг нэгэндээ харамгүй сэтгэлээр тус хүргэж, өөрөөсөө илүүтэй өрөөлд туслаж байх ёстой гэх бодлыг хүн бүрийн тархинд суулгахыг зорьсон байдаг. Зовж зүдэрсэн, асуудал тулгарсан найзыгаа тэд аврах гэж бүхнээ зориулах нь нэгийг бодогдуулна.
8
Хүлээж суухын оронд өөрөө тэмц
Аливаа зүйлсийг болно, бүтнэ хэмээн хүлээж суухын оронд өөрөө тэмц, зүтгэ гэх ухаарлыг хайрлах маш олон хэсэг тус хүүхэлдэйн кинонд гардаг. Үүнийг энгийн бөгөөд хялбархан аргаар илэрхийлж өгсөн байдаг төдийгүй Пух, туулай найзыгаа ирэхийг хүлээж суухын оронд өөрөө зорьж, хайж эрэхээр шийдэж байгаа зэргээс нь олон зүйлийг ухаарч болох аж.
9
Сэтгэл гаргах
Бусдад багахан сэтгэл гаргах төдийд л бүх зүйлс сайхан болж, найз нөхөрлөл, халуун дулаан уур амьсгал бүрддэг. Үргэлж уурлаж, бухимддаг туулайгаас зугтаж айхын оронд Пух сэтгэлээ илэрхийлж, түүнд анхаарал тавьснаар найзуудын харилцаа хэвийн болж, улам бэхждэг билээ. Үүнээс бид бусдад багахан санаа тавьж, буулт хийхэд л бүх зүйл буцаад хэвэндээ орно гэдгийг ойлгож авах хэрэгтэй.
10
Хайрын хүч
Кристофер хичнээн их ядарч, гуниж гутарч байсан ч найзуудыгаа хараад л бүх асуудлаа мартаж, аз жаргалыг мэдэрч, нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг. Энэ нь найзуудын үнэ цэнэ, хайр гэдэг ямар гайхалтай зүйл болохыг ахин дахин харуулж, бидэнд мэдрүүлсэн юм.
11
Чи надад бүхнээс илүү
Зөгийн балыг амьдралынхаа утга учир болгосон Пух хамгийн сайн найз болох Пиглетэд хандаж "Чамгүй өнгөрүүлэх нэг өдөр яг л зөгийн бал идэхгүй 100 жил болж байгаатай ижил санагддаг" хэмээдэг. Түүний хэлсэн ганц өгүүлбэрээс маш олон эерэг зүйлсийг харж болох төдийгүй хайр хүрч, найзуудыгаа санагалзахад хүргэнэ.
12
Хайр бол бууж өгөхийн нэр
Бусдыг хайрлана гэдэг тэдний төлөө бууж өгч, буулт хийхийг хэлнэ. Өөрөөсөө илүүтэй өрөөлийг бодож, хүссэн бүхнээсээ татгалзахын нэр гэлтэй. Пух найзуудынхаа төлөө олон ч удаа хамгийн дуртай зөгийн балнаасаа хүртэл татгалзаж байсан билээ.
13
Чи бол миний аз жаргал
"Найзтайгаа өнгөрүүлсэн өдөр миний хувьд хамгийн гайхалтай, жаргалтай өдөр байдаг" хэмээн өхөөрдөм, хөөрхөн Пух хэлдэг. Магадгүй энэ мэтчилэн найз нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан хэсгүүд "Winnie the Pooh" кинонд маш олон гардаг ч гэсэн Пухийн хэлдэг тус хэсэг нь хүн бүрийн сэтгэлд тодоос тод бичигдэн үлдсэн байдаг.
14
Баяртай гэж хэлэх дэндүү хэцүү
Найзууд олон удаа муудалцаж, нэг нэгэндээ гомдож, харилцаагаа таслахаар шийдэж байсан. Гэвч тэдний олон жилийн нөхөрлөл ямар үнэ цэнэтэй байсныг ухаарч эцэс сүүлд нь буулт хийдэг бөгөөд энэ нь харилцаагаа таслана гэдэг тийм амар зүйл биш бөгөөд сална гэдэг амархан байж болох ч буцаад нийлнэ гэдэг маш хэцүү гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьсон байдагтай холбоотой юм.
15
Ааш занг амьтдаар төлөөлүүлсэн
Хүмүүсийн зан төрхийг амьтан бүрээр төлөөлүүлэн үзүүлж, тэдний сайн тал болоод сул талуудыг харуулан, хүмүүст сургамж хайрладаг билээ. Жишээлбэл айдсыг тоорой, түргэн уур хилэнг туулай, хөгжилтэй зан чанарыг бар, сониуч байдлыг бяцхан имж, мэргэн төрхийг шар шувуу, уйтгар гунигийг илжиг, энэрэнгүй байдлыг имжийн ээж, жинхэнэ нөхөрлөлийг баавгайгаар төлөөлүүлсэн байна.