Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ?

Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаарах аж. Иймд нийт эцэг эхчүүд ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж тус мэдээллийг бэлтгэлээ.

Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ?

1 Хүүхдээ хайрлах

Хайраар тэтгэгдэж, бусдын халамжинд өссөн хүн эелдэг даруу, зөөлөн цагаахан сэтгэлтэй болж төлөвшдөг бөгөөд эерэг хандлагатай, бусдад сайхан энергийг түгээж чаддаг гэдгээрээ маш том давуу талтай болж байгаа юм. Та хүүхдээ багаас нь хайр халамжаар дутаалгүй, тэдэнд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй төдийгүй амьдрал хайр, итгэл дээр тогтдог гэдгийг үг болон үйлдлээрээ харуулж байх хэрэгтэй. 

Хүүхдээ хайрлах

2 Магтаж, урамшуулах

Ямар нэгэн зөв зүйтэй, бусдад тустай үйлдэл хийсэн тохиолдолд үргэлж хүүхдээ магтаж, урмын үгс хайрлаж байгаарай. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг болохоор багахан амжилт байсан ч марталгүй сайшааж, бахархам нэгэн болж байгаа гэдгийг нь сануулж байх нь сайн эцэг эхийн шинж билээ. 

Магтаж, урамшуулах

3 Бусадтай бүү харьцуул

Хэн нэгэнтэй, ялангуяа нас ойролцоо хамаатны хүүхдүүдтэй нь хэзээ ч харьцуулж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй бусадтай хүүхдээ харьцуулж, зэмлэж яагаад тэдэн шиг мундаг байж чадахгүй байгаа юм хэмээн бухимдах нь бий. Гэвч энэ нь хүүхдүүдэд хүндээр тусдаг бөгөөд арчаагүй амьтан мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. 

Бусадтай бүү харьцуул

4 Хүүхдээ сонсох

Та хүүхэддээ зааж зааварлаж, сургаж хүмүүжүүлдэгтэйгээ адил тэдний үзэл бодол, санаа сэтгэгдлийг ч мөн сонсож байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрийн гэсэн бодолгүй, бусдын сүүдэрт нуугдсан хэн ч биш болгох гол үндэс суурь нь болдог аж. Иймд та аль болох хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, өөрийн бодлоо бусдад илэрхийлэх чадвартай болгох тал дээр анхаарлаа хандуулаарай. 

Хүүхдээ сонсох

5 Хүүхэддээ цаг гарга

Та хичнээн ажил ихтэй, завгүй байсан хэдий ч амьдралын утга учир болсон үр хүүхэддээ цаг зав гаргаж, анхаарлаа хандуулж байх ёстой. Хүүхэд хайр халамж, анхаарал нэхэж орчлонд ирдэг тул тэднийг хараа хяналтгүй орхиж, ганцаардахад хүргэж хэрхэвч болохгүй.  

Хүүхэддээ цаг гарга

6 Чухал мөчүүдэд үргэлж хажууд нь бай

Хүнд хэцүү, жаргалтай гэхчлэн ямар ч үед хүүхдийнхээ дэргэд байж, унахад нь түшиж, урагшлахад нь түлхэж өгөх нь ээж аавуудын эрхэм үүрэг билээ. Үүргээ биелүүлж, хүүхэд насны нандин дурсамжийг нь бүтээлцсэн эцэг эхийг хамгийн гайхалтай, сайн аав ээж хэмээн дүгнэдэг аж. 

Чухал мөчүүдэд үргэлж хажууд нь бай

7 Үүргийг нь ойлгуул

Хүүхдэд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх нь тэднийг биеэ даасан болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь тэдэнд эрх үүргийг нь ухамсарлуулж, багаас нь сургаснаар ирээдүйг нь гэрэлтэй, амжилт бүтээлээр арвин байхад туслана. Зөвхөн эрхийг нь эдлүүлэх нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрийгөө л гэх хандлагатай болгож өөрчилдөг юм. 

Үүргийг нь ойлгуул

8 Тууштай бай

Хэрэв хүүхэд тань буруу зүйл хийж, та түүнийг зэмлэсэн бол өөрийн бодол, хэлсэн үгэндээ тууштай байж, бууж өгөх хэрэггүй. Хичнээн хүүхэд тань уйлж байсан ч бууж өгч, аргадаж болохгүй бөгөөд энэ нь тэдэнд буруу үйлдэл хийж болно, яах ч үгүй юм байна гэх бодлыг төрүүлдэг. Тиймээс загнасан бол тэр үзлээ хүндэтгэж, аргадах хэрэггүй, эвээр хэлж ойлгуулсан бол загнаж бухимдах шаардлаггүй юм. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрийн үзэл бодолдоо тууштай байх хэрэгтэй аж. 

Тууштай бай

9 Нэг үзэл бодолтой бай

Ээж нь хүүхдээ зэмлэж байхад аав нь өмөөрч хэрхэвч болохгүй. Энэ нь хүүхдэд буруу зуршлыг суулгах талтай байдаг. Иймд ээж нь хүүхдээ загнаж, буруутгаж байсан ч аав нь чимээгүй байх хэрэгтэй. Үнэхээр тэвчихийн аргагүй бол та хүүхдээсээ холдож, нэг нэгэндээ зөвлөж болно. 

Нэг үзэл бодолтой бай

10 Хүүхдээ биш, гаргасан зан авирыг нь буруутга

Хүүхэд тань буруу зүйл хийсэн бол түүнийг зэмлэх биш гаргасан ааш авир, хийсэн үйлдлийг нь буруутгаж байгаарай. Байнга хүүхдийг зэмлэж, чичлэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, ирээдүйд аливаа шинэ зүйлсийг туршиж үзэхээс эмээдэг хулчгар зантай нэгэн болгохыг үгүйсгэхгүй.

Хүүхдээ биш, гаргасан зан авирыг нь буруутга

11 Нийгэмд хөлөө олоход туслах

Бусадтай харилцах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй хүүхдүүд маш элбэг байдаг. Тэдний энэ байдал нь ирээдүйд өөртөө итгэлгүй, бүрэг нэгэн болгох аюултай байдаг юм. Иймд та хүүхдээ дээрх байдалд хүргэхгүйн тулд багаас нь нийгмийн амьдралд идэвхтэй байлгаж, бусадтай чөлөөтэй харьцаж, өөрийн бодлыг илэрхийлэх чадвартай болгох хэрэгтэй. Ингэхдээ олон нийтийн үйл ажиллагаанд хүүхэдтэйгээ хамт оролцож, хүүхдээ дугуйланд явуулж олон найзтай, нээлттэй нэгэн болгохыг зориорой.

Нийгэмд хөлөө олоход туслах

12 Зөв үлгэр дууриалал үзүүлэх

Эцэг эхийн гол үүрэг нь үр хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэх билээ. Үргэлж хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлаар өөрийгөө чимж, үр хүүхэддээ дууриалал болж яваарай. Хийж байгаа үйлдэл, шийдвэр бүрээ хүүхдийнхээ төлөө гэж бодож байх хэрэгтэй юм. 

Зөв үлгэр дууриалал үзүүлэх

13 Хувийн орон зайг нь хүндэтгэ

Хүүхдэд ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байдаг тул хийж байгаа үйлдэл бүрийг нь зааж зааварлах гэсний хэрэггүй. Заримдаа ганцааранг нь үлдээж, хүслээр нь байлгаж байгаарай. Энэ нь та хүүхэддээ хэчнээн их итгэдэг болохыг харуулж байгаа хэрэг юм. 

Хувийн орон зайг нь хүндэтгэ

14 Эрүүл зөв амьдралын хэвшилд сурга

Та хүүхдээ багаас нь амьдралын зөв хэвшилд суралцуулснаар ирээдүйд бие эрхтэн төдийгүй сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг нэгэн болох аж. Иймд та хүүхэддээ эрүүл зөв амьдралыг бага багаар хэвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэт шаардах нь эсрэгээрээ тэднийг бухимдалтай болгож мэдэх тул шууд үзэл бодлоо тулгах бус өөрийн хүсэл сонирхолд нь нийцүүлэхийг хичээгээрэй. 

Эрүүл зөв амьдралын хэвшилд сурга

15 Хамгийн шилдэг байхыг бүү шаард

Хүүхдэд хэт шаардлага тавьж, өндөр зорилгод хүргэх гэж зүтгэх нь тэднийг нийгмийн амьдралд идэвхигүй, хичээлээс өөр зүйлийг мэдэхгүй болгож өөрчилдөг. Тиймээс хүүхдээ хэт шахаж, шаардах гэсний хэрэггүй. Алдаа гаргасан ч загнаж, зэмлэх биш үүнээс суралцаж авах зүйлийг нь хэлж өгөн, цаашид гаргасан алдаагаа дахин олон удаа бүү давтаарай гэж ойлгуулах нь чухал юм. Хамгийн гол нь та хүүхэддээ өөрөөсөө илүү итгэж байх хэрэгтэй. 

Хамгийн шилдэг байхыг бүү шаард

Танд таалагдсан бол бусаддаа энэ мэдээллийг дамжуулаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()