Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач ?
Намайг Эрдэнэбатхааны Энхмөнх гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуулийн 1-р курсэд суралцдаг. Хичээлийн бус цагаар Монголын оюун ухааны академид Ой тогтоолтын спортоор хичээллэдэг. Мөн Ухаанаараа Уралдъя-3 хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр амжилладаг.
Монгол Улсаа төлөөлж ОЮУН УХААНЫ ОЛИМПД оролцох гэж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцаач ?
Ой тогтоолтын спортоор 3 жил хичээллэх хугацаанд Монгол Улсаа төлөөлж анх удаа Дэлхийн оюуны олимпд оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ нь хүн төрөлхтний спортын их наадам болох Олимптой адилаар 4 жил нэг удаа болдог Хүн төрөлхтний оюун ухааны олимп юм. Тийм ч учраас ой тогтоолтын спортоор хичээллэдэг хүмүүсийн хүсэл эрмэлзлийг нь өдөөж сэтгэл догдлуулсан том тэмцээн.
Оюун ухааны Олимпын талаар манай уншигчдад танилцуулаач. Зарим уншигч сайн мэдэхгүй байх ?
Энэ удаагийн олимп нь ОЙ ТОГТООЛТ болон ЦЭЭЖ БОДОЛТ хосолсон төрлөөр явагдах гэж байна. Монгол Улсын хувьд хоёр дахь удаагаа энэ олимпд оролцох гэж байгаа юм. Энэ жилийн олимпд 40 гаруй улс оролцож байна. 2012 оны олимп Турк улсад зохиогдож байсан бол энэ удаад АНУ-ын Лас Вегас хотод болно. Манай улсын баг бүрэлдэхүүнд 16 тамирчин 2 дасгалжуулагч багш явахаар бүх бэлтгэлээ хангасан. Хоёр багш маань тамирчдаа дасгалжуулахын хажуугаар зарим төрөлд оролцоно. Бусад оюун ухааны олон улсын тэмцээнд насны ангилал нь 3-4 байдаг бол Оюун ухааны олимп хоёр насны ангилалтай байдгаараа маш онцлог. Энэ хэрээрээ чансаа өндөр тамирчид оролцож өрсөлдөөн их болно гэсэн үг л дээ.
Оюун ухааны олимп 13 наснаас дээш болон доош гэсэн хоёрхон насны ангилалтай. Ингэснээр 13 настай тамирчин 30, 40 настай олон арван жил энэ спортоор хичээллэсэн хүмүүстэй өрсөлдөн гэж бодохоор маш их өрсөлдөөн гарч хамгийн шилдэг тархитай нь тодрох юм.
Оюун ухааны олимпын төрлийн талаар тодорхой тайлбарлаач ?
Ой тогтоолт, цээж бодолт гэж үндсэн хоёр төрөлд хуваагддаг. Бага насны ангиллын тамирчид цээж бодолтын төрөлд ихэвчлэн оролцдог. Харин дунд нас болон насанд хүрэгчид ой тогтоолтын төрөлд түлхүү оролцдог байгаа. Ой тогтоолтын төрөл нь дотроо стандарт 10 төрөлтэй. Энэ нь улсын болон олон улсын тэмцээн бүрээс хамааран цээжлэх хугацаа, өгөгдлийн тоо нь нэмэгдээд явдаг. Тухайлбал Улсын аваргад 15 минутын хугацаанд санамсаргүй байдлаар өгөгдсөн 0-9 хүртэлх мянган цифр цээжилдэг бол Дэлхийн аваргын тэмцээнд 60 минутын хугацаанд дөрвөн мянган цифрийг дарааллын дагуу цээжилдэг. Тамирчин ой тогтоолтын 10 төрөлд оролцож оноо цуглуулан эцсийн мөчид хамгийн их оноо цуглуулсан нь Аварга болдог.
Таны хувийн рекорд оноо хэд вэ ?
Ой тогтоолтын төрөлд 5 минутын хурдны хөзөр гэж төрөл бий. Энэ төрөлд би 52 ширхэг хөзрийг 28.032 секундэд дарааллын дагуу цээжилж 23 дахь удаагийн Оюун ухааны дэлхийн аваргад тэргүүн байр эзэлсэн юм. Тухайн үед тэмцээн шүүж байсан эрдэмтэд 30 секундээс доош хугацаанд 52 хөзөр цээжлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байсан санагддаг.
Би 2014 онд Өсвөрийн дэлхийн аварга, 2015 оны Өсвөрийн дэлхийн аваргын дэд аварга болж байсан. Мөн Монголын хамгийн залуу Олон улсын их мастер цол эзэмшигч хоёр хүүхдийн нэг нь би. Миний өмнө 1999 оны н.Пүрэвжав гэж хүү бий.
Таны хувьд Юнител группийн Ухаанаараа Уралдъя-3 хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ талаараа яриач ?
Оюутан сурагчдын оюун ухааныг сорьж тэднийг хичээл номондоо амжилт гаргахад нь түлхэц болох Ухаанаараа Уралдъя хөтөлбөрийг би маш их дэмждэг. Надад энэ хөтөлбөрийн 3 дахь аяны элчээр ажиллаач гэх санал тавихад нь би ихэд баярлан хүлээж авсан. Учир нь өөрөө Оюун ухааны спортоор хичээллээд зогсохгүй Ухаанаараа Уралдая-3 хөтөлбөрөөр дамжуулан үеийн залуусаа Оюун ухааны спортоор хичээллэх сэдэл төрүүлж чадна гэж би харсан.
Үүний хүрээнд Ухаанаараа Уралдъя-3 хөтөлбөрт оюутан сурагчдын оролцоог нэмэгдүүлэхээр Юнител группийн ах, эгч нартайгаа гар нийлэн ажиллаж зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутгийн сурагчдийг энэ хөтөлбөрт хамруулахыг зорьсон. Зорилгоо амжилттай биелүүлж Ухаанаараа Уралдъя-3 хөтөлбөр маань энэ сарын 3-нд дүнгээ гаргаж аваргуудаа тодруулсан.
Эцэст нь хэлэхэд Ухаанаараа Уралдъя-3 хөтөлбөрийн элчээр ажилласан нь “Дэлхийн оюун ухааны олимп”-д оролцоход нэлээдгүй хувь нэмэр болсон гэж би боддог шүү.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.