10
Ижил хүйстний гэрлэлт
2016 оныг хүртэлх хугацаанд ижил хүйстэй хүмүүсийн эрх ашиг асар ихээр зөрчигдөж байгаа тухай энд тэндгүй ярьж байсан бөгөөд дэлхийн дийлэнх улс орнуудад ижил хүйстэй хүмүүсийг хоорондоо гэр бүл болох явдлыг хуулиараа хориглож байсан юм. Тэгвэл АНУ, Франц, Дани, Их Британи, Исланд, Канад болон Норвеги зэрэг улсуудад зөвшөөрдөг болсон билээ. Энэ үйл явдлыг хүний эрх, эрх чөлөө дээдэлсэн явдал боллоо хэмээн үзэх хүмүүс байгаа бол утгагүй зүйл гэж үзэх хүмүүс ч бас байгаа юм.
9
Цагаачлал
Улс орноосоо дүрвэж, харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн зураг нэг хэсэг интернет орчинд шуугиан тариад байсан юм. Аюултай нөхцөл байдал үүсээд байгаа Сири улсаас дүрвэж буй хүмүүсийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн мянгаар тоологдох болсон бөгөөд яах аргагүй дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлын нэг болоод байгаа билээ. Цагаачлалын асуудалд харьцангуй уян хатан ханддаг Турк болон Канад улсууд руу цагаачлах хүсэлтэй байгаа хүмүүс олон байгааг эх сурвалжууд мэдээллэсэн.
8
Террорист халдлага
2001.09.11-ний өдөр АНУ-ын ихэр цамхаг сүйрч, олон хүнд уй гашуу авчирснаас хойш дэлхий нийт өнөөдрийг хүртэл алан хядагчидтай тэмцсээр ирсэн нь нууц биш юм. Исламын бүлэглэлүүдийн зохион байгуулж буй гэмт халдлагуудын хор уршгаар олон сая гэм зэмгүй хүмүүс амь насаа алдсаар байгаа бөгөөд Сири, Ирак, Палестин зэрэг улс орнуудад нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа террористуудын эсрэг АНУ тэргүүтэй их гүрнүүд болон НАТО, НҮБ-ийн энхийг сахиулагчид хүчтэй тэмцэл цаашид өрнүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юмсанж.
7
"Brexit"
"Brexit" буюу Их Британи улсын Европийн холбоо (ЕХ)-оос гарах болсон тухай мэдээлэл энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал байлаа. 2012 онд энэ талаар Их Британичууд судлаж эхэлсэн хэдий ч, дэмжих хүн төдийлөн байгаагүй юм. Харин 2016 оны 2 дугаар сард ард иргэдийнхээ дунд явуулсан санал асуулгаар 52% нь "ЕX"-оос гарахыг дэмжиж, нөхцөл байдлыг ойлгомжтой болгосон аж. Одоогийн байдлаар Их Британийн зүгээс албан ёсоор "ЕХ"-оос гарах болсон тухайгаа мэдэгдсэн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд дэлхийн нэр нөлөө бүхий томоохон эдийн засагчид болон судлаач, шинжээчид тэднийг удахгүй "ЕХ"-г орхих болсноо зарлана гэж таамаглаад байгаа юм. Хэрвээ тэд энэ шийдвэрийг гаргавал Европийн холбооны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ гэх асуулт хэвээр байсаар...
6
Гэмт хэрэг
Тэртээх 1996 онд нэгэн этгээд Австрали улсад гал нээж, 35 хүнийг бурхны оронд илгээж, 19 хүнийг хүнд бэртээж, гэмтээсэн аймшигт хэрэг гарч байсан билээ. Уг хэрэг явдлаас үүдэж, дэлхийн олон улс орон гэмт хэрэгтэй өндөр түвшинд тэмцэж эхэлсэн бөгөөд хууль дүрмийг хүртэл нэлээн чангатгасан байдаг. Гэвч 2016 онд гарсан гэмт хэргийн тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хамаагүй их байсан нь олон улс орнуудад аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа ажээ.
5
Хятадын цэрэг армийн сүр хүч
Манай урд хөрш болох БНХАУ нь сүүлийн жилүүдэд олон салбарт тэргүүлэгчийн байр суурийг эзлэх хандлага ажиглагдах болсон бөгөөд эдийн засгийн өсөлтөөрөө АНУ-ыг давж гарахад тун ойртсон талаар эх сурвалжууд мэдээллэх болсон билээ. Тэр ч бүү хэл зарим эх сурвалжуудад эдийн засгийн өсөлтийн хувьд аль хэдийн Америкийг гүйцсэн гэж бичиж эхэлсэн нь нууц биш юм. Харин Хятадууд энэ жил дэлхий нийтэд өөр нэгэн салбарт цахиур хагалан гарч ирж байгаа гэдгээ батлан харуулсан нь цэрэг армийн дэвшингүй хөгжил байсан юм. Цэрэг, дайны зориулалттай нисэх онгоцууд, танк, пуужин эсэргүүцэгч болон төрөл бүрийн автомат буунуудыг олон нийтэд сүр дуулиантайгаар танилцуулсан ажээ. Энэ нь олон улс орнуудад нөхөрсөг зөвлөгөө өгч байгаа хэрэг гэж судлаачид үзэхэд хүргээд байгаа юм.
4
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
Дөнгөж өчигдөрхөн АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн билээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Гэри Жонсон (Gary Johnson), Жилл Стайн (Jill Stein), Хиллари Клинтон (Hillary Clinton) болон Дональд Трамп (Donald Trump) нар өрсөлдөж, Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн Дональд Трамп үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Түүний хувьд 1946.06.14-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн бөгөөд өдгөө 70 настай эрхэм аж. Үл хөдлөхийн бизнесээр дэлхийн томоохон тэрбумтнуудын нэг болсон тэрээр 3.7 тэрбум долларын эд хөрөнгөтэй гэнэ.
3
Ойрх Дорнодын хурцадмал байдал
Ирак болон Сири, Палестин зэрэг улс орнуудын иргэний дайн өнөөдрийг хүртэл намжилгүй, үргэлжилсээр байгаад бөгөөд яах аргагүй дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. Тэр ч үүднээсээ энхийг сахиулах үйлсэд олон мянган эрэлхэг залуус алба хааж байгаа бөгөөд өдөр шөнөгүй бөмбөг дэлбэрч, бууны чимээ сонсдож, энд тэндгүй хүмүүсийн зовлон шаналалдаа тарчлан орилох чимээ олон хүнд айдас төрүүлж байгаа нь ойлгомжтой биз ээ. Харин хэзээ энэ бүхэн үгүйболж, энх тайвны замаар асуудлыг шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байсаар...
2
Дэлхийн дулаарал
Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур нэмэгдэх болсон бөгөөд "Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо" XX зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ нь ирээдүйд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийг хэр багасгахаас хамааран температурын өсөлтийн дээд, доод хязгаар нь тодорхойлогдох юм байна. Хэдийгээр ихэнхи судалгаа 2100 оныг хүртэлх өөрчлөлтийг голчлон анхаарч байгаа боловч, ирэх мянган жилд агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад дэлхийн дулаарал, далайн усны төвшин ихэссээр байна гэж таамаглаж байна
1
АНУ-ын нөхцөл байдал
Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөснөөр Америкчуудын гадаад болон дотоод бодлого ямархуу чиг шугмыг баримтлахыг олон улс орнууд чих тавин хүлээж байгаа нь гарцаагүй биз ээ. 45 дахь ерөнхийлөгч болсон Дональд Трамп хэрвээ би ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд хийх болно хэмээн хэд хэдэн чухал сэдвүүдээр олон нийтэд мэдэгдэл хийгээд байсан бөгөөд түүнийг ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө дараа хэлсэн зүйлсээ эхнээс нь хэрэгжүүлж эхлэнэ хэмээн судлаачид үзэж байгаа аж. Үүнд цагаачлал, худалдаа арилжаа, эдийн засгийн асуудлууд хөндөгдсөнөөс гадна экс ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) болон өнгөт арьстнуудтай холбоотой ноцтой асуудлууд ч яригдаж байгаа юм.
Та эдгээрээс аль үйл явдлыг онцлох вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.