БЕНЗИН ДЭЭР ДИЗЕЛЬ ТҮЛШ НЭМСЭН ТОХИОЛДОЛД
- БАГА зэрэг - Хэрвээ та бензин дээр бага хэмжээний дизель нэмж хийсэн бол тэр дор нь өндөр октантай бензинээр банкаа дүүргэж дизелийн хольцыг багасгаарай. Энэ нь банк авч тайлах, инжектор авч тайлах зэрэг засварын зардалгүйгээр цаг хугацаа алдахгүй, мотор хэвийн ажиллана.
- ДУНД зэрэг - Хэрвээ та 10 л бензин дээр 10 л дизель нэмсэн бол машин хааз авахгүй болох, дүлэгнэх, утаа хаях зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь моторын ажиллагаанд хортой нөлөө үзүүлэхгүй ч банкин дах холилдсон шатахууныг султгаад шинээр бензин хийгээрэй. Ингэснээр моторын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх нь бага.
- ИХ зэрэг - Бага хэмжээний бензин дээр их хэмжээний дизель түлш нэмсэн бол машин асахгүй байх, явдал дундаа унтрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үед банкаа султгаж, бензин тунгаагуурыг солих, форсунк түлшний систем цэвэрлэгч бодис хэрэглээд цаашид хөдөлгүүрийг ашиглаж болно.
ДИЗЕЛЬ ДЭЭР БЕНЗИН НЭМСЭН ТОХИОЛДОЛД
- Дизель мотор дээр бензин тэсрэхээрээ маш их хэмжээний дулаан ялгаруулдаг. Ингэснээр поршин хайлах, клапан сорогдох зэрэг шууд эвдрэлд хүргэнэ. Их бага хэмжээтэй гэлтгүй мэдсэн тохиолдолд машинаа шууд унтрааж банкаа авч түлшийг асгах, түлшний шүүрийг солиорой. Үүний дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлж болно.
САЛОНД ЯАГААД БЕНЗИН ҮНЭРТДЭГ ВЭ?
Машины салон нь гадны дуу, моторын дуу чимээ, утааны үнэр зэргийг салонд оруулахгүй, тав тух алдагдуулахгүй битүүмжлэгдсэн байдаг. Хэрвээ та машинаа жолоодож явахад бензин үнэртэж байвал шалгах нь зүйтэй. Гэхдээ ямар нөхцөлд вэ? гэдгийг хэд хэдэн удаа ажиглах хэрэгтэй. Ялангуяа өвлийн нөхцөлд удаан нормалдаж зогсоход анзаарагдах нь элбэг.
- Өглөө асаах бүрт үнэртээд өдөр нь байхгүй болж байвал яндангаас гарсан бензиний үнэр үнэртэж байх боломжтой. Энэ бол эвдрэл биш бөгөөд хэвийн. Яагаад үнэртдэг вэ гэхээр машин асаах үеийн бензин цацах хэмжээ халсан үеийнхээс илүү байдаг учиртай.
- Харин жолоодлого хийж байхад байнга үнэртэж байвал энэ нь ноцтой бөгөөд аюултай гэмтэл байж болно. Энэ нь бензиний түрүүп, форсунк, форсункны сальнук, бензин шүүр, буцахын шланк, бензин насосны таг дутуу таглагдах, банкаа доороосоо цохиж цуулсан зэргээс болдог. Шалгахын тулд дээрх эд ангиудыг шалгах ба гоожсон бол норсон ул мөр нь харагддаг.
- Дээрх эвдрэлээс ихэвчлэн форсункны жийргүүд муудаж, сэтрэх, засвар үйлчилгээний дараа гэмтэл авах зэргээс болдог.
Эх сурвалж: www.cardoctor.mn