1
Цахим сүлжээнээс хөндийрүүлэх
Сүүлийн үед хүүхэд залуус цахим сүлжээнд донтож, хийсвэр ертөнцөд амьдрах болоод байна. Энэ нь амьд харилцааг үгүй хийж, нийгэмд байр сууриа олж чадахгүй, хичээл сургуульдаа ч амжилт гаргахгүй ухаан хомс, сул дорой нэгнийг бий болгодог юм. Хэрвээ та үнэхээр хүүхдэдээ баян, хүчирхэг, амжилттай нэгэн болгохыг хүсч байвал цахим сүлжээнд нэвтэрч, олон цагаар зурагт үзэхийг нь хориглох хэрэгтэй. Ингэхдээ өдөрт 1 цаг цахим сүлжээгээр аялах, 2 цаг зурагт үзэх боломжыг олгож, үлдсэн цагуудад нь хичээллэх, өөрийгөө нээн илрүүлэхэд нь зарцуулаарай.
2
Өдөрт 30 минут дасгал хийлгэ
Хүүхдийн биеийн өсөлт хөгжил сайн байснаар аливаад хичээл зүтгэлтэй, сэргэлэн цовоо хандах болно. Цаг ямагт хичээл хийлгэж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлж байна гээд хүүхдийг хэт их хүчлэх нь харин ч буруу алхам болж мэднэ. Иймд та 30-40 минут зарцуулж хүүхдээ дасгал хийлгэх эсвэл салхинд авч гаран тоглуулах хэрэгтэй юм.
3
Ирээдүйн зорилгын талаар эссэ бичүүлэх
Таны хүүхэд ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг тухай эссэ, зохион бичлэг бичүүлээрэй. Үүнээс та хүүхдийнхээ хүсэл сонирхлыг мэдэж, цаашид юу хийх ёстойгоо сайн ойлгож авах болно. Хамгийн гол нь хүүхдийнхээ дуртай зүйлийг хийлгэх нь амжилт дагуулах бөгөөд хүчилж, шахна гэдэг байж боломгүй зүйл юм.
4
Хийх зүйлсийн жагсаалт гарга
Багаас нь хүүхдийг нягт нямбай болгож хүмүүжүүлэх нь ирээдүйд нь хийж байгаа маш том хөрөнгө оруулалт болно. Бүх зүйлсийг төлөвлөж, ирээдүйд хийх ёстой зүйлсээ, гаргах амжилтаа цэгцтэй бичиж нааснаар өөртөө зорилго тавьж, өөрийгөө дайчлахад нь дөхөм байдаг аж.
5
Ажил хийлгэх
Хичээлээс өөр юу ч мэдэхгүй хүүхдүүд ирээдүйд хүчирхэг, баян нэгэн болно гэдэг бүтэшгүй зүйл. Тэд амьдралыг зөвхөн хичээл, тоогоор төсөөлж явсаар алдаа гаргаж, шантрах нь элбэг байдаг. Иймд та хүүхдээ долоо хоногт 10 цаг ажил хийлгэж, амьдралын хатуу хүтүүг биеэр нь үзүүлэх хэрэгтэй. Амьдрал үзсэн хүн хэзээ ч жижиг зүйлсэд сөхөрдөггүй төдийгүй сэтгэлийн хаттай, чадварлаг нэгэн болж төлөвшдөг юм. Гэхдээ та үүнийг хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж буй буруу хэрэг гэж үзэж байвал зуны амралтаар нь хөдөө явуулж, эмээ өвөөд нь туслуулах эсвэл хамтран мөнгө олон ажил хийж, хөдөлмөрийн амтанд оруулах хэрэгтэй юм шүү. Жишээлбэл нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхам (David Beckham) өөрийн том хүүг дөнгөж 14 нас хүрмэгц нь л цагийн ажил хийлгүүлж, мөнгөний үнэ цэнийг таниулж байсан гэдэг.
6
Мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх
Тэднийг жоохон гэж гололгүй мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөнгийг хамаагүй үрж, хуримтлал үүсгэж чадахгүй хүүхдүүдийг ирээдүйд хөлөө олж, хөрөнгө чинээтэй нэгэн болно гэж найдах хэрэггүй. Харин та л зөвхөн хүүхдээ сайн сайхан амьдрах зөв замыг нь зааж өгч чадна. Тэднийг ямар байдлаар хадгаламж үүсгэхийг зөвлөж, хураасан мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйлс авах хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай. Хэрвээ хүүхэд тань өөрийн авахыг хүссэн зүйлийнхээ төлөө мөнгөө хурааж чадаж байвал амжилт гэж ойлгох хэрэгтэй.
7
Авьяасыг нь нээн илрүүлэх
Хүн бүрт нуугдсан ямар нэгэн авьяас гэж байдаг. Гэхдээ түүнийг нь нээн илрүүлж, чигийг нь зааж өгөх хамгийн чухал билээ. Өөрт нуугдан байгаа тэрхүү авьяасаа мэдэлгүй, мэдсэн ч нээж амжилгүй явсаар амьдралаа уйтгартай өнгөрүүлэх хүмүүс тун олон байдаг нь харамсалтай. Харин түүнийг нь арчин тордож, улам хөгжүүлж өгөх үүрэгтэй хүмүүс бол эцэг эхчүүд юм. Та ч бас хүүхдийнхээ авьяасыг нээн илрүүлж, цаашид ч үүнийг нь хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулаарай.
8
Нийгэмд хөлөө олох
Бусадтай харилцах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй хүүхдүүд маш элбэг байдаг. Тэдний энэ байдал нь ирээдүйд өөртөө итгэлгүй, бүрэг нэгэн болгох аюултай байдаг юм. Иймд та хүүхдээ дээрх байдалд хүргэхгүйн тулд багаас нь нийгмийн амьдралд идэвхтэй байлгаж, бусадтай чөлөөтэй харьцаж, өөрийн бодлыг илэрхийлэх чадвартай болгох хэрэгтэй. Ингэхдээ олон нийтийн үйл ажиллагаанд хүүхэдтэйгээ хамт оролцож, хүүхдээ дугуйланд явуулж олон найзтай, нээлттэй нэгэн болгохыг зориглоод үзээрэй.
9
"Аз" гэдэг зүйл бэлэн байдаггүйг ойлгуулах
Азанд итгэж найдан суух хүн бол хамгийн арчаагүй үйлдэл хэмээн тодорхойлдог. Харин та хүүхдээ азанд итгэдэг биш азаа өөрөө бүтээдэг болгохыг зорих хэрэгтэй. Ингэхийн тулд тэдэнд мэдрэмж, ухаан болоод эрсдлээс үл эмээх чадвар хэрэгтэй аж. Та ч гэсэн хүүхдээ багаас нь ухааруулж, чадварлаг нэгэн болгох суурийг нь тавьж өгөөрэй.
10
Гэрийн даалгаврыг үргэлж анхаарах хэрэггүй
Энэ нь тэдэнд хэр их итгэдэг болохоо илтгэж буй хэлбэр юм. Ингэснээр багаасаа биеэ даасан нэгэн болгож төлөвшүүлж, бусдаас хараат бус, өөрөө бүхнийг хийдэг хүчирхэг болж торниход нь тусална. Мэдээж энэ нь маш сайн хэрэг бөгөөд хэн нэгний гарыг харж суух биш хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, бүхнийг бүтээх чадалтай, чадвартай болох боломж байгааг илтгэнэ.
Харин та хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?