1
Зөв бодлоор өөрийгөө цэнэглэх
Эерэг, сайхан бодлуудаар өөрийгөө цэнэглэх нь юу юунаас илүү хамгийн чухал зүйл юм. Хэрвээ та ингэж чадвал таны ажил үйлс, үйл хэрэг төд удалгүй бүтээд л ирнэ. Зөв бодолтой хүний амьдралын зам хүртэл гэрэл гэгээтэй байж, саад бэрхшээл тэр бүр тааралдаад байх нь юу л бол...
2
Өөрийгөө зоригжуулах
Хүн гэдэг амьтан төгс төгөлдөр нэгэн биш учраас амьдралд алдаж, онох зүйл бишгүй дээ л нэг тохиолддог нь амьдралын жам гэлтэй. Тэр бүрт өвдөг сөхөрч, сэтгэл санаагаар унаж, бууж өгөхөөс илүүтэйгээр сөрж зогсдог байх хэрэгтэй бөгөөд үүний тулд танд өөрийгөө зоригжуулж, асуудлыг шийдвэрлэх ухаан хэрэг болох нь дамжиггүй юм. Түүнээс гадна таныг таниас өөр хайрлах хүн байхгүй гэж үг байдагчлан өөрийгөө өдөр тутам урам зоригоор тэтгэж, зоригжуулж байгаарай.
3
Суралцах
Нэгэн хэвийн амьдрал хэнд ч гэсэн сайхан санагдахгүй шүү дээ. Тиймээс өөр шинэ зүйл рүү тэмүүлж, амьдралаа болон өөрийгөө өөрчлөх гээд үзээрэй гэж танд зөвлөх байна. Шинэ бүхэн танд дүүрэн эрч хүчийг бэлэглэж, амжилтанд хүрэх хүсэл тэмүүллийг чинь улам бадраах болно. Тэгээд ч хүн гэдэг амьтан амьдралынхаа туршид суралцсаар байгаад үхдэг гэж ярих нь ч бий. Тэгэхээр сурахаас хэзээ ч бүү татгалз.
4
Зөв хандлагатай болох
Аливаад хандах хандлага гэдэг өөрөө олон зүйлийг илэрхийлж байдаг бөгөөд төдий чинээ хүний мөн чанар, зан характер, үзэл бодлыг давхар илтгэж байдаг гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Тиймээс та амьдралаа эрч хүчтэй болгохыг эрхэмлэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийнхөө хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм. Үүний дараа амьдрал чинь эрч хүчээр цэнэглэгдэж, ертөнцийг өөрөөр харах болно.
5
Биеэ хөгжүүлэх
Хэрэв та нэг л амьдралын идэвхигүй, бүх зүйлсээс уйдаж байвал фитнест явж биеэ хөгжүүлээд үзээрэй. Хөлс хүчээ дуслуулж, үр дүнгээ үзэх төдийд та цоо шинэ эрч хүчийг өөртөө хуримтлуулах аж. Энэ нь танд урам зориг хайрлаж цааш ахих хүслийг өдөөж өгөх бөгөөд нэгэн хэвийн уйтгартай байдлаас ангижруулна.
6
Бусадтай харилцах
Нийгмийн идэвхи сайтай, бусадтай үзэл бодлоо солилцож, асуудлаа илэн далангүй ярьж байх нь эрч хүчийг танд бэлэглэж, шинэ бүхнийг нээн гаргаж ирдэг юм. Магадгүй та аливаа зүйлсэд бууж өгөн, шантарч, аз жаргалгүй болсон тохиолдолд бусадтай харилцаж, зовлон зүдгүүр, үзэл бодлоо илэн далангүй хуваалцан, түүнээс зөвлөгөө аваад үзээрэй. Ганцаараа бухимдаж суухын оронд ойр дотны хүмүүстэйгээ ярилцах нь таныг эрч хүчээр сэлбэж өгнө.
7
Зорилгоо тодорхойлох
Зорилго, мөрөөдөл, тэмүүлэлгүй хүн бол зүгээр л нэг хоосон, хөндий нэгэн гэсэн үг юм. Тиймээс яг одоо өөрийн зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө алхам алхмаар тэмцэх хэрэгтэй аж. Та өөрийн мөрөөдлөө олоод авчихсан байхад л хэцүү зүйлс тохиолдсон ч түүнийг давах хүчтэй болж хувирдаг аж. Мөн энэ нь амьдралын утга учрыг танд мэдрүүлж, эрч хүчийг нэмэгдүүлж өгөх төдийгүй хүн байхын учрыг өдөр бүр хэлж өгөх түшиг тулгуур тань болох юм.
8
Сайхан хайртай учрах
Дэлхийн хамгийн гайхалтай зүйл бол хайр төдийгүй амьдрал хайр дээр тогтдог гэдэг үг ч бий. Хайр нь хүн бүрийг шинээр төрүүлж, аз жаргал, эрч хүчийг бэлэглэж байдаг билээ. Өдөр шөнөгүй зөвхөн түүнийхээ тухай бодож, өнгөт хорвоог өөр нүдээр харах боломж нээгддэг юм. Сайхан хайр нь саар бүхнийг таниас хөөн зайлуулж, амьдралын амт, хамгийн сайхан бүхнийг авч ирэх болно.
Та амьдралаа яаж эрч хүчээр сэлбэдэг вэ? Бидэнтэй шалгарсан аргуудаасаа хуваалцаарай.